Н.Алтанхуяг: Ард түмний мөнгийг хадгалдаг, түүнээс санхүүждэг банкны эздийг зарла

0

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хамгийн ихдээ 20 хүртэлх хувийн хувьцааг эзэмшиж, үлдсэн хувийг олон нийтэд санал болгох замаар банк нээлттэй  компани болох юм байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгохоор тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд хууль санаачлагч болон Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авав.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд сүүлийн гучин жилд 30 орчимбанк байгуулагдсанаас 14 нь дампуурсан. Тэдэн дунд нээлтэй хувьцаат компани болсон банк ч байсан. Анод, Зоос банк нээлттэй компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгож, зах зээлээс 22 тэрбум төгрөг босгож байсан. Харамсалтай нь дампуурч, хувьцаа авсан олон тргэн хохирсон шүү. Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахын тулд төр болон хадгаламжийн даатгалын корпорациас 300 орчим тэрбум төгрөг гаргасан байдаг. Энэ гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байна уу? Нөгөө талд гадаадын төрийн өмчит компаниуд хувьцаа авах гээд өмчлөөд авбал та нар хэний мөнгө, хаанаас оров гэдгийг таних уу?

-Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Анод, Зоос банк нээлттэй хувьцаат компани болчихоод дампуурсан нь үнэн. Гэхдээ энэ Компанийн тухай хуульд  өөрчлөлт орохоос өмнө болсон явдал. Одоо эрсдэлийг Компанийн тухай хууль болон Банкны тухай хуульд сайтар тусгаж байгаа.

Эцсийн өмчлөгчтэй холбоотой нарийн зохицуулалтуудыг оруулж байна. Цааш эцсийн өмчлөгч хэн бэ гэдгийг сайтар шалгаж тогтооно. Хөрөнгө оруулалтын тухай хуультай уядлаад явна. Аливаа улсын төрийн компани орж ирвэл тодорхой байгууллагуудаас зөвшөөрөл авна. Энэ нь  үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гаднын төрийн өмчит компанийн хувьцаа худалдан авах эрхийг нээлттэй байлгаж байгаа юм уу, хязгаарлаж байгаа юм уу. Нөгөө талд төрийн өмчит компаниуд дээр маш хэмжээний мөнгө явж байгаа. Тэгэхээр банк нээлттэй компани болгочихоор банкууд дээр байгаа төрийн өмчийн стратегийн компаниудын зээлээр дамжин гаднын төрийн өмчит компанийн хувьцааг худалдан авах эрсдэлтэй юм биш үү. Үүнийг ямар байдлаар зохицуулж байгаа юм бэ?

-Монголбанкны Ажлын хэсгийн гишүүн: Нэг хувьцаа эзэмшигч банкны 20 хувийг эзэмшинэ гэдэгт түүний холбогдох этгээдийг хамруулж өгсөн. Нэг эзэмшигч 20 хувийг эзэмшсэнээр тухайн банкийг удирдах эрхийг дангаараа эзэмших боломжгүй. Нэгд гадаадын төрийн өмчит компани Монголын банкны хувьцааг худалдаж авна гэвэл 20 хувийн хязгаарлалтад орно. Үүнээс дээш хувиар хувьцаа авах боломжгүй. Банк үнэт цаас худалдан авах үйл ажиллагаа Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр мөн хязгаарлалтын хүрээнд явна. Тухайн банкны худалдан авах үнэт цаасны нийт хэмжээ  нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй, нэг компанийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалттай. Аливаа банкны хувьцааг эзэмшиж авсан этгээд тухайн компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй. Хоёрт банкны хувьцааг эзэмшиж байгаа хуулийн этгээдийн бүтцэд нь өөрчлөлт орвол тухайн этгээд энэ харилцаа холбоон дээрээ Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлагатай.

Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гаднын төрийн оролцоотой компани байлаа гэж бодвол түүнийх нь 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт орвол мөн Монголбанкнаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл олгохдоо улсын үндэсний аюулгүй байдал, банкны өөрийн хөрөнгийн хэмжээ, банкны тогтолцоонд учруулах эрсдэлийг тооцож, зөвшөөрөл олгох, олгохгүйг шийднэ. Монголын банкны хувьцааг эзэмших замаар гаднын төрийн өмчит компаниуд дотоодын стратегийн төрийн өмчит оролцоотой компаниуд, уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын хувьцааг авч удирдах боломж Банкны тухай хуулиар зохицуулах боломжгүй.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Стратегийн төрийн өмчит компаниудын хувь эзэмшлийг худалдаж авах асуудал дээр тавьж байгаа хязгаарлалтыг дахин харих ёстой шүү гэдгийг хууль санаачлагчдад хэлье. Бусад улс оронд цэрэг зэвсгийн, ураны чиглэлийн стратегийн төрийн өмчит компаниудын хувьцааг гадаад улсын хуулийн этгээд, иргэн худалдаж авахыг хориглодог. Бүр нэр зааж хориглодог. Манайд бас нэр зааж, ямар салбарын компаниудын хувьцааг худалдан авахыг хориглох вэ гэдгийг хязгаарлах замаар бол эвгүй. Жишээ нь 10 банкаар дамжаад 10 хувийг эзэмшихвэл тухайн компанийг 100 хувь худалдан авах боломж байгаа л байхгүй юу?

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулийн 36.12-т аливаа этгээд болон түүний холбогдох этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж байгаа бол өөр банкин дээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болохыг хориглосон зохицуулалт үйлчилж байна. Энэ дагуу аливаа этгээд банкны хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшсэн бол өөр банкин дээр 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Энэ заалт нь холбогдох этгээдэд ч хамаарна. Ажлын хэсэг дээр яриад үүнээс цааш гарах эрсдэлийг тооцож хуулийн төсөлдөө тусгаад явна.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Эдийн засагт гарсан том завхрал банкуудтай холбоотой байдаг.  Бүх банкны дампуурал улстөрчид, Монголбанктай холбоотой байсан. Энэ хууль банкууд банкны ажлаа хийдэг болгоход чиглэмээр байна. Учир нь өнөөдөр банкууд лиценз, газар барьцаалж, хийхгүй бизнес гэж алга, холбогдохгүй улстөрч гэж байхгүй. Үүнийг л өөрчлөөд өг л дөө. Банк бол банкны журмаар л ажилла. Өнөөдөр банк төрийн юм бүхнийг паразиталдаг. Ялангуяа төрийн өмчийн компаниудыг шимэгчилж байна. Бүх сангуудыг шимж амьдраад, өөрөө аалз шиг хагараад дуусч байна. Үүний цаана Монголын ард ард түмэн хохирдог. Тиймээс энэ хуулийг зөв чиглэлд нь гаргах ёстой. Арилжааны банкны хувьцаа эзэмшигч нарыг юун гурав, зургаан жилийн дараа зарлах вэ. Процесс нь тэгж явдаг л юм байгаа биз. Өнөөдөр ард түмний мөнгийг хадгалж байгаа, түүнээс санхүүждэг банкны 80 хувийг хэн эзэмшээд байгаа юм, эзэн нь хэн юм гэдгийг зарла л даа. Яагаад ийм хаалттай хулгайн бизнес яваад байна вэ. Үүнийг зарла, нуудаг хулгайг ил гарга. Худалдаа хөгжлийн банк, Голомтын ард хэн байдаг юм. Банкны эздийг ил гаргаад тэр нь тэдэн хувьтай гээд хэл. Одоо энэ хуулиар нэг этгээд 20-иос дээш хувь эзэмшиж болохгүй гэж байгаа юм байна. Энэ хүрээндээ ил тод болгоод цэгцлэх хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж байга гэдгээ хэлмээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.