Б.Мягмарсүрэн: Намыг толгойлж байгаа хүмүүсийн сайн мууг л ярьж хэлэлцэх нь асуудлын асуудал  болоод байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Танил хүнтэйгээ таарна гэдэг, учрал ерөөл бизээ. Төрийн ажил албыг хашиж явсан, аймгийн ИТХ-ын дарга асан, Эрдэнэтчүүддээ танил болсон идэр насны, төлөв түвшин  эл эрд  илүү дутуу тодотгол илүүц бизээ. Түүнтэй гудманд санамсаргүй тааралдаж, хэн хэндээ цаг зав гаргаж, уушийн газрын зайдуухан ширээнд тухлаж, кофе оочлон таван үг сольсоноо уншигчидтайгаа хуваалцъя гэж шийдлээ. “Тавхан үгэндээ танигдаад байнаа” гэдэг ардын дуу, зөвхөн янаг амрагт зориулсан дуу ч биш бололтой…  

– Мягаа дарга, харагдаж үзэгдэхгүй гурван жил болжээ, хаана ямар ажил, алба хашиж явна вэ?

– Гэр зуур гэхэд хаашаа ч юм. Гадаах нь гэртээ, гэр тэх нь гэдсэндээ гэгчээр ар гэр, аж ахуйн ажлаа додомдоод л, дугаар хорооны сул иргэн л явж байна даа. \инээлдэв\ Та сонингоо гаргаад л байна уу?

– Тиймээ. Сонингоо гаргаад л явж байна даа. Уушийн газрын зайдуухан ширээнд суугаад, кофе оочлон хууч хөөрөн сонин гарчиглах шиг сайхан ажил орчлонд ер нь байдаг болов уу?

– Шинэ сонингийн үнэр сайхан шүү.

Та нарын мэргэжлийн хэллэгээр красный үнэр гэдэг бил үү.

– Яг тийм. Ингэхэд танай эхнэрийн бие тэнхээ сайн уу?

– Та чинь яасан сүрхий мэдээлэл сайтай байхын.

– Олонд ил байдаг хүмүүсийн хэн нь хаана юу хийж байна. Хэн нь юу яриад явна, аль нь ямар нам руу гүйж явна. Хэнийх нь ар гэрт юу тохиолдов гэдэг нь дуулдаад л байх юм байна ш дээ. Өөрөө хэдэн жил чимээгүй яваад байсны учир гэр бүлийн хүндээ анхаарал тавиад л явж дээ?

– Хүний амьдрал л юм хойно, янз бүрийн л асуудал гарч байх юм байна ш дээ. Эхнэрийн бие сайн болсон. Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх гээд гадна, дотны эмнэлгээр хоёр жил гаруй явлаа. Одоо дажгүй шүү. Санаа тавьж асуусанд баярлалаа.

– Яамай даа. Өвчин зовлон хэлж ирэх биш дээ. Алдаа оноотой, алаг цоогтой л хүний хорвоо. Гэхдээ хэн нэгнээ асууж сураг ажиг тавьж явах нь хүний ёс биз дээ?

– Тийм шүү. Тэгээд ч тааралдсан хэн хүнд зовлонгоо яриад байлтай биш. Тааралдаж, уулзсан хүмүүс чи эндээ байгаа юм уу, яагаад харагдахгүй байна, хаана яваа юм бэ л гэж асуух юм.

– Хүүе хаая, энээ тэрээ гээд  хүмүүс асуух нь өөрийн чинь хэн явсны бас нэг илрэл биз ээ. Ар гэрийн хүн өвдөж шаналсан үед юун нам, юун улс төр, юун чамтай мантай л явж дээ?

– Ёстой тэгдэг юм билээ.

– Одоо намдаа ямар нэгэн нөлөөлөлтэй байна уу?

– \хүүхэд шиг цайлган инээв\ Жирийн гишүүн гэсэн нөлөөтэй яваа.

– Өө палианаас гаргачихаа юу?

– Тэгсэн “цавчаанд” орсон.

– Өөрөө ҮБХ /Үндэсний бодлогын хороо/-ны гишүүн биз дээ. Өөртэй чинь ярилцаж, зөвшилцөхгүйгээр шууд уу?

– \толгой дохив\ Ар гэрийн хүнээ эмчлүүлж яваа хүнтэй хэн аан уун гэх билээ.

– Өнгөрсөн сонгуулиар хэдхэн хүний саналаар дутсан гэсэн. Энэ 2020 оны сонгуулиар даагаа нэхэх үү?

– Ер нь сонгуулийн уур амьсгал эрт эхэлж байна. Одоо нэг нь ядуурал ярьж, нөгөө нь ядуурлаас гаргана гэж ам хэл өгөөд байдагт хэн ч үнэмшихээ байсан байхаа.

– Тэгээд сонгогчид маань юунд үнэмших болж байнаа?

– Гол нь ядуурлын шалтгаан юунд байна вэ? гэдэг нь чухал болоод байна.

– Юунд байна гэж…?

– Монгол чинь Африкийн Гамби Замби, Азийн Балба Бутан биш яаж ийгээд бас ч гэж орчин цагийн түвшний улс орон. Гэтэл ядууралд оруулаад байгаа учир шалтгаан нь асуудал болоод байна. Ярьж хэлэлцэх сэдэв маань юунд байна вэ гэвэл, төрд байна гэж би хэлнэ.

– Тийм үү, өвөрмөц бөгөөд зоригтой дүгнэлт байх чинь вэ. Харин ч төр гээч  маань баян байгаа юм биш үү?

– Төр гээч юмны оюуны түвшин нийгмийнхээ дунджаас хэдэн хувь биш бүр хэд дахин илүү мунхаг, хоцрогдсон бүтэц болоод байгааг хэлэх үндэслэл хангалттай олон байна. Өөрөөр хэлбэл ядуурах бага хэрэг, төр маань нийгмээсээ хол хоцорчихсон нь үндсэн шалтгаан болоод байна л даа. Манай төрийн энэ хэнэггүй байдлаа засаачээ гээд олон улсын банк санхүүгийн байгууллагууд саарал жагсаалтанд орууллаа шүү гээд л сануулга өгөөд байна ш дээ. Энэ чинь л төр замхарч, засаг завхарсны хангалттай нотолгоо юм бишүү.

– Сайхан хэллээ. Та бол НӨУЁБ-ыг толгойлж байсан хүн. Хүнд хэцүү үед аймгийн АН-ын дэд даргын ажлыг хийж  байсан. Гаальд мөн дэд дарга байлаа. Төр  замхарсан гэснээс…Хууль ёсны тухай хөндөж наад захын жишээ хэлэхэд төрийн албаны, хууль, журам хугацааг мөрдөхгүй байгаа нь хэвшил болжээ?

– Тэр үнэн. Нэг нам нь гарч засгийн эрх барих болохоор л \хоёр нам л байна шүү дээ. Б.М\ төрийн албан хаагчидаа өөрчлөөд л, солиод байдаг нь төр тогтворгүй байх нэг үндэслэл болж байна л даа. Төрийн албан хаагч нь аль нам ялав, хэн сайд дарга болов гэдгээс үл хамаарч тогтвортой албаа тогтвортой хашиж, сэтгэл хоёрдолгүй ажиллах ёстой л доо. Төрийн албаны хууль, журмаар бол.

– Тиймээс хаана ч тэр, хэзээ ч халагдаж солигдож мэдэх учир, байгаа дээрээ гэсэн нэг сэтгэлгээ давамгайлаад байнаа даа?

– Хэзээ ч халагдаж солигдож мэдэх эрсдэлтэй учир хэн хуулийг дээдэлж, чин сэтгэлээсээ ажлаа хийх билээ. Хэн өөрийгөө төрийн дархлаатай гэж итгэл үнэмшилтэй байж чадах билээ. Ийм учраас, таны хэлснээр “байгаа дээрээ” гээд их багагүй элдэв юманд өртөөд байна л даа.

– Ер нь  тэгээд энэ хоцрогдсон засаг төрд ямар эмчилгээ хийх хэрэгтэй вэ?

– Улс төр гэж бохир заваан юм гэдгийг нийгэм мэддэг мөртлөө молигдуулаад л байна. Хуучин үеийн нам төвт тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд эрх баригчид ямар ч хамаагүй үнээр улайран зүтгэж байна. Энэ нам төвт тогтолцоог л халах хэрэгтэй юм байна даа гэж би боддог болсон. Ингэхийн тулд сонгуулийн хувьсгал хийж байж л эрчимтэй эмчилгээнд оруулах байх.

– Сонгуулийн хувьсгалыг яаж хийнэ гэж. Олигархиуд дахиад л нэрээ дэвшүүлээд гараад ирэхгүй гэх газаргүй?

– Олигархиуд нэр дэвшсэн тохиолдолд тухайн тойргийн сонгогчид сонгуулийн санал өгөх байрыг тойроод “зугаалган”-д гарчих хэрэгтэй. Ардчилсан дэглэмд хамгийн аймшигтай хүчтэй хэрэгсэл бол сонгуулийг бүх нийтээрээ бойкотлох явдал байдаг. Ийм л арга байна. Хэрвээ монголд ардчилал байгаа бол, жагсаал цуглаан, иргэд цагдаагийн мөргөлдөөн хэрийн юмнаас огт айхгүй л дээ. Айдаг ганц юм нь сонгуулийн бойкот байх болов уу.

-Яг тийм. Одоо хулгай, луйвар, тэр нь ингээд байна, энэ нь тэгээд байна гэсэн бузар булайг ярих юм бол далай л гэсэн үг. Зөндөө л ярилаа. Одоо бидэнд хэн хүний санаа оноо, шийдэл хэрэгтэй байна. Ингэхэд ардчилалын үнэт зүйл алдагдлаа. Бидний бүх нийтээрээ сонгосон энэ ардчилал маань монголчууд бидний олсон ололт юм бол, ардчилал аа аврахын тулд яах ёстой юм бэ?

– Чингисийн монголоос  хойш бид шарын шашин дараа нь социализм тэгээд одоогийн капитализм гэсэн гурван изм-ыг үзэж явна. Өнөөгийн бидний сонгосон ардчилал маань  30-хан жилийн түүхтэй. Алдаа оноо байгаа юу гэвэл байгаа. Ард түмэн оносон гэвэл оносон, алдсан гэвэл алдсан аль аль нь хамтдаа алдаа оноогоо хүлээх ёстой… Заавал бид Америк шиг түүхийг,  зарчмын хувьд туулах ёстой юмуу сайн мэдэхгүй байна. Ардчилсан хувьсгал маань монголчууд бидний олсон ололт, ялсан ялалт мөн үү гэвэл мөн. Харин энэ олсон ололт, ялсан ялалтаа бид хэрхэн бататгаж улс орноо цааш нь өрнүүлэн хөгжүүлэх вэ гэдэг дээр намчирхах бус нэгдсэн нэг үзэл санааг агуулсан  хөтөлбөр байх ёстой болов уу гэж  би хувьдаа үздэг. Ер нь тэгээд улс төрийн наатай, цаанатай үйл явдал өрнөлөөс харахад аль ч намдаа буруу өгөөд байх нь гол биш юмаа, намыг толгойлж байгаа хүмүүсийн сайн мууг л ярьж хэлэлцэх нь асуудлын асуудал  болоод байна л даа.

– Тиймээ…Ард түмэн ч үүнийг хүсэж байна.  Та бол өмнөх нийгмийн хольцтой хүн. Таныг өсгөж, торинуулсан социализм дэвшил байсан уу?

– Яаж ийгээд дэвшил байсан. Монголчууд бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан. Бүх нийтээрээ үнэгүй боловсрол эзэмшсэн, эрүүл саруул болцгоосон. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн улс болох зорилт тавьсан. Сэхээтний давхарга бий болсон гэх мэт…

– Тэгээд болохгүй болохоор нь ард нийтээрээ ардчилсан хувьсгалыг дэмжсэн. Бүр бүх нийтээрээ.

– Яг тийм.

– Тэгвэл ардчилсан хувьсгал маань дэвшил мөн үү?

– Дэлхий даяараа үр нөлөөтэй үзэгдэл болсон. Энэ утгаараа дэвшил мөн үү гэвэл мөн.

– Энэ чинь бусдаас хуулсан л үзэгдэл юм биш үү. Тэгээд одоо болохгүй байгаа юм биш үү. Ардчлалаас өөр нэг арга зам байж болохгүй юу?

– Та гаднаас хуулсан гэж байна. Тиймээ гадаад хүчин зүйлтэй үзэгдэл, өрнөл байсан. Гэхдээ энэ ардчилсан системээс  өөр зөв арга зам хүн төрлөхтөн одоохондоо бодож олоогүй байна гэсэн нэг үг одоо хүртэл хүчинтэй яваад байгаа шүү дээ.

– Түүхээс шүүж нягталж үзвээс дээрх таны хэлсэн гурван изм-ээс өөр эерэг шинжтэй нааштай, үр нөлөөтэй юм харагдахгүй байна уу таньд гэж асуугаад байна л даа?

– \хэсэг бодлошров\ Монголд учирсан буддист, социалист, капиталист дэвшлүүд нь манж, орос, америк үндэслэл мөн үү гэвэл мөн.

– Энэ учир зүйтэй харийн үзэгдэлд бид төөрөлдчихөөд байгаа юм биш үү?

– Харийн үзэгдэлд хар цагаан санаа зорилгууд холилдож, хутгалдаж  явахаас өөрцгүй л дээ.

– Энэ холион бантанд нь монголчууд бид самуурч төөрөлдөж гүйцэхээс аргагүй байдалд орчихоод байна л даа тиймээ.?

– Тийм ч байх үгүй ч байх.  Бас ч тэгж туйлширч болохгүй байхаа.

– Та тэгвэл Оюутолгой дээр ямар байр суурьтай байна вэ?

– Хэвлэл олон нийтийн  цахим мэдээллээр уг гэрээг цаг хугацааны хувьд 30 жилээр хийсэн нь маневрийн боломж, тактикийн нөөцөө алдаж улмаар стратегийн санаачилгаа тэр чигээр нь нөгөө талд өгчихжээ гэж шуугиад байгаа. Оюу толгойгоор хожих магадлал хамгийн их гэж манай нөхдүүд ч бодож байсан байх. Гэрээ нь одоо олон нийтэд ил болсны дараа асар их шүүмжлэл хэл ам, хууль хяналтын бүх байгууллага түргэн авахуулсан дүр зураг л өнөөдөр харагдаж байна. Гэрээг хийж ажил урагшуулсан хүмүүс нь буруудах гээд ч байх шиг.

– Одоо алт, зэс элдэв бүхэн байна. Гүний хоолойн цэнгэг усны нөөц байна уу байна. Хожим 30 жил ч хүрэхгүйгээр энэ бүх баялаг байхгүй болно гээд бод доо. За яахав гэрээгээр бол хожсон хожигдсон ч аль ч нөхцөлд хосоо шувтруулаад л үлдэнэ гэсэн үг л дээ. Ингэж үлдэх нь өнөөгийн хүүхэд байтугай, залуучууд өлхөн үзэх хугацааны доторхи хэрэг ш дээ. Ямар сонсогдож байна?

– Тун таагүй сонсогдож байна.Та бүр эхнээс нь гэрээний  талаар хэлээд явсан л даа. Таныхаар бол хар нүх л үлдэнэ гээд байгаа. Гэхдээ энэ Оюутолгой, Тавантолгой гээд стратегийн ордуудыг ашиглах ёстой юу гэвэл ашиглах ёстой. Магадгүй хэдхэн жилийн дараа нүүрснээс дэлхий дахин татгалзаж болох юм. Хорь, гучин жил байтугай хоёр гурван жилийн цаана хэрхэхийг тааж мэдэхэд хэцүү болсон өндөр хурдацтай энэ хөгжлийн эрин үед мөдхөн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ нүүрснээс өөр эх үүсвэрээс ч авч болох юм. Тэр үед манай нүүрс зүгээр л шороо болоод л үлдэнэ. Харин хөрөнгө оруулагч болон манай тал аль аль талынхаа эрх ашигт нийцсэн гэрээг эхнээсээ байгуулах ёстой, явцын дунд сайжруулах хэрэгтэй. Тэгэхдээ бүх ард түмэнд хүртээлтэйгээр шүү. Одоо бид гэрээн дээр эргэж харах боломж нөхцөл байгаа бол, хамгийн гол нь хожигдохгүй байх нөхцлийг хийх ёстой гэсэн бодолтой явдаг би.

– Ард нийтэд хүртээлтэй хийж чадвал олсон ололт ялсан ялалт нь тэр болох байх. Одоогоор өнөөдрийн байдлаар  тэнд ажиллаж байгаа манай гурван ТҮЗ-ийн нөхөд болон тухайн үеийн эрх баригчддаа л шан харамжтай ажил үүрэг байсан байна. Харин ард нийтэд бол дусал ч  нялзахгүй ийм л гэрээ болчихоод байгааг экспертүүд хэлээд байгаа юм л даа. Таны хэлснээр туйлширлаа гэнэ үү, нэг талыг барилаа гэнэ үү,  бид чинь гадаад л гэвэл хар цагаан өгзөг долоосон, мөргөсөн гуйсан гадны боол албат, хамжлага болчихоод байна л даа. Өмнө нь ч ийм л байсан. Одоо ч хэвээрээ. Энэ ард нийтийн хувьд муухай доромжлол биз?

– Бусдын оюун санааны боол болж байна гэж олон хүн ч бодож байгаа байх.  Тэгэхээр бидэнд өөрийн гэсэн оюун санааны тусгаар тогтнол хэрэгтэй болоод байна гэдгийг та хүмүүст ойлгуулах гээд байнаа даа.

– Үгүй юмуу?

– Та бид хоёр ч том юм ярьж сайхан халж байна аа. \инээв\ Үндэсний үзэл санааг ч айхтар тулгаж байна шүү та. Нээрээ өөрийн гэсэн үндэсний үзэл санааг эрхэмлэж байж бид урагшаа явна гэдэгт би санал нэг байгаа шүү. Тэгж ч боддог.

–  Одоо нээрээ тулгахаас өөр зам байхгүй болсон. Харин ч та сайхан салхийг нь хагалаад өглөө. Буу хална гэдэг чинь л энэ шүү дээ. \хөхрөлдөв\ За энэ улс төрийн яриагаа түр зогсооё. Та бол Эрдэнэтийн унаган хүүхэд биз?

– Би унаган биш, уугуул иргэн гэж явна шүү.  Манай аав, ээж хоёр маань багш хүмүүс. Булган аймгийн харъяат иргэд. Эрдэнэтэд миний залуу нас, оюутан ахуй үе, ажил амьдралд хөл тавьсан амьдралын замнал эндээс л эхэлсэн.  Манай Рагчаагийн хэлдэгээр “Би Эрдэнэтдээ хайртай” гэж хэлж, хэлснээ хэрэгжүүлж чадна гэсэн чин зорилгот зориг эрмэлзлэл надад бий.

– Баярлалаа. Таньд тийм зориг эрмэлзлэл байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Зориг эрмэлзэл гэснээс, мөдхөн Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн ой тохионо. Эрдэнэт энэ хувьсгалын салхийг хагалсан гэсэн түүхэн баримт байдаг. 1989 оны 12 сарын 03-нд билүү?

– Тиймээ. Анхны улс төрийн тайван жагсаалыг, Үйлчилгээний төвөөс “Уурхайчин” соёлын ордны өмнөх “Найрамдал” талбай хүртэл хөдөлгөсөн Д.Баатар, Д.Цагаан-Эрдэнэ гээд нэр бүхий ах нар бас л эр зориг гаргаж байж. Энэ үзэгдэл,  Монголд өрнөсөн  ардчилсан хөдөлгөөний түүчээлэгчид гэж 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоол гарч цагаан цаасан дээр хараар бичигдэж түүхэн баримт болж үлдсэн байдаг.

– Бичлэг байдаг болов уу?

– Одоо манай гавъяат уурхайчин Д.Цагаач гуай тэр үед хотын намын хорооны мэдээлэл хариуцсан тусгай ажилтан байж, Ц.Ариунаа сэтгүүлч Монголын радиогийн сурвалжлагч байж. Тэгээд энэ хоёр тэр жагсаалыг камераар бичсэн бичлэг байдаг гэсэн.

– Би анхдагч гээд л “Өвгөн партизан”-ны яриа шиг юм ам уралдан ярьдаг хүмүүс чимээгүй болчих вуу даа?

– Монголд наанатай цаанатай үйл явдал л өрнөж байна.Төгс ардчилал гэж байхгүй шүү дээ. Яахав “Сайн явбал садан мундахгүй “ гэдэг шиг АН оноотой явбал манайх гэж, алдвал танайх гэж ярьдаг хүмүүс байж л байгаа. Гэхдээ нам, залуучуудаар хүрээгээ тэлж байна. Тэр залуучууд маань энэ ардчиллын мөн чанар, утга учрыг их сайн ойлгох хэрэгтэй байгаа юм даа. Ер нь ойлгуулах л хэрэгтэй болоод байна.

 – Тийм шүү. За яриагаа өндөрлөх үү.

– Тэгье. Хоёр цаг гаран суусан байна шүү бид хоёр.

– Яриагаа нэг асуултаар өндөрлөе. Нөгөө “Энэ хүүхнүүд үү” киноны зоотехникчийн сумын заанаас асуудагчлан “Наадамд барилдана л биз ээ” гэдэг шиг. Ирэх жилийн сонгуульд даагаа нэхэх үү?

– Тэгнээ  гэхгүй, тэгэхдээ үгүй гэхгүй.  Гэхдээ намынхаа удирдах байгууллагын шийдвэрийг  хүлээнэ дээ… Саналаа намдаа илэрхийлсэн байгаа.

– Үзэл санаагаа хуваалцсан таньд баярлалаа хө. Амжилт хүсэхээс өөр яах билээ.

– Кофе уугаад ярилцах амттай юмаа. Танай сонины хамт олны соён гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсэж, мянга мянган захиалагчтай болоорой гэж ерөөе өө.

– Ерөөл биелэг ээ.  

Сэтгүүлч  О. Эрдэнэжаргал

эх сурвалж: “Таны амьдрал” сонин 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.