ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-2019” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

0

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ээлжит хуралдаанаар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан билээ.

Үүний хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхижуулах, “Төрийн албаны тухай хуулийн” хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шударга, ил тод хүнд сурталгүй хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахад энэ удаагийн аймгийн зөвлөлгөөн чиглэгдэж байна.
Тус чуулганы үйл ажиллагаа Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн бөгөөд төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэх мэт салбар бүрийн 450 орчим төрийн албан хаагчид орролцож байна.
Чуулганы үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар үг хэлсэн бол “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын” хүрээнд цаашид төрийн байгуулага, албан хаагчид хэрхэн анхаарч ажиллах талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар илтгэл тавьлаа.
Зөвлөгөөний чиглүүлэгчээр Орхон аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар ажиллав.
“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ “Орхон аймгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн ярив.
Манай аймгийн хувьд “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд чиглэгдсэн арга хэмжээг аймаг орон нутагтаа зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд:
• Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ
• Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах
• Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох
• Үр дүнд суурилсан удирдлага
• Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны “E-office” системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг Засгийн газраас сайшаав.
Монгол улсын Засгийн газраас төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтооно.
Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөхийг эрхэм болгож байгаагийн нэг нь энэхүү Орхон аймагт зохион байгуулагдаж буй “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-2019” аймгийн зөвлөгөөн юм.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.