CORONAVIRUS: Хилээ хааснаас амсах хохирол, коронавирус орж ирсний дараах хохирлоос МЯНГА ДАХИН БАГА

0

Хилээ хаая гэдэг санал их эрсдэлтэй бөгөөд бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд элий, балай сонсогдох л байх. Хэдий тийм ч давагдашгүй хүчин зүйл гэж байдгийг сайтар ухаарч, ухамсарт хүний сэтгэлгээгээр асуудалд хандъя. Цагаан сараа тэмдэглэнэ гэж баахан хүмүүс бууз, банш идээ цагаагаа бэлдсэний дараагаар Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр баахан бужигнаж байж арай гэж цагаан сар тэмдэглэхгүй гэж шийдвэрлэв. Сошиалаар л нэг цагаан, ногоон сараа хийхгүй байна гэж юу байсан юм гэж шуугьж байсансан. Гэтэл өчигдөр өглөө Замын-Үүдийн үйл явдлыг хараад бүгд дуу нэгтэйгээр цагаан сар тэмдэглэхгүй байхыг зөвшөөрөв.

Шийдвэр нь зөв. Харин хугацааны хувьд бага зэрэг хоцров бололтой. Гэхдээ байдал бүр дордчихоогүй байгаа нь бага зэрэг тайвшралыг олгож байна. Коронавирус бол тоглоом биш. Тэгж ингэсгээд, Эрүүл мэндийн яам нь хэдэн мэдээлэл хийгээд өнгөрчих зүйл биш гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Нас барсан хүний тоо өдөрт 100, 100-гаар нэмэгдэж байна.  Халдварын оргил үе 4 дүгээр сар байх болно гэж ДЭМБ таамаглаад өнөөдрийн нөхцөл байдлыг “мөсөн уулын орой ч байж болзошгүй” хэмээн биднийгээ айлгаад байна. Нээрээ ч өглөө босоод ирэхэд халдвар авсан хүний тоо 60,062 болсон бол нас барьсан хүний тоо 1,363 болоод нэмэгдчихэж.

Ер нь хаашдаа л бид сэргийлж байгаа юм чинь эрчимтэй арга хэмжээ авсан шиг авъя. Хилээ хаая. Тэгэхгүй бол хэрэгтэй, хэрэггүй олон шалтгаанаар манайхан ч, хятадын тал ч хоёр улсын хооронд хаалтгүй зорчоод байна. Үүний тод жишээ өчигдрийн Сэчуан мужид судалгаагаар явсан иргэн байв. Тоомжиргүй үйлдлээс нь болж 100 гаруй хүн хөл хорионд орж, өвчин туссан байх вий гэсэн айдастай нүүр тулаад байна. Одоо тэд 21 хоног тэнгэртээ залбирч, заяандаа найдна.

ХИЛЭЭ ХААЯ: Коронавирус эрчимжсэн 15 хоногт хилээр 11354 Монгол, 798 Хятад иргэн нэвтэрсэн бол манай 4785 иргэн БНХАУ-ыг зорьжээ

Тийм ээ, хил хаана гэдэг бол манайх шиг алгын чинээхэн эдийн засагтай, айлаас авахаас өөр юу ч мэддэггүй улсад хэцүү. Экспорт гэж мэддэггүй импортын бараа бүтээгдэхүүнээр бүхнээ дүүргэдэг үйлдвэрлэгч бус оронд хохиролтой. Гэхдээ л хилээ хаасны дараах хохирол “корона” оруулчихаад амаа барьж суусны дараах хохирлоос хамаагүй бага. Ер нь бол  эдийн засаг хэцүү ч, элэг бүтэн сэтгэл өег байх болох уу. Иргэд нь эрүүл биш байвал үүнээс ч илүү хэмжээний эдийн засгийн хохирол амсана.

Короновирус нэг эхэлчихвэл эмчилгээ, эм тан, эмнэлэг гээд маш их хэмжээний зардал гарах нь тодорхой. Ийм нөхцөлд хил хааснаасаа их хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой. Хамгийн чухал нь мөнгө бол яах вэ, бадар бариад ч гэсэн хөл дээрээ босох өдөр ирэх биз. Амь бол мянга төлөөд ч шинээр олдохгүй үнэн цэнэ юм шүү.

Бид орон нутагтаа уг өвчлөлийн оношийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Ердөө 3, 4 хоногийн өмнө л 1 нэг хүнийг тусгаарлаж байсан бид өчигдрөөс эхлээд 100, 23-аар нь иргэдээ тусгаарлаж вирусийн халдвар авсан эсэхийг нь тодорхойлж байна. Энэ бол нөхцөл байдал хүндэрч буйг илтгэх дохио. Нийслэлд ч гэсэн онцгой үед шинжилгээ, оношилгоо учир дутагдалтай. Хэрвээ өвчний халдвар ороод ирвэл бид техник, технологи өндөр хөгжсөн Хятад шиг газар дээр нь оношлоод, ганцхан долоо хоногт эмнэлэг барьж чадахгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ ч тийм хангалттай бус байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайд үнэндээ ХӨСҮТээс өөр халдварт өвчинтэй тэмцэх томоохон эмнэлэг алга. Анхан шат болох өрхийн эмнэлгийн байр байдал ямар билээ. Тэд коронавирус битгий хэл захын ханиадаа дийлэхгүй суудаг улс.

Үүнээс өөр ямар нөхцөл байдал үүсэхийг хүлээх вэ. Коронавирус Монголд илэрлээ гэдэг мэдээг хүлээгээд байгаа хэрэг үү. Төдийгөөс өдий хүртэл тойрсон бүх улс оронд нь уг аюулт өвчний халдвар илэрчихээд байхад манайд л хараахан илрээгүй байгаа нь аз. Гэтэл өнөөдөр гудамжинд алхаж байгаа хэдэн хүний хэд нь маск зүүж байна вэ. 

ОХУ гэхэд л 3 дугаар сарын нэгэн хүртэл БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтуудаа хаачихсан. Казахстан улс мөн адил Хятадтай хиллэдэг боомтуудаа өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр л хаачихсан. Манайх л хил хязгаараа онгойлгочихоод буян нь ч байна уу, бузар нь ч байна уу хамаагүй оруулж гаргаад сууцгааж байна.

Мөн монголчууд хэтэрхий хээгүй, хэнэггүй. Тэнгэр заяа, язгуур угсаагаа яриад л. “Аюулт өвчин гарчихаад байна шүү, БНХАУ руу битгий зорчоорой” гээд байхад л хэдэн мянгаараа хил давах юм. Эсрэгээр нь БНХАУ-аас Монгол Улсад зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөн бас бүрэн зогсоогүй байна. Албан эх сурвалжийн мэдээллээр Засгийн газрын хязгаарлалт тогтоох журам гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 28-ны 08:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэл Монгол Улсын хилээр орсон иргэд 12152, үүнээс 11354 нь Монгол Улсын иргэн байна. Монгол Улсаас БНХАУ руу 5902 зорчигч нэвтэрснээс 4785 нь Монгол Улсын иргэн байна.

798 Хятад иргэн коронавирусийн дэгдэлт эрчимжсэн үеэс хойш манайд зорчиж, манайхаас 4785 хүн БНХАУ руу явчихсан байх юм. Анхааруулаад байхад л ийм хэмжээний тоо үзүүлэлт гарч байна. Тэр ч байтугай өвчний голомт гэгдээд буй бүс нутаг, муж хотууд руу 55 иргэн аялж зугаалахаар явжээ. Ёстой нөгөө тэнгэр заяа, маяа нь түшдэг юм байлгүй дээ хөөрхийс.

Гэтэл дэлхийн бүх улсууд Хятадтай харилцах бүхий л чиглэлээ түр хугацаагаар зогсоогоод байна. Тэр ч байтугай коронавирус 45 сая хүнийг үхэлд хүргэж, дэлхийн хүн амын 60-аас дээш хувьд халдварлах боломжтой гэж Хонконгийн анагаах ухааны мэргэжилтнүүд таамаглав. Үүнийг нь Dailly mail онцлов. Ихэнх шинжээчид халдвар авсан хүн бүр вирусийг 2.5 орчим хүнд дамжуулж, 60-80 хувьд нь халдварлуулдаг гэж үздэг байна.

Аюул хаяанд байна. Ердөө “хаалганы” цаана байна. Замын-Үүдээс ердөө 100 гаруйхан км-ын цаана Эрээнд нөхцөл байдал хүндэрч, нэгдүгээр зэргийн онц байдал тогтоогоод байна. Хятадын Засгийн газар өвчлөлийн тоо баримт, нарийн ширийн мэдээллийг маш ихээр нууцалж байна хэмээн дэлхийн олон томоохон хэвлэлийнхэн хэдийнээ таамаглаж эхэлчихээд байна.

Алхам ч алгуурлаж болохгүй өдрүүд үргэлжилж байна. Хилээ хааж хязгаарлалт хийхгүй бол эндээ хичээл сургуулиа амрааж, мянга хөл хорио тогтоогоод нэмэргүй. Арван давхар маск зүүгээд ч ач холбогдолгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.