Цагаан сараас өмнө таны дансанд байрших мөнгөн урамшууллууд

0

Цагаан сар хаяанд ирсэн өдрүүдэд арилжааны банкуудын ачаалал эрс нэмэгддэг нь ердийн үзэгдэл болоод удаж буй. Баярын өмнө олгодог алдарт эхийн одон” болон “насны хишиг”-ийн мөнгийг олгож эхэлдэг нь иргэд хөлөө чилтэл банканд дугаарлах шалтгаан болдог. Энэ жилийн хувьд одонтой ээжүүд болон ахмадууд харилцах дансаараа мөнгөө авах боломж бүрдсэн нь банкинд дугаарлах шаардлагагүй болж байна.

Жилд хоёр удаа л олгодог дээрх мөнгөн тэтгэмжүүдээс гадна  тэтгэврийн нэмэгдэл, НӨАТ-ын 2019 оны буцаан олголт, цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд олгох тэтгэмжийг энэ сарын эхээр олгох юм. Өнөөдрөөс эхлэн иргэн таны дансанд орж ирэх мөнгөн урамшуулал, тэтгэмжийн талаарх мэдээллийг хүргэе.


ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ОЛГОЖ ЭХЛЭВ

Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр олгохоор болсон. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш бол 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.  Энэ дагуу өнгөрсөн долоо хоногоос  /2020.02.03/ эхлэн ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхлээд байна. Ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийг нь олгохдоо гуравдугаар сарын тэтгэврийг хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдэлтэй нь хамт олгож эхэлсэн билээ.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ӨНӨӨДРӨӨС ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖИНЭ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс олгохоор болсныг мэдэгдсэн. Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын мөнгө өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжиж байна. Нийт 912 мянган иргэн 148 тэрбумын буцаан олголт авах юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн үзүүлэлт аж.

Мөн Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх нь.

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ АХМАДУУДЫН ДАНСАНД БАЙРШУУЛНА

Жил бүрийн цагаан сар болон үндэсний баяр наадмын өмнө 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог билээ. Энэ жил 130 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Цагаан сараас өмнө олгох “насны хишиг”-ийг өнөөдрөөс /2020.02.10/ эхлэн ахмадуудад харилцах дансаар нь олгоно. Өөрөөр хэлбэл, ахмадууд банканд урт дараалал үүсгэх шаардлагагүй болж байна. Энэ жил анх удаа “Насны хишиг”-т хамрагдаж буй ахмадууд харьяа дүүрэг, сум хороонд өргөдөл гаргахдаа харилцах дансны дугаараа бүртгүүлнэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зөвлөж байгаа юм.

ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН МӨНГИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

Жилд хоёр удаа олгодог мөнгөн  урамшуулал бол “Алдарт эхийн одон”. Улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө олгодог энэхүү мөнгийг хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд одонтой ээжүүдийн дансанд шилжүүлэх юм. Одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталжээ. Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны  нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх юм байна.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Дашрамд дурдахад, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий.

“ЦАЛИНТАЙ ЭЭЖ”-ИЙН МӨНГИЙГ ХОЁРДУГААР САРЫН 18-НД ОЛГОНО

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 18-ны өдрөөс олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж буй. Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭНЭ САРЫН 20-НД ОЛГОНО

Засгийн газраас Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд мөнгө байршуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс цагаан сарын өмнө хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхлэх юм. Өнөөдрийн байдлаар нэг сая 168 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Харин бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор болсон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.