Бээжингийн коронавирусийн шинэ дэгдэлт Уханиас ч аюултай

0

Урд хөршийн нийслэлд коронавирусийн шинэ дэгдэлт бодсоноос ч аюултай бөгөөд халуун уур амьсгалд маш хурдацтай тархаж болзошгүй байгаа талаар эрдэмтэд анхааруулжээ. Гадны хэвлэлүүдэд бичиж буйгаар, хятадууд Бээжинд дэгдсэн коронавирусийг Европоос зориудаар “зөөвөрлөн” тараасан хэмээн хардаж байгаа аж.

ХЯТАДУУД КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ДЭГДЭЛТИЙН БУРУУТНЫГ НЭРЛЭВ

Бээжингийн “Шиньпади” хэмээх хүнсний томоохон захаас коронавирусийн шинэ халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Хятад эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү шинэ дэгдэлт нь Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй юм байна. Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судлаачид энэ удаагийн дэгдэлт Европоос гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хятадын эрдэмтэд энэ удаад вирус маш эрчимтэй тархаж буй талаар мэдэгдсэн байна. Ухань хотод вирус хүйтний улиралд тархалт өндөртэй байсан бол Бээжингийнх халууны улиралд хурдацтай тархаж байгаа аж. Гэвч мэргэжилтнүүд эртнээс дэгдэлтийг зогсоож, хяналтад авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.

Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн тархвар судлаач Ву Цуньи “Бээжин цаг тухайд нь яаралтай арга хэмжээ авсан. Халдвар авсан хүмүүст хоёр хоногийн дараа шинж тэмдгүүд илэрч болно. Хэрэв тохиолдлын тоо мэдэгдэхүйц нэмэгдэхгүй бол тахал тогтворжсон гэж үзэх боломжтой” гэж хэлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн Даваа гариг  (2020.06.14)-т БНХАУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэнд санаа зовниж байна гэж мэдэгдсэн билээ. Түүний мэдээлснээр, сүүлийн 50 гаруй хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй Бээжинд халдвар голомтлон тархсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн бөгөөд нийт 100 гаруй тохиолдол илэрчээ.

ДЭМБ-ын тэргүүн “Халдвар дахин тархаж болзошгүй тул улс орнууд сонор сэрэмжтэй байх ёстой. Халдварын тархалтыг хяналтад авсан орнууд ч ялгаагүй. Бээжинд халдвар хаанаас тархсан болон тархалтын хүрээг судалж байна” гэж мэдээлжээ.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан “Халдварын шинэ голомт үүсэх, ялангуяа хаанаас тархсан нь тодорхойгүй байх нь санаа зовоосон асуудал байсаар ирсэн. БНХАУ дахь ДЭМБ-ын баг тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Covid-19-ийн тохиолдлын тоо тавдугаар сарын эхээр дөрвөн саяд хүрсэн бөгөөд үүнээс хойш тавхан долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотод илэрсэн халдварын шинж тэмдэггүй сүүлийн гурван тохиолдлын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарч, өнгөрсөн Даваа гариг (2020.06.14)-т эмнэлгийн хяналтаас гарсан байна. Тус хотын Эрүүл мэндийн хорооноос “Уханьд Даваа гаригийн байдлаар халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болж, тэдэнтэй ойр байсан бүх хүн эмнэлгийн хяналтаас гарсан. Халдварын шинж тэмдэггүй сүүлийн тохиолдлуудад хийсэн нуклейн хүчлийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж мэдээлжээ.

Уханийн оршин суугчдыг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтал болох 1174 хүнийг тогтоож, тусгаарласан байна.

Дээрх 300 халдвар тээгчээс бусдад халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Уханьд Даваа гаригийн байдлаар Covid-19-ийн батлагдсан, сэжигтэй нэг ч тохиолдол байхгүй гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

40 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНИЙ 32 НЬ ДОТРООСОО ХАЛДВАРЛАЖЭЭ

Эх газрын Хятадад Даваа гариг (2020.06.14)-т “COVID-19” халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэний 32 нь дотоодоосоо халдварласан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлсэн байна.

Дотоодоосоо халдварласан шинэ тохиолдлын 27 нь Бээжин хотод, дөрөв нь Хэбэй мужид, нэг нь Сычуань мужид бүртгэгджээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Хятадад энэ сарын 15-ны байдлаар халдварын 83221 тохиолдол бүртгэгдсэнээс 78377 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 210 хүн эмчилгээ хийлгэж буй юм байна. Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1845 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1752 нь эмнэлгээс гарсан бол 93 хүн эмчлүүлж буй бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, Даваа гаригийн байдлаар 4340 хүн эмнэлгийн хяналтад байсан бөгөөд тухайн өдөрт 225 хүн ажиглалтаас гарчээ. Мөн эх газрын Хятадад мөн өдөр халдварын шинж тэмдэггүй зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн өдрийн байдлаар 110 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 63 нь зөөвөрлөгдөн иржээ.

Энэ сарын 15-ны байдлаар Хонконгод коронавирусийн халдварын 1112, Макаод 45, Тайваньд 445 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгод дөрөв, Тайваньд долоон хүн нас барсан аж. Мөн Хонконгод 1067, Макаод 45, Тайваньд 443 хүн эдгэрсэн байна.

Хятадын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь “Даваа гаригийн өглөөний 6 цагийн байдлаар Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ хийх 193 хэсэг байгуулсан. Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Шиньфади” захтай холбоотой байсан” гэж хэлжээ.

Ням гаригийн 14:00 цагийн байдлаар “Шиньфади” захын ойр орчимд амьдардаг 47510 хүнээс сорьц цуглуулж, 6284-ийг нь шинжлэхэд бүгд сөрөг гарчээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “Шиньфади” зах дээр очсон 29386 хүнээс сорьц цуглуулж, 12973-ыг нь шинжлэхэд халдвар илрээгүй байна.

Эх сурвалж: REUTERSXINHUA

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.