Ц.Эрдэнэбаяр: Энэ сарын 15-наас шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

0

Энэ сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар АМГТГ-аас мэдэгдэв. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын /АМГТГ/  орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Шатахууны үнэ энэ сарын сүүлээр 50 төгрөгөөр буулгана гэж танайхаас мэдэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Манай байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 дэх заалтын дагуу төрийн захиргааны байгууллагын импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн дээр хяналт тавих чиглэлийн дагуу хяналт тавиад дизелийн түлшний жижиглэнгийн үнийн сүүлийн өсөлтийг буулгах, үүнтэй холбоотойгоор өнөөдрийн дотор манай газарт албан бичгээр тайлбараа ирүүлэх ёстой.

Харин үүнтэй холбоотой арга хэмжээ аваагүй тохиолдолд тухайн хуулийн 5.2 дахь заалтын дагуу төрийн захиргааны төв байгууллагын эрхийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, захирамж цуцлах арга хэмжээг авч ажиллана.

Он гарсаар  3, 4, 5 сард түүхий тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ нь өсч  орж ирсэн. Харин зургаадугаар сард түүхий тосны үнэ 25 ам.доллараар буурч орж ирсэн байгаа. Энэ дагуу зургаадугаар сарын 15-наас хойш бүтээгдэхүүнүүд орж ирнэ. Энэ үеэс шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж ажиллана.

Үнийн зөвлөлийн хуралдаанаас гол гарч байгаа зарчим бол дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ өсөлттэй байгаа учир шатахууны үнэ өсч байгаа. Харин бууралт болоход шатахууны үнийн буурлыг барьж ажиллах, чангатгах, гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөөгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана гэдгийг барьж ажиллаж байна.

-Хэдэн төгрөгөөр буурах вэ?

-25 ам доллар гэдэг нь нэг литр бензин дээр 50 орчим төгрөг орж ирдэг байгаа. Зургаадугаар сарын 15-наас 50 орчим төгрөгөөр буурна. Мөн дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнийг харвал 60 гаруй ам доллараар бууж орж ирж байгаа. Тиймээс тухай бүрт нь шатахууны үнийг буулгаж ажиллана.

-Дизель түлшний үнийг буулгана гэсэн үг үү?

-Сүүлд нэмэгдсэн 40 төгрөгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж байгаа учир үнийг буулгаж, арга хэмжээ авч ажиллана.

-Шатахуун импортлогч ААН-үүд үнийн бууралтыг хүлээн зөвшөөрчихсөн юм уу?

-Үнийн зөвлөлийн хурал дээр ямар нэг бензины төрлийн нэгж үнийг тогтоодоггүй. Тулгамдаж байгаа асуудал болон төрийн захиргааны байгууллагын  тавьж байгаа эрх үүргүүдийн биелүүлсэн, биелүүлээгүй асуудлыг хэлэлцэнэ. Мөн гааль, төмөр зам бусад хүчин зүйлд юу хийх вэ гэдгээ ярилцдаг байгаа. Бид үүргээ биелүүлээгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ААН-үүдэд хэлж байгаа.

ААН-үүд дизель түлшний сүүлд өссөн үнийн өсөлтийг буулгана гэдгийг мэдэгдэж байгаа.

-Импортлогчидтой ойлголцож ажиллах нь чухал байдаг байх?

-Импортлогч нартай төрийн байгууллага бол ойлголцож ажиллаж байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх үнэ буурлаа гэхэд маргааш шатахууны үнийг буулгана гэсэн ойлголт байдаг. Тийм биш. Жишээлбэл өнөөдөр барелль тосны үнэ 60 доллараар буурлаа гэхэд дараа сардаа бүтээгдэхүүн маань орж ирж байдаг. 20 гаруй хоногийн дараа орж ирдэг.

3 4 5 сард нэг тонн тутамдаа  60 гаруй ам.долларын нэмэгдэл явсан юм. Үүн дээр бид тухайн бүтээгдэхүүний өсөлтийг явуулсан. Үүнтэй мөн адил бууралтын арга хэмжээг ч авч ажиллана.

-Хөдөө орон нутагт АИ92 бензин 2040 төгрөг гарчихсан байна. Яагаад ийм зөрүүтэй байдаг юм бэ?

-Монгол улсад автобензин гурван бүсээр дамжин импортоор орж ирж байгаа. Төвийн бүс, зүүн болон баруун бүс. Импортын бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор орж ирдэг. Тэнд төмөр замтай. Төмөр зам очдоггүй аймгууд байна. Сумдууд байна. Энэ бүгд дээр тухайн агуулахаас автомашинаар тээвэрлэлтүүдийг хийдэг. Энэ бол тээвэрлэлтийн зардлаас үүдсэн ажил байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.