УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарч, төсөв тодотгох болов

0

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудал нь Монгол Улсын 2020 оны төсөв. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байсан улсын төсөв 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, харин зарлага нь 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.

Улсын нэгдсэн төсвийн орлого:

  • 85.8 хувийг татварын орлого
  • 8.2 хувийг татварын бус орлого
  • 5.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого
  • 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ

ТӨСВИЙН ЗАРЛАГА 6.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ

Харин улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний хагас жилд 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 (33.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.1 (27.5%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардал 42.8 хувь, урсгал шилжүүлэг 41.3 хувь, хүүгийн зардал 8.4 хувь, татаас 7.5 хувийг эзэлж байна.

Хөрөнгийн зардалд 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1228.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Хөрөнгийн зардал өсөхөд барилга, байгууламжийн зардал 293.2 (62.4%) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 165.9 (2.6 дахин) тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 129.5 (6.4 дахин) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 0.7 (2.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөрөнгийн зардалд:

  • Барилга байгууламжийн зардал 62.1 хувь
  • Бусад хөрөнгийн зардал 21.7 хувь
  • Тоног төхөөрөмжийн зардал 12.5 хувь
  • Их засварын зардал 2.6 хув
  • Стратегийн нөөц хөрөнгө 1.1 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ

2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа Монгол Улсын төсвийг ирэх наймдугаар сарын 17-нд тодотгох гэж байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засагт учирч буй сорилтыг даван туулахад олон улсын байгууллагын зүгээс төсөвт дэмжлэг үзүүлж байгаа билээ.

эх сурвалж : news.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.