Татварын багц хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт 4790 хүн оролцсон байна.
Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авав.
Ч.ХҮРЭЛБААТАР: ТАТВАРААС ЗАЙЛСХИЙДЭГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ хуулийн төслөөр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой гэж үзээд дэнчингийн мөнгө тавьж байгаа. Татвар төлөх ёстой. Янз бүрийн торгуулиа бас төлөх ёстой. Гэтэл аль болох татвараа төлөхгүй байх арга хэмжээг авч, арга эв олдог, танил тал ихтэй хүмүүсийн нөхцөл байдлыг зогсоох заалт оруулж ирсэн” гэлээ.
Б.ЗАЯАБАЛ: ИРГЭДИЙН ТАЛОН АВАХ ИДЭВХИЙГ СЭРГЭЭСНЭЭР УЛСЫН ТӨСӨВ 2.2 ИХ НАЯДЫГ ДАВЛАА
ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал “Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем (ТУНС) нэвтрүүлнэ. Хувь хүний бүртгэл 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Үүний хүрээнд иргэний цэнхэр дэвтэр цахим болохоос гадна оршин суугч бус гадаадын иргэнийг бүртгэнэ. Хуулийн этгээд татварын албанд биеэр очих шаардлагагүй, цахим хувийн хэрэг үүсгэнэ. Шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сургалт, зөвлөгөөг харьяалах татварын алба сар бүр өгнө. Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. ТУНС-д нэвтэрснээр цахим тайлангийн системийн хүндрэлүүд шийдвэрлэгдэнэ. Алдаатай тайланд зөвлөмж өгч засах боломж олгоно. ТУНС нь хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн ирүүлсэн тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын гурван хоногийн дотор зөвлөмж хүргүүлнэ.
Мөн тайлангийн залруулгыг цахимаар хийнэ. Гадаад улсад төлсөн татварыг төлөх татвараас хасах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ. Зөрүүгийн шинжилгээ судалгааны үр дүнгээс харахад, урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байгааг шийдвэрлэнэ. ТУНС-ын эрсдэл тооцох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж хяналт шалгалт хийх шаардлагатай эсэхийг тогтоож улмаар эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй. Бичил, жижиг татвар төлөгчдөд цахим хяналт шалгалтыг нэвтрүүлнэ. Нэгдүгээрт бүртгэл дээр суурилсан татварын систем эдийн засагт өгөөж авчрах нь сүүлийн хоёр жил ил тодорхой болсон. Хоёрдугаарт, шударга ёсыг хангах уу гэдэг асуудал. Манай улсын эдийн засаг 2021 оноос өнөөгийнхөөсөө хоёр дахин томорно. 10 жилийн дараа гэхэд нэлээн өссөн байна гэж тооцоолоход тэр үед шинээр батлагдах уг хуулийн төсөл өсөлтийн эдийн засгийн татварын системийг хангаж чадах уу гэдэг асуудал тавигдана.
Орлогоо олох нь татвараа төлье, татвараа төлөх нь зах зээлээ эзэгнэе гэдэг бизнесийн шударга зарчмыг олон нийтийн зүгээс тавьдаг. НӨАТ-ын системийн хүрээнд 402 сая талон хэвлэсэн. Иргэдийн талон авах идэвхийг сэргээснээр улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд хялбаршуулсан тайланг өгдөг болсноор тоог нь өсгөнө. Татварын багц хуулийн төслөөр ААН-үүдийн хувьд компани бий болох, өсөж хөгжиж, өтлөх гэсэн энэ гурван үечлэлийг маш сайн хамруулсан заалтууд орж ирсэн. Нөгөө талаар ХХОАТ орон нутгийн санг бүрдүүлдэг. Уг хуулиар аль болох хувь хүний орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээс гадна хөнгөлөлт, буцаан олголтыг НӨАТ-ын буцаан олголт шиг маш хурдан өгдөг болгох ёстой. Татварын бүртгэлийн систем ажилласнаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд түшиглэсэн Төв Азийнхаа бүсэд хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй улс болно” хэмээв.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана,
Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,
Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.
ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД
Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
ХХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД
Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.
Эх сурвалж: MEDEE.mn