СУРВАЛЖЛАГА: Ахмадууд “Насны хишиг”-ээ авахын тулд хоёр өдөр дугаарлаж байна

0

Манай улс жилдээ хоёр удаа 65-аас дээш насны ахмадууддаа “Насны хишиг” олгодог. Тодруулбал, Үндэсний их баяр наадам болон Цагаан сарын баяраар ахмадуудын наснаас хамааран 50-250 мянган төгрөг өгдөг.

Энэ удаагийн “Насны хишиг”-ийг өнгөрсөн даваа гарагаас эхлэн олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан, халамжийн мөнгө авах гэсэн ахмадууд банкны салбар нэгжүүдийн гадна урт дараалал үүсгэжээ. 

Биднийг БЗД-ийн 16 дугаар хороололд байрлах Төрийн банкны салбар дээр өчигдөр өдөр 14.00 цагийн орчимд очиход, гадна нь ойролцоогоор 100 гаруй хүн дугаарлаж байсан юм.

Эх сурвалж: ZALUU.com

-АЖИЛ ТАРАХААС ӨМНӨ АМЖИЖ АВЧ ЧАДАХ ЭСЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА-

Хүйтэнд өглөөнөөс эхлээд дугаарлаж зогссон ахмадууд, “Хэцүү байна. Өчигдөр өдөржингөө зогсоод авч чадалгүй харьсан. Өнөөдөр бас өглөөнөөс хойш зогсож байна. Ажил тарахаас өмнө амжиж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Өчигдөр орой мэдээгээр “Насны хишиг”-ээ авах гээд дугаарлаж байсан хүмүүс ухаан алдаж унасан гээд гарч байна лээ. Энэ их хүнтэй, хүйтэн үед толгой өвдөөд, тэгэхээс ч аргагүй юм байна”  хэмээн ярьж байв.

Харин банкны ажилчид “Одоо харин гайгүй болчихсон байна. Өглөө бүр их байсан. Зарим хүмүүс нь банкны эд хогшил эвдээд, зарим нь бие нь өвдөөд ухаан алдаж унасан. Өглөө ирэхэд үүдээр дүүрэн хүнтэй бид нар ажил руугаа орж чадахгүй байсан” гэв.

Тиймээс бид гадна дугаарлаж зогссон ахмадуудын сэтгэгдлийг сонслоо. 

-“НАСНЫ ХИШИГ”-ИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨ АВАХ ГЭЖ ХОЁР ӨДӨР ДУГААРЛАЖ БАЙНА”

Ахмад настан Ц.Оюунцэцэг, “Насны хишиг гэж 50 мянган төгрөг авдаг. Өчигдрөөс /уржигдар/ хойш л дугаарлаж байна. Өчигдөр /уржигдар/ ирээд өдөржингөө зогссон ч санхүүжилт ороогүй гээд нэг ч хүн авч чадалгүй тарцгаасан. Өнөөдөр  /өчигдөр/ харин хэсэг хэсгээр нь оруулаад өгч байна. Гэхдээ л олон хүн байгаа болохоор их удаан байна. Би өглөө эрт 07.00 цаг өнгөрөөд ирсэн. Дараалал их байгаа болохоор өглөөнөөс хойш орж чадсангүй. Ард иргэд үнэндээ хүнд байна шүү. Даараад хэцүү байна. Өчигдөр  /уржигдар/ ирэхэд санхүүжилт ороогүй гээд буцаад явсан.

Ахмад настан С.Бямбасүрэн, “Өчигдөр нэлээн оочерлож байгаад буцсан. Капитал банкнаас мөнгөө авдаг байсан ч Төрийн банк руу шилжчихсэн. Санхүүжилт нь өнөөдрөөс л орж байна. Халамж нь бас ороогүй байна гээд ярьж байна. Сар шинэ болох гэж байхад 50 мянган төгрөг их нэмэртэй шүү дээ. Адаглаад л тавгийн чихэрээ авчихна. Тиймээс дугаарлаж байгаад л авна даа.

-ТӨРИЙН БАНК НАСНЫ ХИШИГ, ЦАЛИНТАЙ ЭЭЖ, ОДОНГИЙН МӨНГИЙГ ОЛГОЖ БАЙНА-

Харин дараа нь бид офицеруудын ордны Төрийн банкны салбар дээр очсон юм. Өмнөх салбарыг бодвол доторх зай талбай ихтэй болохоор ч тэр үү. Гадна нь дугаарласан хүмүүс байгаагүй юм. Банкны ажилтны хэлснээр, Тус салбараар зөвхөн насны хишиг, цалинтай ээж, одонгийн мөнгийг л олгож байгаа бөгөөд бусад халамжийн мөнгийг энэ сарын 25-наас олгож эхлэх юм байна. Мөн ачаалал ихтэй байгаа учраас 25-ныг хүртэл тогны мөнгө тушаах гэж ирсэн иргэдийг хүлээж авахгүй гэсэн юм.

 Ахмад настан н.Жавзан, “150 мянган төгрөг авдаг. “Насны хишиг”-ээ авах гэж төрийн банкны хоёр ч салбараар орж үзээд  хамгийн сүүлд нь энд ирлээ. Энд хүн гайгүй байна. Бусад салбарууд нь дугаарлаж зогсоод мөнгөө авах нь байтугай хөл гишгэх ч зай, талбай байхгүй байна. Тэглээ гээд төрөөс өгч байгаа хишгийг авахгүй байж бас болохгүй юм. Тэгээд л банк хэсээд дугаарлаж сууна даа.

Ахмад настан а.Дэлгэр, “Би ирээд удаагүй байна өө. Нэг дэх өдөр ирэхэд санхүүжилт ороогүй байна гээд буцаасан. Өмнө нь Капитал банкнаас мөнгөө авдаг байсан. Уг нь Төрийн банкнаас гадна бусад банк адилхан үйлчилгээ явуулбал хэн хэндээ ачаалал бага болов уу гэж бодож байна.

Ахмадууд “Насны хишиг”-ээ картаар авдаг эсвэл бүх банкны салбаруудаас авч болдог болмоор байгаагаа ийнхүү онцолж байсан юм. 

Тиймээс бид энэ талаар Төрийн банкны мэргэжилтнээс тодрууллаа.

-“Насны хишиг”-ийг өнгөрсөн даваа гарагаас олгож эхлэх ёстой байсан ч хугацаандаа олгож эхлээгүйгээс болж урт дараалал үүслээ гээд иргэд ихээхэн бухимдалтай байна. Яагаад хугацаандаа олгоогүй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилээс “Насны хишиг”-ийн мөнгийг улсын төсөвөөс олгодог болсон. Үүнтэй холбоотойгоор зарим нэг данс, функц нь өөрчлөгдсөн учраас дүүргүүд дээр тохиргоо хийх шаардлагатай болоод хугацаандаа олгож чадаагүй. Одоо бол хэвийн олгож байгаа. 

-“Насны хишиг”-ээ дансаар авах боломж бий юу?

-Халамжийн мөнгөний санхүүжилт нь зарим тохиодолд дутуу орж ирдэг. Тухайлбал, 30 мянган хүнд олгох ёстой байтал 10 мянган хүнд олгох санхүүжилт орж ирдэг. Тэгэхээр яаж хувиарлах вэ гэдэг асуудал үүсдэг.  Өөрөөр хэлбэл, 10 мянган хүний данс руу хийчихээр бэлнээр авах гээд ирсэн хүмүүстээ өгөх мөнгөгүй болчихно. Тиймээс яг авах сигментдээ хүртээмжтэй байлгахын тулд бэлнээр өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.

Зөвхөн танай банкаар биш бусад банкаар бас олгож болдоггүй юм уу?

-Өмнө нь Капитал банк болон бусад банкуудаар олгодог байсан ч банкиндаа ямар ч ашиггүй байдаг гээд бүгд олгохоо больчихсон болохоор зөвхөн манай банкаар олгож байна. Энэ нь урт дараалал үүсэх шалтгаан болж байна.

Т.Гэрэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.