Д.Цагаан-Эрдэнэ: Онцгой дэглэм тогтоосон энэ үед аюулгүй ажиллагааг чухалчилж байна

0

Улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад сахилга бат, дэг журам, аюулгүй ажиллагаа, зөв ёс зүй, өндөр технологи, стандарт, сайн зохион байгуулалт, бүтээмжтэй ажлын арга барил нэн чухал. “Аюул ослоос ангид байя” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс ХАБ-ын чиглэлээр хийгддэг дөрөвдүгээр шатны үзлэгээ эхлүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын орлогч, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй ярилцлаа.


 

– Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан гарсан Ерөнхий захирлын тушаалын хэрэгжилт хэр байна вэ?
– Ерөнхий захирлын тушаалыг үндэслэн ажилчдын сахилга батыг хангах, эрүүл, аятай таатай орчинд, аюулгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарч байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд цех, нэгжийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажилласан. Онцгой дэглэм тогтоосон энэ үед, манай хэлтэс холбогдох нэгжүүдтэй хамтран алслагдсан объектуудын харуул хамгаалалт, жижүүрүүдийн сахилга хариуцлагад хяналт тавьж байна. Онц байдал зарласан гээд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдах ёсгүй. Хаврын улиралд нэг анхаарах зүйл нь гал түймрийн аюул байдаг. Гал унтраах 58 дугаар ангитай хамтран хяналт тавьж байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас Монгол улс даяар энэ сарын 20-21-нд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийх тухай мэдэгдэл ирсэн. Энэ ажлаа хэрэгжүүлж байна. Компанийн хэмжээнд хэвшил болсон нэг том ажил нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны иж бүрэн үзлэг юм. Энэ үзлэгийн ажлын хэсэг нь 22 гишүүнтэй, тэд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Шалгалт Баяжуулах фабрик дээр үргэлжилж байна.

– Оны эхний улирал дуусч байна. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад танай хэлтэс төлөвлөгөөт ямар ажлууд хийж байна вэ?
– Бид өнгөрсөн онд үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, нэгдүгээр сарын 11-нд дүнгийн хурлаа танилцуулсан. Энэ хуралд компанийн төлөөлөл, үйлдвэрийн удирдлагуудаас бүрдсэн 443 хүн оролцож, ажлаа дүгнэлээ. Мөн ажиллагсдын дунд нээлттэй санал авч нэгтгэсэн. Бид дүнгийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 2019 оны ажлаа төлөвлөж, үйлдвэрийн Ерөнхий захирлаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

– Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь уул уурхайд салбарт маш чухал асуудал байдаг. Манай үйлдвэрийн тухайд?
– Бид сүүлийн таван жилийн үйл ажиллагаандаа харьцуулалт хийж, дүнгийн хурлаар танилцуулсан. Эндээс харахад 2017, 2018 онд үйлдвэрийн ослын тоо эрс буурсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байна. Үйлдвэрлэлийн осолд шууд тооцох боломжгүй. Мөн үйлдвэрийн автобус явдаггүй, чиглэл заагаагүй газраас хувийн тэргээр зорчдог ажилчид манайд цөөнгүй. Хальтиргаа гулгаатай өвлийн улиралд эдгээр ажилчдынхаа аюулгүй нөхцөлийг зохицуулах үүднээс хамтарсан гэрээ хийж, зөвшөөрөл олгож ажиллалаа. Ойрын үед хамгаалах хэрэгсэл, халуун хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ажиллагсдаа хангах компаниудыг сонгон шалгаруулна.

– Ажилчдын эрүүл мэндийн чиглэлээр хийж байгаа онцлох ажлуудаас дурьдвал?
– Манай хэлтэс Үйлдэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг. Тухайлбал, үйлдвэрийн ажилчдын халуун хоол,  хор саармагжуулах хүнсний болон сүү сүүн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, витаминжуулдаг. Мөн үйлдвэрийн бүс дэх цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ус цэвэршүүлэх 20 гаруй төхөөрөмж байрлууллаа. Ээлж харгалзахгүйгээр халуун хоолны үнийн 9800 төгрөг болсон нь хоолны чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Манай хэлтэс Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран үйлдвэрийн нийт ажилчдын эрүүл мэндийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

– Ижил төстэй үйл ажиллагаатай, уул уурхайн компаниудтай туршлага солилцох ажлын үр дүн гарч байна уу?
– Манай үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад манлайлж оролцсон ажилчдаа урамшуулж, мөн ХАБ-ын инженерүүдээ бусад уул уурхайн компаниудад туршлага солилцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой” компанитай хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гэрээ үзэглэж, гурван жил хамтран ажиллаж байна. Бид уул уурхайн ууган үйлдвэр, жишиг компани хэдий ч “Оюутолгой” компаниас суралцах зүйл чамгүй бий. Тус компанид хэрэгждэг Ноцтой эрсдэлийг удирдах менежментийг үндсэн цехүүддээ нэвтрүүллээ. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын бүх л стандарт, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой. Шинээр гарсан Олон улсын ISO45001 чанарын стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

– Энэ хавар хуурайшилт ихтэй, салхитай байгаагаас болж цагаан тоосны дэгдэлт үе үе гарч байна?  
– Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажлын хүрээнд Орхон аймаг, үйлдвэр хоёр хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ хүрээнд Хангалын голын бохирдол, цагаан тоосны асуудлаар ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөл, Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Бид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг бууруулахад анхаарч ажиллах болно. 2018 онд цагаан тоосны 42 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн. Энэ өвөл цас багатай, хавар нь хуурайшилт ихтэй байгаа тул тоос дэгдэж байна. Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах шинэ туршилтаа дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн.

Erdenettoday.mn/ И.ЧИНТОГТОХ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.