Ц.МӨНХЦЭЦЭГ:МАНАЙХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХАМГИЙН САЙН ХЭРЭГЖҮҮЛДЭГ АЙМГИЙН ТООНД ОРДОГ

0

“ТАНЫ АМЬДРАЛ СОНИНЫ НИЙТЛЭЛЭЭС”: 
Орхон аймаг дахь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх салбарыг бодлогоор хангаж, зангидаж байдаг байгууллага нь ЭМГ юм. 2016-2020 онд Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу явагдаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллаж байна. Ийнхүү Орхон аймгийн ЭМГ-ын дарга Ц. Мөнхцэцэгтэй уулзаж ажил хэргийн талаар цөөхөн хором ярилцлаа.
– Сайн байна уу Та?
– Сайн Та амархан сайн байна уу?
Та ЭМГ-ын даргын ажлыг аваад жил болж байна. Идэр залуус Эрдэнэт хотын аж амьдралыг залж чиглүүлэх цаг нь иржээ. Ингэхэд Та Эрдэнэтийн уугуул хүн үү?
– Үгүй ээ. Би Сүхбаатар аймгийн хүн.

– Ямар хувь тохиолоор Эрдэнэтийн хүн болов. Намтар түүхээсээ товчхон танилцуулахгүй юу?
– Би 2010 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд л Эрдэнэтэд ирсэн. Гэр бүлийн хүн маань ШУТИС-ийг надаас нэг жилийн өмнө төгсөж Эрдэнэт үйлдвэрт ажилд орсноор, би дараа жил нь ирж Эрдэнэтийн хүн болсон доо.
– Ингээд ажилд орох гэж нэлээд юм болов уу?
– Аз гэхээсээ, ерөөл тавилан гэмээр ажлын маань гараа маш сайхан эхэлсэн.
– Эрдэнэт таныг ээлтэй сайхан угтаж дээ?
– Тиймээ. Ажил төрөл минь, цаанаасаа л бүтэмжтэй сайхан эхэлсэн. 2010 оны намар 9-р сард ажил сураад эмнэлэг дээр очсон тэр өдрөө л ажилд орсон. М.Баттүвшин дарга хавдрын эмч хийхүү гэсэн. Тэгье л гэсэн. Тэр үед хавдрын их эмч, жилийн курст явсан нь таарч энэ орон тоон дээр нэг жил ажилласан. Ингээд БОЭТ-д дотрын тасагт, дотрын их эмчээр ажил гэсэн, тэгье л гэсэн. Ингээд дотрын тасагт дотрын их эмчээр ажиллаж байгаад 2012-2014 онд дотрын нарийн мэргэжлийн курс төгсөж, 2017 онд Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр хамгаалсан. Ингээд 2017 оны 2-р сараас Эрүүл мэндийн газарт Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 2-р сард ЭМГ-ын даргаар томилогдсон.
– Ажил албаа их сайхан од хийморьтой эхэлжээ. Ингэхэд Эрдэнэтэд том нөлөө бүхий хамаатан байгаа юм биш биз?
– \инээв\ Үнэхээр надад ямар ч садан төрөл байхгүй дээ.
– Уучлаарай. Одоо чинь, энэ хэний хүн бэ? гэдэг хардлага, шийдвэр гаргах удирдах албан тушаалд очсон, тэр тусмаа залуу бас царайлаг бүсгүйчүүдийг тойрохгүй шүү дээ?
– \инээлдэв\ Тиймээ. Юун хүн хаанаас гараад ирэв, дээрээ их том татаастай хүн байх гэсэн яриа олны дунд байгаа л байх. Намайг их сургууль төгсөж ирэхэд их том итгэл хүлээлгэсэн тухайн үеийн эмнэлгийн удирдлага, энэ албыг хийж чадна гэж томилсон өнөөгийн орон нутгийн удирдлага, олон зуун ажилтан ажиллагсадтай эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ, аймгийн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг дааж ажиллах ёстой гэж хичээж ажиллаж явна даа.
Өнгөрсөн онд, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр орон нутгийнхаа нөөц боломжинд тулгуурлан ямар ажлуудыг зохион байгуулан шийдвэрлэж ирэв?
– Ер нь гол ажлуудаа тоймлоод хэлэх нь зөв байхаа. Юуны өмнө БОЭТ дэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн кабинетуудыг нийгмийн эрүүл мэндийн төв дээр татаж төвлөрүүлснээр өсвөр үе, сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн шүдний асуудал, нөхөн үржихүйн эрүүл мэнд , сайн дурын зөвөлгөө, шинжилгээ, дархлаажуулалт гэсэн чиглэлүүдийг орон нутгийн нөөц бололцоог тулгуурлаж шийдсэн байгаа. Мөн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх нөхцлийг бүрэн хангах чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар орон нутагтаа зохион байгуулалт хийж, түргэн тусламжийн гурван салбарыг нээж, хоногтоо таван түргэний машин дуудлаганд үйлчлэхээр хүн хүчний орон тоо, санхүүжилтийг шийдвэрлүүлэн өргөжүүлж ажиллаж эхэлсэн нь иргэдийн сэтгэлд хүрсэн.
– Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар ажлууд хийгдэв?
– Сум, өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих, ажиллах орчинг бүрдүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах хүрээнд найман өрхийн Эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэхэд хамруулж, даатгалаас нэмэлт санхүүжилт авах боломж нээгдсэн. Ингээд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд маань эрүүл даатгалийн санхүүжилтэнд 100 хувь бүрэн хамрагдаж, дөрвөн төрлөөр эрүүл мэндийн даатгалийн нэмэлт санхүүжилтийг авч байгаа. Үүнд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэхэд даатгалаасаа санжүүжилт авч байна. Хоёрт нь оношилгооний нэр төрөл нэмэгдэж, багцаараа даатгалд хамрагдсан. Гуравдугаарт: Өдрийн эмчилгээг нэвтрүүлсэн. Өрхийн эмнэлэг дээрээ сторь нээлгээд эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж, даатгалаас санхүүжилтийг нь шийдсэн байгаа. Энэ ажил иргэдэд маш их сайшаалтай үйл ажиллагаа болсон. Дөрөвдүгээрт: Сэргээн засах тусламж үйлчилгээ байна. Төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийн ачааллийг бууруулж, сэргээн засах тусламж үйлчилгээний багаж, техник хэрэгсэл, утлагын аппарат, УВЧ шарлагууд, бумба гэх мэт нөхөн сэргээх эмчилгээний чадавхийг бэхжүүлж, даатгалаас санхүүжилтийг нь авдаг болсноор иргэдэд үйлчлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.
– Боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх тал дээр өрхийн сувилагч нараа богино хугацааны сургалтанд хамруулж мэргэшүүлсэн гэсэн?
– Өрх дээр ажиллаж байгаа сувилагч нараа өрхийн мэргэшсэн сувилагч гэсэн чиглэлээр сургаж бэлтгэсэн байгаа. Энэ сургалтыг АШУҮИС-тай хамтарсан гэрээ байгуулж онлайнаар 3 сарын сургалтыг явуулж өрхийн мэргэшсэн сувилагчаар бэлтгэж авсан.
– Өрхийн Эрүүл мэндийн төвүүд стандартын шаардлага хангаж чадаж байна уу?
– Одоогоор дөрвөн эрүүл мэндийн төв стандартын шаардлага хангасан байртай байгаа. Үлдсэн дөрвөн эрүүл мэндийн төвөө зориулалтын байртай болгохоор энэ оны төлөвлөгөөнд оруулсан байгаа. 2019 онд нэг өрхийн эмнэлэг шинээр баригдах эхлэл тавигдана. Мөн хоёр өрхийн эрүүл мэндийн төв цагдаа, багтайгаа цогц байдлаар баригдахаар хөрөнгө мөнгө нь тусгагдсан байгаа.
– 2018 онд улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдсэн томоохон ажлуудаас нэрлэнэ үү?
– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 55-80 хүртэл хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хүүхдийн эмнэлгийн барилга баригдаж ашиглалтанд ороод хагас жил болж байна. Сүрьеэ, сэтгэц наркологийн тасгийн барилгад 268 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварын ажлыг анх удаа хийлээ. Цахилгааны эх үүсвэрүүдийг сольж, сантехник, дулааны асуудлыг бүрэн шийдэж , барилгын дотоод заслыг иж бүрнээр нь шинэчлэн засварласан. Агаарын урсгалыг зөв гольдролд оруулсан нь удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэгчдэд таатай орчин бүрдсэн. Улсын хэмжээнд орон нутагтаа анх удаа эмгэг нярайн тасгийн байгуулж байсан бөгөөд 2017 онд нярайн эндэгдлийг 3,3 дахин, хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулсан амжилтаараа улсдаа сайшаагдсан. Энэ амжилтаа бататган нярайн уушиг тэлэх сурфактант эмчигээг орон нутагт анх удаа нэвтрүүлсэн. Тус эмчилгээнд 30 сая төгрөгний эм тариа нийлэгдэн 19 нярайд амжилттай хийгдсэн. 2018 онд “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд сум өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ-ийн нярай, эх барих эмэгтэйчүүд, дотрын болон төрөлжсөн мэргэжлийн 80 гаруй эмч мэдлэг ур чадвар нэмэгдүүлэх сургалтанд Хятад, Тайвань, Солонгос, Хонконг, Сингапур, Япон, Ирланд зэрэг улсуудад сургалтанд хамрагдаж, ажил мэргэжлийн туршлага солилцлоо. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, дотоод шүүрэл, витамин Д, Кальци, ясны сийрэгжилт тодорхойлох шинжилгээнд 632 хүн хамрагдлаа. Эрүүл мэндийн салбарын 55 эмч ажилтнуудад 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гээд хийж хэрэгжүүлсэн олон ажлуудыг дурьдаж болох байна.
– Аймгийн БОЭТ гэж нэрнээсээ эхлээд л бүс нутгийн хэмжээнд үйлчилдэг том эмнэлэг. Тоног төхөөрөмжүүд бүрэн хангагдаж чадсан уу?
– Хүн амын өсөлт, бүс нутгийн хүн амын хөдөлгөөнөөс шалтгаалаад ачаалал ихтэй ажилладаг учраас тоног төхөөрөмжөө шинэчэлж байх шаардлагатай. Манайд компьютер томографийн аппарат байхгүй байгаа. Бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгаас хангалттай сайн шийдэж өгч байгаа. Компьютер томографитай больё гэсэн асуудлыг жил болгон тавьдаг ч өндөр өртөгтэй тул шийдэгдээгүй л байна.
– Том том хүнд, хүндэвтэр мэс заслийг хийж байгаа юу?
– Түнхний үе буюу өвдөгний үе солих мэс заслийг орон нутагтаа анх удаа хийлээ. Дурангийн мэс заслууд хийж эхэлж байна. Мөн Тархины харвалттай хүнд, бүлэн хайлуулах эмчилгээг анх удаа орон нутагтаа хийсэн. Энэ бүлэн хайлуулах эмчилгээний нэг тарианы үнэ гурван сая байдаг. Энэ тариаг улсын хэмжээнд нийлүүлэх боломжгүй учир аймгуудад хэрэгждэггүй. Ингээд аймагтаа орон нутагт нэвтрүүлье гээд төвөөс мэргэжилнүүд урьж авчран хэлэлцүүлэг зохион байгуулан, орон нутагтаа шийдэх болсон. Энэ онд үргэлжлээд хийгдэнэ. Эмчилгээнд орох хүний тоо, санхүүжилт нь батлагдсан байгаа. Манайх үндэсний хөтөлбөрүүдийг хамгийн сайн хэрэгжүүлдэг аймгийн тоонд ордог. Үндэсний 11 хөтөлбөр, таван стратеги хэрэгжиж байна. Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжлээ. Цаашид 2020 онд элэгний хорт хавдрыг эрс бууруулна гэсэн зорилго тавьж байгаа. Тиймээс илрүүлсэн хүнээ эмчилгээнд хамруулах, мөн хорт хавдрыг эрт шатанд нь оношилж нас баралтыг бууруулахад анхаарлаа хандуулж ажиллахаар бодлогоо толорхойлоод явж байгаа.
-За та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

– Баярлалаа

                                                                                               Сэтгүүлч О.Эрдэнэжаргал

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.