“Сэтгүүлч айдасгүйгээр үнэний төлөө дуугарч чаддаг байх ёстой”

0

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны төдийгүй чөлөөт хэвлэлийн үр шимийг хүртэгч уншигч, сонсогч, үзэгчдийн баяр билээ.

Энэ өдрийг тохиолдуулан дөрөв дэх засаглал гэгддэг сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа үе үеийн төлөөллүүдийн дуу хоолойг хүргэж байна.

Х.Мандахбаяр:  Сэтгүүлч айдасгүйгээр үнэний төлөө дуугарч чаддаг байх ёстой

“МСНЭ-ийн Ерөнхийлөгч”

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол манай салбарын Үндсэн хууль. Ардчилсан Монгол Улсын хувьд хоёр дахь үндсэн хууль гээд нэрлэчихсэн ч буруудах зүйлгүй. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллийг уг хуулийн төслийн ажлын хэсэгт өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ажиллуулах хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгчихөөд байна. Хуулиа батлуулахын төлөө зүтгэнэ. Илүү олон сэтгүүлч айдасгүйгээр үнэний төлөө дуугарч чаддаг, илүү олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд үнэний талд зогсож чаддаг тийм хэвлэлийн эрх чөлөөний төлөө бид зогсолтгүй тэмцэх ёстой.

Г.Отгонжаргал: Монголын хэвлэл мэдээлэл эрх чөлөө дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй явдаг

“Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч

-Хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай дэлхий нийтээр нэг өдөр дуу хоолойгоо нэгтгэн ярьдаг нь жил бүрийн тавдугаар сарын 3-ны энэ л өдөр. Энэ өдрийг та бид бүгдээрээ эрх чөлөөний төлөө ерөөлийн үг өргөж, сэтгэл чилээсэн бүхнээ уудлан өнгөрүүлдэг ч миний хувьд Монголын хэвлэл мэдээлэл эрх чөлөө дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй явдгаа юун түрүүнд илэрхийлмээр байна.

Учир нь, ердөө л арав хүрэхгүй жилийн өмнө Монголын хэвлэл мэдээллийн салбарын бодлого, гаргаж болох мэдээ, түгээж болохгүй мэдээлэл гэдгийг хэвлэл мэдээллийн гарын арван хуруунд багтахуйц эзэд ярилцан шийддэг байсан бол өнөөдөр та бид олуулаа болсноор нөхцөл байдал нэгэнт өөрчлөгджээ. Нэг ёсны та бид өөрсдийн сошиал хуудас, өөрсдийн интернэт орон зайгаа ашиглан үнэн зөв мэдээллийг түгээн дэлгэрүүлэх боломжтой болсны дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл улам олон болсноор нэг хүн хаалаа гэхэд хоёр хүн, хорин эзэн болоод хорин сэтгүүлч нээлттэй мэдээлэх боломжтой байгаа нь аз завшаан юм. Иймд цаашид улам олуулаа болохын төлөө ерөөл өргөе.

Түүнчлэн баримтат тулгуурласан гэдэг нэрийн дор бусдын амь нас, гэр бол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг, тэрхүү дадал араншингаа муйхраар хөхүүлэн урамшуулдаг орчин цагийн гаж гэмээр сэтгүүл зүйн хандлагын өөдөөс сөрж зогсох тэнхээтэй байхыг нийт сэтгүүлчиддээ буюу мэргэжил нэгт гал тогооны найзууддаасаа аминчлан хүсье ээ. Үзэг нь хурц, үг нь цэцэн байх болтугай.

Д.Уламбаяр: Дэвтэр, үзгээс өөр багажгүй сурвалжлагч нар бусдын эрх ашгийн төлөө дуугардаг хэдий ч өөрсдийнхөө төлөө хэзээ ч нэгдэж, асуудлаа хөнддөггүй

“25 дугаар суваг” телевизийн мэдээний албаны сурвалжлагч

-Сэтгүүл зүйн гал тогоонд хөл тавиад нэг мэдэхэд долоон жил болжээ. Мэргэжил нэгтнүүдээсээ суралцсаар л явна. Бидний мэргэжил адал явдал, өрнөл ихтэй. Тиймдээ ч манай салбарынхныг тойрсон асуудал дундардаггүй. Хүн бүр цахим сүлжээг хэрэглэдэг болсон ийм үед мэргэжлийн сэтгүүлч эрэлттэй болж, үнэ цэнэ, нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн. Сайны хажуугаар саар гэгчээр сэтгүүлчийн нэр нүүрийг барьж өөрийгөө дөвийлгөсөн бусдын нэр хүндэд халдсан “шантаажчид” олширчээ.

Нөгөө үзэгч, сонсогч, уншигч нь үүнийг ялгаж, салган ойлгодоггүй. Ашиг сонирхлын зөрчилтэй, амбиц ихтэй хэдхэн сэтгүүлчийг “баатар” гэж хөөргөөд дуусдаг. Гэтэл жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагчид хөшигний ард чимээгүй нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөөд өдөр тутмын ажлаа гүйцэтгээд явдаг. Энэ гажуудал хэвлэл мэдээллийн салбарт баримтлах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байдгаас гадна иргэдийн боловсролтой холбоотой гэж боддог. Одоо мэргэжлийн сэтгүүлчид “гажуудал”-ыг арилгахад гар бие оролцож, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай болсон юм шиг. Тиймээс би энд өнөөдөр үзэл бодлоо хуваалцлаа. Хамгийн түрүүнд сэтгүүлчдээ чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай байна. Мэргэшсэн сэтгүүлч гэдэг ойлголт тун бүрхэг. Гар дүрэхгүй сэдэв гэж сэтгүүлчдэд байхгүй. Гэхдээ хөндсөн сэдэв бүр нь өөр өөр салбарынх. Өнөөдөр эрүүл мэнд, маргааш нь уул уурхай, эдийн засгийн асуудлаар мэдээ сурвалжлага бэлтгээд явдаг. Олж авсан баримт мэдээллээ боловсруулах хугацаа богинохон. Цаг хугацаатай уралдаж ажилладаг болохоор эх сурвалжийн ярьсанд /Хэвлэлийн бага хурал боллоо гэхэд асуудлыг ярьсан тухайн хүмүүсийн өгсөн баримт, мэдээлэлд/ тулгуурлаж мэдээгээ бичдэг сурвалжлагч олон.

Мэдээллийн тэнцвэртэй байдал, судалгаа гэх зүйл бараг орхигдсон. Энэ нь эргээд сэтгүүлчийг асуудалд оруулдаг. Редакци хэзээ ч сурвалжлагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээдэггүй. Нөгөө талдаа сэтгүүлчид өөрсдөө толгойгоо цэнэглэх шаардлагатай байна. Үнэндээ хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг ч хуулиа нэг бүрчлэн уншсан сэтгүүлч ховор байх. Батлагдаад 21 жил болсон, хууль нэрнээс цаашгүй Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилж, сэтгүүлчдийн ажлаа хийх эрхийг тодорхой, баталгаатай болгож өгөөсэй л гэж боддог. Ингэхдээ хэвлэлийн эрх чөлөө бодитой оршиж чаддаг эсэхэд нухацтай хандаж хариулт олох шаардлагатай байх. Ардчилсан улс мөртлөө нэг нүүр Хэвлэлийн эрх чөлөөний хуультай орон Монголоос өөр бий болов уу?

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 3 дүгээр зүйлд мэдээлэлд хяналт тавихыг хориглоно гэж заасан. Энд төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй гэж бичсэн мөртлөө өнөөдөр үйлдэл нь үүнтэй зөрчилддөг. Төрийн наад захын байгууллага өөрсдөдтэй нь холбоотой асуудлыг хөндөж, мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр байр суурийг нь сонсох гээд хандахад хэвлэлийн төлөөлөгч нь ажлаа хийдэггүй газар олон. Дараа нь нөгөө ажилтан нь сэтгүүлчдийг ялгаварлаж ханддаг. Өөрийг нь дэмжсэн, ажилладаг байгууллагын үйл ажиллагааны асуудалтай хэсгийг нь хөнддөггүй сэтгүүлчдийг хайрладаг. Албан тайлбар, яриагаа хэсэг хүнд өгдөг. /Өнөөдөр АТГ-ын мэдээлэл бусад хуулийн байгууллагатай харьцуулахад ил тод. Ажилд ороод удсан, удаагүй нь хамаагүй сэтгүүлч АТГ-аас асуусан асуултдаа хариулт авч чаддаг. Энэ нь хэвлэлийн төлөөлөгч нь мэргэжлийн түвшинд ажилладагын тод жишээ./ Гадаад, дотоод томилолтдоо тэднийгээ л авч явдаг үзэгдэл газар авсан. Энэ нь нөгөө сэтгүүлч мэдээллийг тэнцвэртэй хүргэнэ гэх зарчмыг баримтлахад саад болдог гэдгийг ойлгодоггүй.

Сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь мөн татвар нэрээр ялгаварладаг гээд яриад байвал шүүмжлэх зүйл олон. Гэхдээ сайхан цаг ирж яваа гэж найддаг. Дэвтэр, үзгээс өөр багажгүй сурвалжлагч нар бусдын эрх ашгийн төлөө дуугардаг хэдий ч өөрсдийнхөө төлөө хэзээ ч нэгдэж, асуудлаа хөнддөггүй. Тиймээс одоо цагт хэн дуртай нь бидэн рүү дайрч давшилж, доромжилдог болсон нь “айдас хүйдэс”-тэй байна. Цалин, нийгмийн халамжийн асуудлыг бусад маань хөндсөн байх гэж бодоод түр орхилоо.

Ч.Доржбат: Хэвлэл мэдээллийн байгууллага, дөрөв дэхь засаглалын ач тус ИХ

“ТВ5 телевизийн улс төр, мэдээллийн албаны сэтгүүлч”

-Эрүүгийн хуулиар 7 үхэр, 23 хонь хулгайлахыг “зөвшөөрчээ” ийм нэртэй сурвалжлагыг манай ТВ5 телевиз \сэтгүүлч миний бие\ бэлтгэн олон нийтэд анх хүргэсэн. Хуульд байгаа энэ алдааны талаар мэдээлэл гарсны дараа УИХ-ын нэгдсэн чуулганд энэ асуудалд хөндөгдөж хэд хэдэн гишүүн ярьж эхэлсэн юм. Малчдад ч тодорхой мэдээлэл хүргэж, тэдний дуу хоолойг хууль тогтоох дээд байгууллагад хүргэсэн. Одоо хуулийн яг энэ заалтыг өөрчлөхөөр УИХ-ын гишүүд ажиллаж эхэлсэн. Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллага, дөрөв дэхь засаглалын ач тус гэж бодож байна.

У.Уранцэцэг: Хамтдаа урагшилж, үргэлж хөдөлмөрлөцгөөе

“Medee.mn сайтын сэтгүүлч”

Миний бие Уламбаярын Уранцэцэг мэдээ.мн сайтын Эрэн сурвалжлах албанд нийтдээ дөрвөн жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийтлэл, сурвалжилга бичсэнийхээ төлөө олон удаа цагдаад дуудагдаж, байцаалт мэдүүлэг өгч байв.

Хамгийн анх 2017 онд Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургалттай 29-р бүрэн дунд сургуулийн асуудлыг бичиж байсан. Тэр үед хүүхдүүд сургуулийнхаа гадна эрхийнхээ төлөө цаасан дээр үг бичээд хичээл хаяж, жагсаж байсан юм. Энэхүү жагсаалын дараа очиж жагсаал зохион байгуулсан Алтансүх гэх хүүхдээс ярилцлага авсан. Тухайн хүүхэд ярилцлага өгч байхдаа залуухан багш нар нь сурагч охидод бэлгийн дарамт үзүүлдэг, эрэгтэй сурагчаа байнга зоддог, ангиас хэрэглэсэн бэлгэвч гарч байсан гэхчлэн Эрүүгийн гэмт хэрэгт хамаарагдах мэдээлэл өгч би нийтэлж байсан. Үүний араас багш нар нь хэвлэлийн хурал зарлаж нийтэд намайг ёс зүйгүй гүтгэлээ хэмээн зарлаж улмаар 50 сая төгрөг нэхэмжлэн цагдаад хандаж байсан билээ.

Харин eagle телевиз сурвалжлага бэлтгэн гаргаснаас хойш хүмүүс надруу дайрахаа больж, харин ч эсэргээрээ дэмжиж эхэлсэн.

Саяхан гэвэл дөрвөн настай хүү хой эцэгтээ аймшигтайгаар гурван өдрийн турш зодуулж ГССҮТ-д хэвтэж байхыг нь эмнэлэг дээр сурвалжлага бэлтгэн явж байхдаа мэдэж бичиж нийтэлж байсан. Үүний дараа хэсэг намжиж байхад Үндэсний шуудан, Зариг.мн дахин сөхөж улмаар аян өрнүүлээд хүүг байртай, эмчилгээний зардалтай болгож чадлаа. Энэ бол сэтгүүлч бид нар нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаагийн тод жишээ юм. Харин сэтгүүлч нар маань би анхдагч хэмээн бичиж байгаа нь жаахан муухай харагдлаа. Хэн нь анхдагч байх нь тийм ч чухал биш. Хамтдаа нийгэмд хүргэж, мэдээлэл маань үр дүнгээ өгсөнд нь л их баярлаж сууна. Хамтран зүтгэж байгаа. Нэг нэгэндээ үргэлж тусалдаг, нөхөрсөг зөвөлгөө өгдөг, цагаан өрсөлддөг сэтгүүлч нартаа баярын мэнд хүргэмээр байна. Хамтдаа урагшилж, үргэлж хөдөлмөрлөцгөөе гэж хэлмээр байна.

Б.Батцэцэг: Хандалтаа ѳсгѳх зорилгоор нотлогдоогүй мэдээллийг цацдаг болсонд харамсч байна

“Eagle телевизийн сэтгүүлч”

Сэтгүүлч хүн нийгмийн хоточ нохойн үүргийг гүйцэтгэдэг байх ёстой гэж багш нар маань зааж сургасан. Мөн сэтгүүлчдийг нийгмийн эмч ч гэж хэлдэг. Гэтэл сүүлийн үед манай улс хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсноор сэтгүүлч нар маань үндсэн үүргээ умартаж, нэгнээсээ ѳрсѳх гэж хандалтаа ѳсгѳх зорилгоор нотлогдоогүй мэдээллийг цацдаг болсонд харамсч байна. Дээрээс нь сэтгүүлчийн ажлаа хийгээд явж байхад тулгамддаг асуудал маш их байдаг. Хамгийн наад зах нь албан тушаалтнууддын хандлага их буруу байдаг нь ажлаа хийхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.

Э.Ариунаа: Ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий

“News.mn сайтын сэтгүүлч”

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг дан ганц хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөөний асуудал биш энэ бол мэдээ, мэдээлэл хүлээн авагч бүх хүний үнэнийг мэдэх эрхийн өдөр. Үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэж би харж байна.

Манай улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий. Залуу сэтгүүлчийн үүднээс харахад өнөөдөр манайд эх сурвалжаа хамгаалах, эх сурвалжаа нууцлах эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Эх сурвалж нэрээ хэлэхгүйгээр тухайн салбарт болон нийгэмд байгаа бугшмал зөрчлийг ил тодоор сэтгүүлчид хэлэх эрхтэй байхын тулд нэрээ нууцлах эрхтэй байх ёстой. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн нэрийг сэтгүүлч шүүхийн өмнө хэлэхгүй байх эрх зүйн зохицуулалттай байх ёстой гэсэн үг. Энэ зохицуулалтыг хэвлэлийн эрх чөлөөний хуульдаа тусгаасай гэж боддог.

ZALUU.COM

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.