ЗГ: Гурван өдөр танхимд, хоёр өдөр теле хичээл үзнэ

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.7.29/ боллоо. Хуралдаанаар:

  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгах эсэх
  • Бүх шатны боловсролын байгууллагыг үе шаттайгаар нээх талаар Улсын онцгой комиссоос гаргасан саналыг хэлэлцэн, албан ёсоор баталгаажууллаа.
Энэ дагуу:
  • Есдүгээр сарын нэгнээс Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл
  • Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл
  • Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. 

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна. Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэнэ.

Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир арванхоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.

Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар 14.00 цагт Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийхээр болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.