Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Даян мэргэндээ хүндэтгэл үзүүлж амины орон сууц өглөө

0

Даваа гараг бүр Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болдог уламжлалтай.

Зөвлөгөөний эхэнд Улсын их баяр наадамд 40 сумнаас 38 онож түрүүлэн Монгол Улсын Даян мэргэн цол хүртсэн Ус хангамжийн цехийн ажилтан Д.Дэмбэрэлсайханд орон сууц олгох тухай Ерөнхий захирлын тушаал танилцуулж, орон сууцны түлхүүр гардуулж өгөх ёслол боллоо.

Д.Дэмбэрэлсайхан нь 2016 оны баяр наадамд түрүүлж Улсын мэргэн болж байсан юм.

Үйлдвэрийн захиргаанаас шинэхэн Даян мэргэнээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ийнхүү Эко хороололд амины орон сууц өгч цаашдын ажил үйлс нь өөдрөг байж спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.

Д.Дэмбэрэлсайхан нь Эрдэнэт үйлдвэрт 11 дэх жилдээ ажиллаж байна. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг юм. Тэрээр 10 жилийн өмнө үйлдвэрийнхээ Спорт ордны сурын харвааны төсөлд хамрагдан сурын харваагаар хичээллэж эхэлсэн түүхтэй.

Эрдэнэт үйлдвэр нь нийгмийн хариуцлагатай жишиг болсон уул уурхайн тэргүүлэгч үйлдвэрийн газар. Ажилчдынхаа нийгмийн асуудалд ихэд анхааран 24 төрлийн тусламж дэмжлэг үзүүлдгийн нэг нь орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх заалт юм. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөн, гаргасан амжилтыг нь үнэлэн, спортын тэмцээн уралдаанд түрүүлсэн олон тамирчдыг алдаршуулан өргөмжилдөг юм.

“Миний энэ амжилт нь үйлдвэрийн хамт олны,тэр дундаа цехийн удирдлагууд, ахмад харваачдын амжилт гэж бодож байна. Үндэсний сур нь үнэлэмж багатай байдаг. Сурын спортын түүхэнд анх удаа ийм хүндэтгэл үзүүлж орон сууц өгсөнд маш их баярлаж байна” гэж Монгол Улсын Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан сэтгэгдлээ хуваалцлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.