Бээжин хот дараагийн Ухань болох аюул нүүрлээд байгааг анхааруулжээ

0

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Синфади хүнсний захаас эхтэй “COVID-19”-ийн халдварын голомттой холбоотой 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Бээжин хотын захиргаа даваа гаригт бүх сургууль, нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоон, хотын орох-гарах хөдөлгөөнийг бүрэн тусгаарласан.

Хятадын Эрүүл мэндийн байгууллага мягмар гаригийн орой нийслэлийн хэмжээнд онц байдлын зэргийг хоёрдугаар төвшинд хүргэж, нэмэгдүүлсэн болохыг мэдээлсэн. Албан ёсны тоо баримтад мэдээлснээр энэ сарын 11-16-ны өдрийн хооронд Бээжингийн баруун урд хэсгийн Фэнтай дүүрэг дэх Синфади хүнсний захтай холбоотой нийт 106 өвчлөл бүртгэгдээд байгаа аж. Үүнээс өмнө Бээжин хотод 56 өдрийн турш “COVID-19”-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Халдвар голомтлон тархсан Синфанди хүнсний зах нь бусад жижиглэн худалдаа эрхлэгчдээр дамжуулан 20.4 сая гаруй хүн амтай Бээжин хотын мах, махан бүтээгдэхүүн болон хүнсний ногооны хэрэглээний 80 хувийг дангаараа хангадаг байна.

Тиймээс Бээжин хот дараагийн Ухань болох эрсдэл үүсээд байгаа юм. Мөн мягмар гаригт БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Синфади хүнсний захын голомт нь хойд европын яргай загаснаас үүдэлтэй гэх дүгнэлтийг танилцуулсан. Тус төвийн ерөнхий тархвар судлаач, доктор Ву Зунюй захын лангуунууд дээрх бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд вирус халдварласан байж болзошгүй талаар мэдэгдсэн. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Бээжин хотын хүн ам, тархац, нягтаршил болон Синфади хүнсний захын аварга том нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарч нийслэлд үүсээд буй голомтод халдварын тархалт нь Ухань хотоос ч өндөр хурдтай тархах эрсдэлтэй байгааг онцолжээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын шинжлэх ухааны ахлах зөвлөх Зэнг Гуанг Бээжин хотыг хоёр дахь Ухань хот болгохгүйн төлөө мэргэжилтнүүд бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж мэдэгдсэн юм. БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гол хэвлэл болох “People’s Daily” сонинд Бээжин хотын голомт дээр халдвар тархахаас урьдчилан сэргийлэх 90000 албан хаагч,  100000 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дайчлан ажиллуулж, хамгийн түрүүнд масс оношилгоо хийх ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлсэн байна. Одоогоор Бээжин хотод өдөрт 90000 гаруй хүнийг коронавирусийн оношилгоонд хамруулах хүчин чадалтай байгаа аж.

Ийнхүү урд хөрш дахин халдвараас сэргийлэх арга хэмжээг дайны төвшинд шилжүүлж, тархалтыг таслан зогсоох, хязгаарлах шийдэмгий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Ажиглагчдын хэлж байгаагаар энэ оны эхээр Ухань хотод хэрэгжүүлсэн хөл хориотой харьцуулахад энэ удаад Бээжингийн эрх баригчид хотын орох-гарах болон дотоодод зорчих хөдөлгөөнийг түлхүү хязгаарлаж байгаа нь харагдаж байгаа аж.

Бээжин хотод дахин хөл хорио хэрэгжүүлж эхэлснээр мягмар гаригт тус хотын нисэх онгоцны буудлуудад хийгдэх хуваарьтай байсан нийт нислэгийн 40 хувь нь цуцлагджээ. Зөвхөн шинээр байгуулагдсан Дашинг олон улсын нисэх онгоцны буудал мягмар гаригт 260 нислэг цуцалсан байна.

Эх сурвалж: Caixin Global, The Times, Time, CNBC, SCMP

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.