С.Ганцогт: Хийгдэж буй эдгээр ажлууд маань иргэнд үлдэцтэй, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд бодит хувь нэмэр болж байгаа

0

“ТАНЫ АМЬДРАЛ СОНИНЫ НИЙТЛЭЛЭЭС”

Манай энэ дугаарын “Ярилцъя” булангийн зочноор  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Сайнбилэгийн Ганцогт уригдлаа.

Тодотгол:  Орхон аймгийн  Баян-Өндөр сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 9 бүлэг, 147 арга хэмжээгээр төлөвлөн 91%-тай  хэрэгжүүлэн ажиллажээ. “Эко Баян-Өндөр” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 2018 онд жимс жимсгэнэ тариалах төслийн хүрээнд иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж Булган аймгийн Бугат сум, Говил багийн Баянцагаанд тариалалт хийгджээ. Мөн уг төслийн хүрээнд “Жимс жимсгэнэ боловсруулах” цех,  “Ногоон ургамлын үйлдвэр”, “Багсармал тэжээлийн үйлдвэр”, Артишокны  цайны үйлдвэрлэл”, “Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл” зэрэг жижиг үйлдвэрүүдийг бойжуулж, хувийн хэвшлээ дэмжин ажиллаж иржээ.

– Та өөрийн намтраас товчхон танилцуулахгүй юу?

– Миний бие 1980 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Эхээсээ наймуулаа. Эрдэнэтдээ  10 жилийн 5-р дунд сургуулийг 1998 онд төгсөж, 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг  механик  инженер мэргэжлээр, 2007 онд МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр, 2008 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд ОХУ-д Уралын холбооны их сургуулийг  Үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2003 оноос Эрдэнэт үйлдвэрт засварчнаар ажлын гараагаа эхэлж, ээлжийн мастер, эдийн засагчаар 14 жил ажилласан, 2012 онд Баян-Өндөр сумын ИТХ-д, 2016 онд Орхон аймгийн ИХТ-д төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргаар томилогдон ажиллаж байна.

– 14 жил ажиллана гэдэг горнякуудаас чамгүй зүйл сураа биз?

– Үйлдвэрт ажилласнаар хариуцлага, цаг ашиглалтыг баримталж сурсан.

– Таныг  засгийн ажлыг авсны дараа өглөө 6 цагт ажилдаа ирж, орой 12 цаг өнгөртөл ажилладаг байсан гэж олны амнаас сонссон?

–  Иргэн бүрт тулгамдаж байгаа асуудал бүрийг судлан төрийн бодлого болгон хэрэгжүүлэх гүйцэтгэх анхан шатны нэгж бол сум, баг. Иргэн бүрийн тусын тулд төр оршдог. Энэ олон мянган иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдэхгүй чадахгүй зүйлээ судлах ажлаа өөрийн болгох, Төрийн албаны хууль тогтоомж, тушаал шийдвэр, нэг багт ажиллах хүмүүстэйгээ танилцах гээд  зайлшгүй суух шаардлага гарч байсан

– Суугаад юу олж харав?

–   Юун түрүүнд бид иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчилгээгээр хангах бололцоог хайсан. Төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийн уялдаа холбоог сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулсан.

– Танай баг хоёр жилийн хугацаанд чамгүй үр дүнтэй сайн ажиллажээ. ЭКО “Баян-Өндөр” төслийн хүрээнд иргэдийн амьдрал, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн өөр ямар ажлуудыг хийж байна?

– Орхон аймгийн Засаг даргын санаачлагаар Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд бид үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэж буй ажлууд, ард иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай, иргэдийн амьжиргаанд хэрэгтэй олон ажлуудыг дэс дараатай  эрэмбэлэн  хийгээд явж байна.

Иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх тал дээр ахиц гарсан. Цаашдаа цахим сум, цахим баг болгох бодлогын ажлууд хийгдээд явж байна. Ая тухтай ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх хүрээнд бид өнгөрсөн жил зургаан багийн тохижилт засвар үйлчилгээг хийсэн. Энэ жил гурван багийн төвийг цогцоор нь бий болгохоор хөрөнгө мөнгөө төлөвлөсөн. “Цогц төв” гэдэг нь төрийн үйлчилгээ иргэдэд  ойртуулах зорилгоор эмнэлэг, цагдаа, соёлын төв, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг иргэний танхим түүнчлэн багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгч нь бүгд нэг дор ажиллах нөхцлөөр хангагдах юм.

Бид Эко Баян-Өндөр төслийг шат дараатайгаар хэрэгжүүлэн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, ажлын байрыг бий болгох, орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж брэнд бүтээгдэхүүн бий болгохоор  ажиллаж байна. Малын тэжээлийн будаа, овьёосыг өвлийн хүлэмжинд тариалсан. Үүнийгээ бид “Ногоон ургамлын үйлдвэрлэл” гэж нэрлэж байгаа. Эндээс хүнсний соёолж гэдэг хорт хавдрыг илааршуулдаг эмчилгээний зориулалтай бүтээгдэхүүн гаргаж байна. Бас артишокны  цай  үйлдвэрлэсэн. Мөн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулж иргэдийн хүнсний хэрэгцээг хангаад явж байгаа. Ингээд бидний эхэлсэн ажил хөдөлмөрийнхөө үр шимээр хөгжих, хоол хүнсний аюулгүй байдлаар эрүүл мэндээ хамгаалах, аюулгүй амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтынхаа ажлыг чиглүүлж  амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Цаашид айл өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилго тавьж ажиллаж байна.  Хийгдэж буй энэ ажлууд маань иргэнд үлдэцтэй, наалдацтай амьдрал ахуйг нь дээшлүүлэхэд чиглэгдэж тэдэнд үр шимээ өгч байвал бидний зорилго биелэлээ олж байна гэж үзнэ дээ.

– Эко Баян-Өндөр төсөлд хамрагдах, тэр дундаа жимс жимсгэнэ тариалах иргэдэд хэрхэн ямар шаардлагыг тавьдаг вэ?

– Төслийн хүрээнд 1300 иргэн жимс, жимсгэнэ тариалсан. Бид нэг л шаардлага тавьж байгаа. Энэ нь арчилж, ургуулж чадсан нь жимсний суулгац, газраа үнэгүй авах, чадаагүй нь төслийн хүрээнд худалдаж авсан суулгацын мөнгийг буцаан төлөх болзол тавьсан. Нэг айлд 20 ширхэг суулгац өгсөн. Бүлгийн зохион байгуулалтанд оруулаад 10 айл нэг бүлэг болоод 200 ширхэг модтой 36×52 хэмжээний газартай болж байгаа юм. Өнгөрсөн жил 50 бүлэгт 500 ширхэг мод олгосон. Тэдгээр иргэд жимс, жимсгэнийхээ хэрэгцээг өөрсдөө хангаад байх бололцоотой болсон байна. Ингээд жимс, жимсгэнэ тарьсан иргэдээ дэмжээд жимс боловсруулах цех байгуулсан. Одоо 5 хүн ажиллаж байна.

– ЖДҮ-ийг хөгжүүлэх төслийн хүрээнд олгож байгаа зээл хэдэн хувийн хүүтэй вэ. Зээл эзнээ олж очиж чадаж байна уу?  

– Баян-Өндөр сум дээр СХС-ийн зээл олгогддог. Иргэнд 10 сая, нөхөрлөл хоршоонд 15 сая хүртлэх хэмжээтэй сарын 0,25%-ийн хүүтэй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн ААН хоршоог дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ зээл олголтыг өнгөрөгч оноос эхлэн нээлттэйгээр хэвлэл мэдээллийхнийг  байлцуулж сонгон шалгаруулалт хийж олгож байна. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр ЖДҮ-г дэмжих жилийн 7% хүүтэй зээл, ХОХБХ, Хөдөө аж ахуйн газар  дээр жилийн 12 % тэй зээлүүд байгаа. Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах иргэд ААН-д олгож хяналт тавьж, зөвөлгөө өгч хамтран ажиллаж байна. Цаашид бичил үйлдвэрүүдийг бойжуулаад тэдгээрийн  хоорондын уялдаа холбоог сайжруулсанаар үйлдвэрлэлийг өргөтгөх боломж бий гэж үзэж байгаа.

Та яриандаа айл өрх бүрийг үйлдвэрлэгч болгохыг зорин ажиллаж байна гэсэн энэ талаар?

–  Манай сум хөдөлмөрийн насны 67 мянган иргэнтэй. Үүнээс төрийн байгуулага, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хувийн хэвшилийн томоохон компани аж ахуй нэгжид 20 гаруй мянган иргэд ажилладаг. Хувиараа бизнес эрхлэх, ДЖҮ, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа  олон иргэд байгаа боловч цаана нь ажилгүй иргэд олон байгаа. Тэр хүмүүсийг байнгын ажилтай байлгахын тулд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Аймгийн засаг даргын санаачлагаар ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК ТӨҮГ санаачлан байгуулан олон үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчидийг дэмжиж бойжуулж байгаа жишээлбэл Гагнуурын электродны үйлдвэрлэл 2018 онд 140 сая төрөгийг цэвэр ашигтай ажиллаж, 140 сая төгрөгийг хүүгүй барьцаагүй бичил өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн дэмжиж ажиллаж байна. Мөн манай иргэд Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон холбогдох газруудаас олгогддог хөнгөлттэй зээлд хамрагдахад нь гүүр болж гарц гаргалгааг нь зааж зөвлөж өгдөг. Өнгөрсөн жил Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс 47 иргэнд 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 20 иргэнд 100 сая төгрөгийн ажлын байр буюу худалдаа үйлчилгээ явуулах зориулалтын киоскийг үнэгүй олгосон. Хүүгүй барьцаагүй зээл, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдэд тоног төхөөрөмж ажлын байраар дэмжлэг үзүүлэн ажиллаж нөгөөтэйгүүр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулах суртачилан таниулах, томоохон дэлгүүрүүдэд лангуу түрүүслэх, худалдагчийн цалинжуулах гээд төр дэмжиж ажиллаж байгаа нь бодит үр дүн юм.

–  Баян-Өндөр бол Монголдоо хамгийн их хүн амтай, хамгийн бага газар нутагтай сум гэдэг. Төрийн байгууллагын ажилд хүндрэл байна уу?

– Эрдэнэт бол аймгийн статустай болохоор багийн ачаалал их байдаг.  Хөдөөгийн 2-3 сумын хүн ам манай нэг багт төвлөрч байна гэсэн үг. Нэг багт гуравхан хүн төрийн үйлчилгээ үзүүлж байна. Харин орон нутгаас энэ ачааллыг харгалзан үзэж, 300 хүн тутамд нэг хэсгийн ахлагчийн  орон тоо гаргаад ажиллаж байна. Багийн ажилчид үнэхээр их ажлыг нугалж байгаа. Тиймээс багийг дэмжих дэд хөтөлбөрийг аймгаас санхүүжүүлж энэ хүрээнд багийн засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нараа мэргэшүүлэх,  дадлагжуулах ижил төстэй орон нутгийн удирдлагын ажилтай танилцах талаас нь онцгой анхаарч ажиллаж байгаа. Сумын ЗДТГ газар ажиллаж байгаа нэг мэргэжилтэн 5-6 чиглэлийг ажлын хавсран гүйцэтгэж ачаалалтай ажилладаг.

– Төрийн байгууллагын албан хаагчид иргэдтэй харилцах харилцаан дээр гомдол гарч л байдаг даа?

Төрийн албан хаагч гэдэг төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.  Албан хаагчид хийж чадах ажлаа чадаад, чадахгүйгээ хаана, хэрхэн шийдвэрлэх ёстойг нь зааж өгөөд явуулах хэрэгтэй. Иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн 30 хоногт шийддэг. Гэтэл шийдэх  юм шиг ширээнийхээ нүдэнд 20 гаруй хонуулчихаад сүүлийн хугацаанд боломжгүй юмаа гээд хариу өгдөг байж болохгүй. Үүнээс болж иргэд төрийн байгууллагад гомдсон, үл итгэлцэл үүсдэг. Ажил авсны дараа өрөөний хаалгыг саваад гарч байсан хүмүүс бий. Тэд тухайн үедээ үл ойлголцож байсан хэдий ч яах ёстойг нь зааж зөвлөөд гаргахад дараа уулзаад таны хэлснээр явсан ажил бүтсэн шүү гэж талархсан хүмүүс олон болсон.  Нөгөөтэйгүүр бид иргэдийг чирэгдүүлдэг байдлыг  арилгахын тулд хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Иргэдийн шийдвэрлүүлэхээр ирсэн асуудлын агуулгыг хараад хаана, хэнд хандах ёстойг нь зааж өгч байгаа нь төрийн байгууллагын шуурхай үйлчилгээний нэг хэлбэр. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог бүх шатандаа сайжруулах, тэнд ажилладаг хүмүүсийн харилцаа хандлага, ёс зүйг сайжруулахад онцгой анхаарч байгаа. Манай суманд одоо иргэдийн төрдөө хандсан асуудлыг хуулийн хүрээн дэх 30 хоногийг хүлээхгүйгээр ажлын тав хоногт багтаан шийдэж байгаа. Ер нь цаашдаа өдөрт нь танилцаж газар дээр нь хариуг  өгдөг болно.

– Ингэхэд иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачлага хэр байна вэ?

– Шинэ юм руу тэмүүлэх хандлагтай болжээ гэж бодогдох болсон. Хотынхоо хөгжилд санаа тавьдаг болсон байна. Ахмадуудад би их баярлаж явдаг. Гудамжинд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил хийж байхад, хүрз, жоотуугаа бариад гараад ирж байна. Зарим нь цайгаа чанаад бариад ирнэ. Ер нь ахмад настан гэлтгүй залуу үе иргэний үүргээ ухамсарлаж аливаад гар сэтгэл нийлж оролцохыг илүүд үздэг болсон нь харагдаж байгаа. Гудамжны шавар шалбаагтай замыг хайраг дайргаар хучих шороо асгах, тэгшлэх, явган хүний зам, мод тарих, зам талбай, үерийн суваг шуудуй цэвэрлэх, цас мөс арилгах, тоглоомын талбай харж хандах, арчлах, засварлах гээд олон олон ажлууд дээр Баян-Өндөр сум иргэдтэйгээ хамтран ажиллаж байгаа. Хотыг хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо л чухал. Бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг иргэдийн саналд үндэслэн эрэмблэн жагсаадаг.

– Сая “Малчин” багтай боллоо гэв үү?

– Манай сумын 621 мал бүхий өрх айлтай үүнээс 350 нь гэр хороололд байна. Мал, машин, хүн гурав нэг замаар багталцаж ядан явах, ногоон байгууламжийг сүйдлэх гээд мал, амьтан хотын дүрмэнд аль ч талаараа харшлаад байгаа юмаа. Малчин иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, Мал бүхий иргэд зориулсан малчин хороолол  гаргах, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах цэгийг нэг болгох нөхцөлийг буй болгоё гэсэн бодлогоор сая малчин багийг байгуулсан.

– Тэгэхээр тусад нь газар гаргаж өгөх уу?

– Тэгнэ. Тусад нь газар олгох талаар арга хэмжээ авах юм.  Мал бүхий иргэд тусдаа байх тийм л нөхцлийг бүрдүүлнэ. Монгол улсын иргэнд хуулиараа 0,07 га олгодог түүн дээр 0,03 нэмж тэнд хашаа хороо малын байр нь байх нөхцөлийг бий болгохыг зорьж байна.  Хуулийн хүрээнд иргэдийн ая тухтай нөхцлийг хангах стандартыг бий болгох шаардлагатай. Нөгөө талаар хотын дүрэм бүх иргэдэд үйлчлэх  ёстой. Хотын хүн хотын дүрмээ хэрэгжүүлэх эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож хэвшүүлэхэд  анхаарал хандуулах шаардлага тулгарч байна аа.

– Ер нь аймаг орон нутгийн хэмжээнд нэн тулгамдаж байгаа даруй шийдвэрлэх ямар асуудлууд байна вэ?

– Нэн түрүүнд хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал, ундны ус, хог, агаар, дэд бүтэц \үерийн далан, инженерийн шугам, хүчдэлийн  уналт, гудамж хоорондын зам\ гэх мэт аймгийн ерөнхий хөгжлийн бодлогод онцгой анхаарал татсан эдгээр асуудлуудыг эхнээсээ шат дараалалтай хөрөнгө мөнгөө тусган шийдвэрлэж байгаа.

– Тухайлбал?

– Өнгөрсөн хоёр жил бид дээрх тулгамдсан асуудлаар суурь судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, төрөөс иргэдэд үзүүлдэг 74 төрлийн судалгааг гаргаж  нэн тулгамдсан асуудлуудыг үндэсээр нь гаргасан. Тухайлбал өнгөрсөн жил Баян-Өндөр сум “Хөрсний бохирдлын суурь судалгааг мэргэжлийн судлаачидтай хамтран  хийсэн. Үүний үндсэн дээр гэр хорооллын айл өрхүүд бие засах газраа байгаль орчинд ээлтэй технологоор шийдвэрлэсэн тохиолдолд урамшуулал олгохоор шийдвэрлэж аймгийн хөрөнгө оруулалтад 300 сая төгрөг төлөвлөгдсөн байгаа. Энэ мэтээр хотын доторхи нийтийн жорлонгоо өөрчлөх гэж байна. Энэ нь  хөрсний, орчны, гүний болон гадаргын усны бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шийдлүүдийн нэг болно.  Манайх мах боловсруулах 4 цехтэй. Мал, амьтны гаралтай хог болон хаягдаж байгаа яс, эвэр туурай, үс ноос зэргийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн төрөлжсөн үйлдвэрүүдтэй болох бодол тээж явдаг даа.

– Та сумын иргэддээ юу амлаж чадах вэ?

–  ЭКО “Баян-Өндөр” төслийн хүрээнд Эрдэнэтэд дор хаяж 20 бичил үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулна гэж тооцоолж байгаа. Өнөөдрийн байдлаар зургааг нь ашиглалтанд оруулаад байна. Бичил үйлдвэрлэгчдийг дэмжих бололцоо харагддаг. Орон нутагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Эрдэнэтчүүд өөрсдөө хэрэглэж, бусдад сурталчлан таниулах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр бодлого боловсруулж ажиллана аа.

-За таньд танай сумын баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

– Баярлалаа.

ЗУРВАС: Залуу хүн зорилготой байж, өөрийн болон бусдын  хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж явах шиг сайхан зүйл хаа байх билээ. С.Ганцогт дарга хийж бүтээх идэр насандаа явна. Тэрбээр Эрдэнэтийн ирээдүйг өөдрөгөөр харж байна. Бүрэн эрхийн хугацаанд юу өөрчлөгдөж, ямар бүтээн байгуулалт болох тухай тэрбээр ийн өгүүлж байна. Эрдэнэтэд хүүхэд багачууд, залуучууд, ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэт хотын төв Манжуур хот шиг гэрэлтэй, хоггүй, цэвэр цэмцгэр хот болно. Аюулгүй амгалан тайван орчин бүрдсэн ШУУРХАЙ УДИРДЛАГЫН төв, төрийн байгуулага цахимжсан ухаалаг, үйлчилгээний чанарт дэвшил гарсан, үйлдвэрлэл эрхлэх таатай орчинг бүрдүүлсэн орон нутгийн бренд бүтээгдэхүүнүүд бий болсон ажилтай орлоготой иргэдтэй хөгжлийн түүчээ болсон сайхан хот болно. Тиймээ чин зорилгод хүрэх чин сэтгэл, итгэл байхад юуг ч бүтээж болох билээ.

Сэтгүүлч     О.Эрдэнэжаргал

5
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.