ИХ ГОВИЙН ГАРНИЗОНД

0

 

/тэмдэглэл/

Монгол улсын Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг бол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад голлон чиглэгддэг.

Мөн үндсэн чиг үүргээс гадна тайван цагт эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах, улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах, дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх, улсын онц чухал обьектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн энхийн цагт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болдог.

Буурал түүх, хувь заяаны эрхээр мандан бадарч, задран бутарч, харийн түрэмгийлэгчид Монгол орныг эзлэн, дарлаж байсан түүхэн үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Монгол цэрэг яндашгүй гавьяа байгуулж ирсэн.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатарлаг эх орончдын дайчин уламжлалыг үргэлжлүүлсэн Их жанжин Дамдины Сүхбаатар тэргүүтэй Ардын журамт цэргийн Алтанбулаг-Шивээ Хиагтад 1921 оны 3 дугаар сарын 18-нд хийсэн түүхэн ялалтын явцад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн бий болжээ.

Улс үндэстнээ харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төр улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалын эхлэлийг тавьж, өнөөгийн хөгжил дэвшлийн үндэс болсныг хойч үе нь бөхөөлгүй бадрааж, олон улсын Зэвсэгт хүчний жишигт хүргэснийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчид жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Хүннү гүрнээс эхтэй анхны төрт улсын үеэс “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээсэн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 болон 1945 оны дайн, тулалдаан, хил хязгаараа тохинуулахын төлөөх тэмцэл, тулгаралт, байлдааны явцад хатуужин бэхжиж, энх цагийн бүтээн байгуулалтад Монгол цэрэг нэр төртэй оролцож ирлээ.

Зэвсэгт хүчний өнөөгийн өнгө төрх, үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт, бүтээл бүхэн нь эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид болон батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Монгол айлд хүүгээр бүл нэмэхэд “Эх орноо манах эр цэрэгтэй боллоо” хэмээн бэлгэшээдэг. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил Монгол цэрэг нуруундаа үүрч, өнөөгийн бидэнд буухиалан хүргэсэн.

Эр цэргийн алба бол эр хүн бүрийн бахархалтайгаар хаах ёстой алба мөн.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангадаг.

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг.

Манай аймгийн хувьд мөн ялгаагүй ийнхүү цэрэг татлагыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад алба хааж байгаа цэргүүдээ эргэдэг уламжлал тогтоод байна.

Өнгөрөгч 7 хоногт Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Цэргийн штабын нууц архив, бичиг хэрэг, тоо бүртгэл хариуцсан офицер, дэд хурандаа Л.Болд нар Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад Цэргийн жинхэнэ албаны 2018 оны цэрэг татлагаар Орхон аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагчдаа анги салбар дээр нь очиж эргэлээ.

Хан-Уул дүүрэгт байрлалтай ЗХ-ний 013-р ангид алба хааж буй цэргүүдээ Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, тоо бүртгэл хариуцсан офицер дэд хурандаа Л.Болд нар очиж ар гэрээс нь илгээсэн зүйлс болон Орхон аймгийн Засаг даргын бэлгийг тус бүрт нь гардуулан өгсөн билээ. Зэвсэгт хүчний 013 дугаар анги нь хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит холбооны анги юм.

Хошууч генерал Р.Гаваа нь Цэргийн ерөнхий дээд сургуулийн Холбооны тэнхимийн дарга, Монголын Ардын Армийн Холбооны цэргийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбооны газрын дарга, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын Тэргүүн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм. МҮОНТ-ийн бүтээсэн “Тусгай салаа” олон ангит уран сайсны киноны зураг авалтыг тус ангид хийсэн гэдгээр нь иргэд мэднэ.

Үүний дараа нь ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” ЗХ-ний 120-р ангид хүрэлцэн очсон. Энэхүү ангид ойролцоох цэргийн хүрээний ЗХ-ний 014, 016, 119, 311, 326 дугаар ангиудад алба хааж буй цэргүүдтэйгээ нэгдсэн уулзалт хийж гарын бэлэг гардуулсан. Энэ үеэр аймгийн удирдлагууд цэргүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин С.Ариун-Эрдэнэ мөн ая дуугаа өргөснөөс гадна ЗХ-ний 120-р ангийн байлдагч, офицерууд бэсрэг урлагийн тоглолтоо сонирхуулав. Мөн аймгийн удирдлагууд цэргийн гал тогоонд түрүүч, байлдагч нартайгаа хамт хамт үдийн зоог барьсан. Цэргүүд маань амт чанар сайтай хоол хүнс хэрэглэдэг юм байна.

Мөн энэхүү арга хэмжээг Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студи, “Соёмбо” сонины сэтгүүлчид ирж сурвалжилсан.

Нар хэвийж байхад бид Дорноговь аймгийг зорин хүлгийн жолоо заллаа. Зүүнбаян дахь Жанжин Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт ЗХ-ний 336-р ангид алба хааж буй цэргүүд дээрээ очихоор зорьж яваа нь энэ.

Их говийн гарнизон гэгдэж “Амьдралын академи” нэрээрээ алдаршсан Зүүнбаянгийн цэргийн анги Монголын батлан хамгаалах салбарт домог болон хоногшжээ. Хуучин цагт бүхэл бүтэн дивиз байрлаж асан энэ газар олон мянган хийморилог эрс цэргийн албаа хаасан. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийн амьд жишээ болсон олон арван цэргийн нэрт зүтгэлтнүүд Зүүнбаянгаас төрж гарсан.

Шөнө хугаслаж очсон бид ЗХ-ний 336-р ангийн цэргийн буудалд амарч хоноод өглөө нь цэргүүдтэйгээ уулзаж, Орхон аймгийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь ар гэрийнх нь илгээмжийг гардуулав. Энэ үеэр Засаг дарга маань цэргүүдээ ар гэрийнхэнтэй нь ч мөн утасаар яриулаад амжсан. Засаг дарга Д.Батлут өөрөө нэгэн цагт энэхүү Зүүнбаянд цэргийн алба хааж байсан бөгөөд цэрэг байх үеийн сайхан дурсамж нь сэргэж байгаа нь илт.

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа Зүүнбаянд тоглолтоор очоод нэгэн сайхан аялгуу санаанд нь буухад, цэргийн ансамблийн гоцлол дуучин, гавъяат жүжигчин Г.Жанчивт хэлэхэд тэрээр

“Энх төрийн тэргүүндээ сүлдээ дээдлээд

Эх орны манаа алхаж явна аа

Илчит нараа алган дээрээ тосоод

Их говийн гарнизон дуулж явна аа” хэмээн үгийг нь бичиж өгснөөр 1983 онд “Их говийн гарнизон” хэмээх энэхүү сайхан дуу зохиогдсон билээ.

Эрдэнэт хотоос хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд маань зөвхөн зэвсэгт хүчний анги салбаруудад төдийгүй хилийн цэрэгт ч мөн алба хааж байна. Тиймээс бид Багануур дүүрэг дахь Хилийн цэргийн 0252-р ангид алба хааж буй цэрэг дайчидтайгаа мөн уулзаж бэлэг гардуулсан. Хилийн цэргийн инженер техникийн 0252-р тусгай анги бол зарим талаар улсын өндөр нууцлалтай инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир тус ангийн талаар төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл бичих боломжгүй юм.

Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад Цэргийн жинхэнэ албаны 2018 оны цэрэг татлагаар Орхон аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагчдад маань анги нэгтгэлийн удирдлага, хариуцсан офицерууд нь ам сайтай байлаа.

Цэргүүд маань өнгөтэй жавхаатай байсанд, зорьсон хэрэг ёсоор бүтсэнд аймгийн удирдлагууд, цэргийн штабын хамт олон бид ч урам зоригтойгоор Эрдэнэт нутгийнхаа зүг хүлгийн жолоо залсан билээ.

Найман зууны дараа ч дэлхийд нэр алдар нь цуурайтсаар буй Эзэн Чингисийн удам, даян дэлхийд энх тайвныг сахиулахаар энхийн төлөө нэр төртэй тэмцэж буй Монгол цэргийн жавхаа хэзээ ямагт бадрангуй байна.

 

Д.ЦЭНД-АЮУШ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.