МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

0

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРЫН талаар мэдвэл зохих зүйлс

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж ярьдаг.

Хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран зарим хүн ямар өвчнөөр өвдсөнөө тоолгүй орхисоор эмч, эмнэлгийн байгууллагад оройтож хандах, дур мэдэн гэрээр эмчилдгээс болж энэ хүнд өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж хожимддог явдал гарч байна. Тиймээс та энэхүү мэдээллийг анхааралдаа аван уншиж танилцахыг зөвлөж байна.

Менингококк (Neisseria meningitidis) гэдэг “нян”-г анх 1887 онд эмч, судлаач А.Вейксельбаум менингитээр өвдсөн хүний нугасны уснаас ялган гаргаж, нарийвчлан судалсан байдаг. Менингококк дотроо А, В, С, D, Z, X, Y гэсэн олон хэлбэртэй байдгаас өвчний дэгдэлтийн хэлбэр нь гол төлөв А хэлбэрийн менингококктой холбоотой байдаг.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тиймээс 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.

Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардагаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ.

Менингококк халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлсэнээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлох өөрчлөлт тод илэрч гарсан байдаг.

Халдварлалт

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг.

Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

Менингококкын халдварын төрөл

Түгмэл 3 хэлбэр нь

  1. Менингококцемия
  2. Менингит
  3. Менингоэнцефалит

Менингококкцемия

Энэ үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ. Өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг.

Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт. Цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар, мөч, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн  хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ. Булчингаар өвдөх шинж илэрнэ.

Менингит

Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг.

Менингит нь жихүүдэс хүрэх, огцом өндөр халуурах /38-39/, хөөрлийн байдалд орох, тайван бус болох, татагнах шинж тэмдэгээр эхэлнэ. Толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болно. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох. Эхний хоногийн сүүлээс менингитийн шинж тэмдэг илэрнэ, үүнд: дагзны булчин хөших, Кернигийн шинж тэмдэг буюу өвдгөөр нь нугалсан хөлөө тэнийлгэж чадахгүй байх, Брузинскийн шинж тэмдэг буюу эрүү цээжинд хүргэхэд хөлөө өвдгөөр нь нугалах.

Мөн дэмийрэх, шөрмөс татах, үе мөч салаглах шинж тэмдэг илэрч болзошгүйгээс гадна хөхүүл хүүхдийн зулай нь товойж, чангарах, лугшихаа болих шинж илэрч магадгүй. Өвчилсөн хүмүүсийн 50% нь өвчний 2-5 дахь өдөр нь их хэмжээний үсэрхийлсэн тууралт, арай цөөн тохиолдолд бэржрүүт тууралт /жижиг цус хуралт/ гарна. Тууралт нь од хэлбэртэй, үе мөчний их биенээс хол хэсэгт, өгзөг, их биеийн хажуу хэсэгт гарна.

Менингоэнцефалит

Толгой хүчтэй өвдөнө, эргэнэ, дотор муухайрч бөөлжинө, нүд, дагзруу  өвдөнө, өндөр халуурч чичирнэ, артерийн даралт ихсэнэ, ЭКГ өөрчлөгдөнө. Ухаан санаа өөрчлөгдөж голомтот шинж тэмдэг гарна.

Ховор тохиолдох хэлбэр нь

  • Зүрхний булчингийн үрэвсэл
  • Үений үрэвсэл
  • Нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл

Байршмал хэлбэр нь 

  • Нян тээгч
  • Хамар залгиурын үрэвсэл

Хүндийн зэргээр нь хөнгөн, дунд, хүнд ,нэн хүнд.

Эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг, архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилна.

Эмчилгээ

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед эмчид нэн яаралтай үзүүлж, эмнэлгийн туслалцаа авбал өвчнийг эмчлэх боломжтой. Эмчид үзүүлэх, эмнэлэгт хандалгүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх зэргээр цаг алдвал үхэлд хүрэх аюултай гэдгийг анхаараарай. Өвчний үед хэрэглэх эм тариа, тун зэргийг зөвхөн эмч заана.

– Хүүхдийг дэлгүүр, зах гэх мэт олон хөлийн газраар дагуулж явахгүй байх.

– Цэвэр агаарт гарах

– Амин дэм уух зэргээр дархлааг бэхжүүлэх

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
  • Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
  • Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
  • Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.