ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД АНХААРАХЫГ ЦАХИМ ХУРЛААР ҮҮРЭГ БОЛГОЛОО

0
  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хуралд /2019-04-23/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хийж, орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийт тоо баримт ,хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажилд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Цахим хуралд Өмнөговь аймаг техникийн сааталтай холбогдож чадаагүйгээс 20 аймаг, Улаанбаатар хот Нийслэл оролцсон Аймгийн Засаг дарга болоод Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөлүүд оролцлоо. Улсын хэмжээгээр 105 700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн статистик бий. Тэдний 44,4 хувь нь төрөлхийн, үлдэх хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Тиймээс цаашдаа олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх онцгой анхаарал хандуулах шаардлага байна. Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь буюу 30 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гээд заачихсан байгаа. Энэ заалтыг биелүүлээгүй бол сар бүр ажлын байрны төлбөрийг ХЭДС-д төлөхөөр заасан. Гэвч хуулийн энэ заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа гэнэ. Тодруулбал Харьяа яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгаагаар 25-аас дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж байгууллага 5230 байгаагаас 39,4 хувь нь буюу 2061 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байна. Эдгээрийн 41,9 хувь нь буюу 863 нь хуульд заасан квотын дагуу, үлдсэн нь хуульд зааснаас цөөн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байна. Цөөн хүн ажиллуулдаг болон огт авч ажиллуулдаггүй 4367 аж ахуйн нэгж байгууллагын 300 орчим нь хуулийн дагуу ажлын байрны төлбөрийг ХЭДС-д төвлөрүүлдэг нь жилдээ 1,0 тэрбум орчим төгрөг болдог юм байна. Тус сангийн дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан ажиллуулж жилдээ 4,0 гаруй тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулдаг. Гэтэл орон нутгийн зарим удирдлага төсвийн боломжгүй байдлаас шалтгаалаад хуульд зааснаар ажлын байрны төлбөр төлж чаддаггүй гэсэн тайлбар хэлж байна. Уг нь яамны зорилго нь ажлын байрны төлбөр төлүүлэхэд биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын тогтмол ажлын байраар хангах, тэднийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь таарсан хүртээмжтэй орчныг бий болгох, ажил олгогч, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа тухай Яамны сайд С.Чинзориг онцолсон.

 

Мөн аймаг болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэрэгцээт “Сэргээн засах төв” хэрэгтэй байгааг бүх орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Энэ жилийн хувьд 6 аймагт олон жил яригдаад босож чадаагүй байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төв” ордонг барих хөрөнгийг шийдсэн ч 3-4 жил яригдаад ажил болоогүйн улмаас ихэнх аймгуудад шийдэгдсэн байсан газар нь газрын хуулийн дагуу эргэн хураагдсан байдалтай байгаа юм байна. Цахим хуралд оролцсон орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүн амын тоо 3000-10 000 орчим тооны хэлбэлзэлтэй хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аймаг нь Хөвсгөл байна. Орхон аймгийн хувьд 4400 гаруй иргэн байгаагийн 333 нь хүүхдүүд байгаа юм. Бусад аймагтай харьцуулахад манай аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажилд шат дараатай, төлөвлөгөөтэй ажилладаг нь аймаг орон нутаг бүрийн тайлант мэдээллээс харагдаж байлаа. Орхон аймгийн хувьд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвд суулган төлдөг. Тасралтгүй үйл ажиллагаатай хүүхэд хөгжлийн 3 төвөө орон нутгаас санхүүжүүлэн ажиллахын зэрэгцээ дэд бүтцийн олон ажлуудыг барилга байгууламж дээр шийдэн ажиллаж байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.