О. МАГНАЙГИЙН 4 ТЭРБУМЫН “ДЭЭРЭМД” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Г.УЯНГА ХАМССАН УУ

0

Эх орон газар шороо, тусгаар тогтнол ч гэх шиг гудамжинд жагсаж, тэмцэж байсан эх оронч гарууд эхнээсээ баяжаад хөрөнгөжөөд тасарчихжээ.  Хагас га газрыг л 300 мянган доллараар зарчхаад худалдаж авсан хүнийнхээ хэдэн тэрбумын үл хөдлөх хөрөнгийг дээрэмдээд авчихдаг  О.Магнай 15 жилийн өмнө хэн байлаа. Ээжийнхээ хаяанд хорогдсон төрийн албан хаагчийн  цалингаас өөр мөнгө гар дээрээ тавьж үзээгүй орох оронгүй оочих аягагүй шахуу тэмцэгч байлаа. Гудамжинд тэмцээд удалгүй, тухайн үеийн тэмцэгчид бүгдээрээ шахуу нэгэн зэрэг “Хөгжил” гэх хотхонд анх удаа 2 өрөө орон сууцтай болж байсныг Монгол даяараа л мэддэг байлаа. АН-аас гаралтай тухайн үеийн шинэ баян тэдэнд хайр ивээлээ хайрласан хэмээн ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр О.Магнай гэж хүн амьдралаас тасарсан баян болж, нийслэлийн А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу 11 давхар барилгыг  эзэмшдэг олигарх болсон талаар хэвлэлүүдээр цацаж эхэллээ.

Чаа гэх ямаагүй, чүү гэх морьгүй гэдэг шиг гинжнээсээ өөр алдах юмгүй хоосон пролетари байсан О.Магнай гэнэт яаж баяжчихав аа?

Магнайгийн ээжийг Отгонжаргал гэдэг. “Анаг сархиа” ХХК-ийг эзэн. Энэ компани БЗД-т 800 м2 газар эзэмшдэг байжээ. Энэ газрыг нь О.Магнай Ливан улсын иргэн, 2011 оноос хойш Монголд хөрөнгө оруулан бизнес эрхэлж байгаа Мохамад Зухуэр Итан гэдэг бизнесменд 2014 онд бэлэн 300 мянган доллараар зарж, мөн түүний барих барилгад 320 м2 талбай  авахаар гэрээ байгуулжээ.  Гэрээ ёсоор мөнгөө ч авч газар, компани 2-оо Мохамадийн “Сидарс” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг аж. Гэвч 2 жилийн дараа Магнайгийн ээж Отгонжаргал “Сидарс” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 320м2 талбайгаа өгсөнгүй хэмээн зарга үүсгэж БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүхийн үйл ажиллагаа ч эхлэхтэй зэрэгцээд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу ДСНК-ийн хажууд байрлах тус компанийн газрын зөвшөөрлийг 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар цуцлах шийдвэр гаргажээ.

Улс төрийн албан тушаалтнуудтай ойр  байдгаа ашиглан О.Магнай  “Сидарс” компаниас ганц 320 м2 талбайн мөнгийг нэхэмжлэхээс гадна газраа ч буцаан авах боломжтойг мэдэрч шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцаан авч, газраа нэмж авахаар дахин хандсан байдаг.  Үүнтэй зэрэгцээд  Магнайгийн ээж Отгонжаргал “Баян цамхаг” гэх компанийг байгуулан Засаг дарга Су.Батболдын цуцалсан “Сидарс” компанийг шинээр байгуулсан “Баян цамхаг” компанийнхаа нэр дээр шилжүүлэн авч, 300 мянган доллараар зарсан газраа буцаан авсан байдаг.

БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч гарч, Магнайгийн ээж Отгонжаргалын нэхэмжлэлийг хангаж “Сидарс” компаниас 724 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ. Энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа ч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж, тус байгууллагын дарга хурандаа Цогжаргал  бараг 2-3-хан өдрийн дотор “Сидарс”компанийн охин компани “Сидарс партнерс” компанийн эзэмшилд байсан БГД-ийн 10 хороололд байрлах 11 давхар обьектийг шууд О.Магнайгийн ээжид шилжүүлэх ажил өрнөж зах  зээлийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөс ч илүү үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Сидарс” компанийг төлөөлөх эрх зүйн эрхгүй хүнээр тамга тэмдгийг нь даруулан  гарын үсэг зуруулж “Дархан цамхаг” компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн аж. Энэхүү “Дархан цамхаг” компанийг О.Магнай 100 хувийн эзэмшдэг юм.

Үүнийхээ төлөө нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтан одоо АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд хүний 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 4 дахин багаар буюу 724 саяар үнэлэн О.Магнайд шилжүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар авилга авсан байж болзошгүй гэж үзэж буй ажээ.

Энэхүү үйл явдлаас анхаарал татсан,  эрх мэдэл албан тушаалаа ашиглан Ливан Улсын иргэнийг хуйвалдан  үл хөдлөх хөрөнгийг нь булаан авсан гэж үзэх хэд хэдэн хардлага байдаг.

Хардлага 1. Шүүхэд маргаан үүссэнтэй зэрэгцээд Ливан улсын иргэн, Ливан дахь Монгол Улсын өргөмжит консул Мохамад Зухуэр Итаныг талаар О.Магнай Тагнуулын ерөнхий газарт хандан Монгол Улсын хилээр орж ирэх эрхийг нь хаасан

Хардлага 2. БГД-ийн шүүх хурлын ажиллагаа хөндлөнгийн тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын хяналт дор явагдсан байдаг. Учир нь Г.Уянга шүүх хуралд Иргэдийн төлөөлөгчөөр оролцохдоо Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар шүүх хурлын үйл ажиллагааг хянаж байна хэмээн хэлж байсан.

Хардлага 3. Шүүх хурлыг явуулахдаа хариуцагч талыг хуралд оролцох боломж нөхцөлөөр хангалгүй. Ганцхан нэхэмжлэгч талыг оролцуулан явуулж шийдвэрлэсэн. Учир нь энэхүү өмчийн эзэн Мохамад Зухуэр Итаныг Монгол Улсад орж ирэх эрхийг нь хааж өөрийгөө хамгаалах боломж олгоогүй байдаг.

Тиймээс О.Магнайгийн газрын наймаагаар эхэлсэн энэ луйварт нь  Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдоос эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон  хууль хяналтынхан ч  оролцсон, нөлөөлсөн гэх хардлага байна.

Шударга ёс гэж хамгийн их хашхирч байгаа хүн өөрөө шударга бус байдгийг бид улс төрчдийн олон жишиж, үйлдлээс харж байгаа. О.Магнайгийн энэ үйлдэл ч тэдний нэг бодит жишээ бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулах гэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад айдас, болгоомжлол  дагуулсан, эх орноо шившиглэсэн хил дамнасан дээрэм хэмээн бизнесийнхэн үзэж байна. Шударга ёс ярьж, тэмцэж бас нэр дэвшиж байгаа О.Магнайд зах зээлийн ханшаар 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 724 саяар булаан авчхаад, ичих ч үгүй эзэн сууж, шүүхийн шийдвэрээр далайлган шударга ёс ярих эрх байхгүй юм биш үү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.