Жо Байдены НАМТАР: 30 настай сенатчаас Төрийн тэргүүн хүртэлх замнал

0

Америкийн улс төрч Жозеф Робинетт Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд ялалт байгууллаа. 30 настайдаа сенатын гишүүнээр сонгогдож, түүнээс хойш тасралтгүй 35 жил ажиллаад, дэд ерөнхийлөгч болсон түүний намтраас хүргэж байна. 

Жо Байден дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисын хамтЖо Байден дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисын хамт

Жозеф Робинетт Байден 1942 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Пенсильвани мужийн Скрантонд төржээ.

Тэрбээр 2009 оны нэгдүгээр сарын 20-ноос 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл АНУ-ын 47 дугаар дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Ерөнхийлөгч Барак Обаматай хамт сонгогджээ. Дэд ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ 1973-2009 онд 35 жилийн турш Делавэр мужаас сонгогдсон Сенатын гишүүнээр ажиллаж байв.

Жозеф Робинетт Байден /аав/ (1915—2002), Кэтрин Южиниа “Жин” Финнеган (1917—2010) нарын ууган хүү болон мэндэлсэн тэрбээр гурван дүүтэй. Ээжийнх нь өвөг эцэг Ирландын Лаут эсвэл Дерри мужаас гаралтай гэдэг бол аавынх нь өвөг эцэг Уиллиам Байден Английн Сассекст төрсөн  бөгөөд АНУ руу цагаачилжээ.

Түүний өвөө Эдвард Ф. Блюитт Пенсильвани мужийн сенатын гишүүн байв.

Жо Байден Жэймс Брайан, Франсис болон Валери Оуэнс хэмээх гурван дүүтэй.

Баруун талаас 2 дахь нь Жо Байден. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү Баруун талаас 2 дахь нь Жо Байден. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү

Тэрбээр Уилмингтонд Гэгээн Еленагийн сургуульд сурсан ба Делавэр мужийн Клэймонд дахь Арчмер академийг дүүргэжээ. Дараа нь Делавэрийн их сургуульд суралцаж 1965 онд төгсөөд түүх, улс төрийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. 1968 онд Байден  Нью-Йорк мужийн хуулийн Сиракузын их сургуулийг төгсөж, тухайн ондоо хүний эрхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

Хүүхэд насандаа Байден үргэлж зогьсдог байсан ч түүний хэл яриа аажмаар сайжирсан байна. Тэрбээр шүлэг цээжлээд толинд харж уншдаг байсан болохоор хэл яриа нь сайжирсан гэж ярьдаг.

Жо Байден 25 настайдааЖо Байден 25 настайдаа

Байден согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд энэ талаараа тэрбээр “Гэр бүлд маань хангалттай олон архичид байсан” хэмээн нэгэнтээ ярьж байжээ.

1972 онд Жо Байдены анхны эхнэр Нелиа болон тэдний охин Наоми нар автын ослоор амиа алджээ. Тэдний хөвгүүд Бо, Хантер нар мөн машинд байсан бөгөөд хүнд гэмтэж бэртсэн ч амь аврагдсан байна. Байдены хувьд хөвгүүддээ анхаарал, халамж тавих нь нэн чухал асуудал байв.

Анхны эхнэр Нелиа болон Бо, Хантер нарын хамтАнхны эхнэр Нелиа болон Бо, Хантер нарын хамт

1973—2008 ОН

Жозеф Байден 1972 онд 30 настайдаа сенатын гишүүн болсон бөгөөд түүнээс хойш Делавэр мужаас 35 жилийн турш сонгогджээ. Эхнэр охин хоёроо алдсанаас хэдхэн долоо хоногийн дараа тэрбээр автын осолд орсон хүүгээ эмчлүүлж байхдаа эмнэлэгт тангараг өргөсөн юм.

Эхнэр охин хоёроо алдсанаас хэдхэн долоо хоногийн дараа тэрбээр автын осолд орсон хүүгээ эмчлүүлж байхдаа эмнэлэгт тангараг өргөсөн юм.Эхнэр охин хоёроо алдсанаас хэдхэн долоо хоногийн дараа тэрбээр автын осолд орсон хүүгээ эмчлүүлж байхдаа эмнэлэгт тангараг өргөсөн юм.

1974 онд Тime сэтгүүл сенатын гишүүн Байденыг “Ирээдүйд түүх бүтээх 200 эрхэм”-ийн жагсаалтдаа багтаасан байна.

Хоёр дахь эхнэр Жилл болон Бо, Хантер нарХоёр дахь эхнэр Жилл болон Бо, Хантер нар

Жо Байден эхнэр Жиллтэйгээ 1977 онд гэрлэжээ. Түүний хөвгүүд Бо, Хантер хоёр аавдаа ахлах сургуулийн англи хэлний багш Жилл Жакобст гэрлэх санал тавих цаг болсон гэж хэлж байсан гэдэг. Удалгүй Жилл багшийн ажлаа орхиж хүүхдүүдээ асрах болжээ. Жо, Жилл хоёр 1980 онд охиноо өлгийдөн авсан байна. Ах нар нь дүүдээ Эшли нэр өгсөн байна. Удалгүй Жилл Виржиниагийн коллежод англи хэлний профессороор ажиллах болжээ.

Охин Эшли, хүү Бо, Хантер нарОхин Эшли, хүү Бо, Хантер нар

Жо Байден 1987-1995 онд сенатад шүүхийн хороог тэргүүлж байв.

1988 онд 46 настайд нь түүний тархины хоёр судсанд цүлхэн үүсэж, эмнэлэгт яаралтай хүргэгдэн хагалгаа хийлгэжээ. Мэс засал хийлгэснээс хойш долоон сарын дараа тэрбээр ажилдаа эргэн орсон байна.

Байден 1995-2007 онд АНУ-ын Конгрессийн Арменийн асуудлыг хариуцсан ажлын хэсэгт орж ажиллаж байжээ.

Тэрээр Азербайжаны эсрэг 907 дугаар нэмэлт өөрчлөлтийг батлахад, мөн Армени болон Уулын Карабахын бүгд найрамдах улсад 1992—2008 онд Америкийн  санхүүгийн тусламж үзүүлэх үйл явцад саналаа өгч байв.

2001—2003,  2007—2009 онд гурвантаа олон улсын харилцааг хариуцсан сенатын хорооны даргаар ажилласан байна.

АНУ-ЫН 47 ДАХЬ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

47 дахь дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо47 дахь дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Байден 35 жилийн турш Делавэр мужаас сонгогдсон хамгийн туршлагатай гишүүдийн нэг. 2008 онд дахин сенатын гишүүнээр сонгогдохоор сонгуульд бэлтгэж байв. Харин Барак Обама намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсны дараа 2008 оны наймдугаар сарын 23-ны өдөр Жозеф Байденыг Дэд Ерөнхийлөгчид нэр дэвших улс төрчөөр сонгожээ. Байден үүний дараа ч сенатын кампанит ажлаа үргэлжлүүлсээр байв.

2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд сонгуульд ялалт байгуулсан бөгөөд тухайн өдрөө Байден мөн Делавэр мужийн сенатын гишүүнээр дахин сонгогджээ. 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болсон тангараг өргөх ёслолоос тав хоногийн өмнө Байден сенатын гишүүний суудлаасаа буусан байна.

2012 ОНД ДАХИН СОНГОГДСОН НЬ

2012 онд АНУ-ын Ардчилсан нам дэд ерөнхийлөгчийн суудалд дахин Жо Байдены нэрийг дэвшүүллээ. Энэ сонгуульд Обама, Байден нар ялалт байгуулж, хоёр дахиа сонгогдсон байна.

2015 онд Байден ууган хүүгээ алдлаа. Улс төрч, хуульч Бо Байден Делавэр мужийн үндэсний гвардийн гишүүн байсан бөгөөд Иракт  алба хааж байжээ. Бо Байден 46 насандаа тархины хорт хавдраар таалал төгсжээ.

2015 онд ууган хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас нас баржээ2015 онд ууган хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас нас баржээ

2017 оноос хойш

2017 онд Дональд Трамп Ерөнхийлөгч болсны дараа Жо Байден Пенсильванийн их сургуулийн оюутнуудад олон улсын дипломат ёсны хичээл заахаар шийджээ. Түүнчлэн тэрбээр дипломат харилцаа, гадаад улс төр болон үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг шинэ төвийг удирдах болсон байна. Гэвч Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ дуулгаж байв.

2020 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Жозеф Байден 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, Твиттертээ “Манай үндэстний хамгийн гол үнэ цэн бол… Бидний оршин тогтнол… Бидний ардчилал… Америкийг Америк болгож, газрын зураг дээр тэмдэглэсэн бүх зүйл… Ийм л учраас би өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлаж байна” гэжээ.

Өдгөө 78 настай Жо Байдены сонгуулийн штабаас  нийтэлсэн эмчийн дүгнэлтэд түүнийг эрүүл мэндийн хувьд улс орны тэргүүний үүргийг биелүүлэх бүрэн чадвартай, “эрүүл чийрэг”, “Америкийн засаг захиргаанд ажиллахад нь саад болох ямар нэг өвчин эмгэг байхгүй” гэжээ. Эмчийн дүгнэлтээр Байдены зүрхний хэмнэл хааяа алдагддаг ч ноцтой хүндрэл учруулахгүй гэсэн байна. Түүнчлэн уг дүгнэлтэд Байденыг архи, тамхи хэрэглэдэггүй, спортоор байнга хичээллэдэг тухай дурджээ.

Хэвлэлээр Байден болон түүний хүү Хантер нарыг Украины байгаль орчны сайд асан, байгалийн хийн олигарх, Burisma Holdings компанийн эзэн Николай Злочевскитэй холбоотой хэмээн буруутгаж байв.

Жо Байден сонгуульд өрсөлдөх гэж буйгаа зарласны дараа хүү Хантер Байден Burisma Holdings компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарчээ.

2019 оны аравдугаар сард телевизийн мэтгэлцээний үеэр Байден өөрийнх нь төрийн албанд ажиллаж байгаа явдал болон хүү Хантерийнх нь Украйны “Буризма” хийн компанийн ТУЗ-ийн гишүүн байх хоёрын хооронд ямар нэг ашиг сонирхлын зөрчилдөөн олж харахгүй байгаагаа хэлээд, хүүгээ буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байна гэжээ.

“Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хүү маань Украинд ажиллах шийдвэрээ бие даан гаргасан. Ийм сонголт хийсэнд нь би хүүгээрээ бахархаж байна” гэжээ.

2020 оны наймдугаар сарын 18-нд түүнийг албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр зарласан байна.

Түүний үзэл баримтлалаас:

  • Байден Афганистанаас америк цэргүүдийг яаралтай гаргах шаардлагатай гэж үздэг бөгөөд  төрийн тэргүүн болсныхоо дараа талибуудтай хэлэлцээр хийж эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Гэлээ ч АНУ дэлхийн бусад “халуун цэгүүдэд” цэргээ оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг аж.

  • ОХУ болон Хятадын кибер халдлагаас хамгаалах системийг АНУ улам боловсронгуй болгох ёстой гэж үздэг.

  • Трампын татварын бодлого “дундаж давхаргынхныг боомилж байна” гэх бөгөөд “өндөр орлоготой хүмүүст олгодог татварын бүх хөнгөлөлтийг үгүй хийх нь зүйтэй” гэж үздэг.

Шагнал

Ерөнхийлөгч Барак Обама Байденыг АНУ-ын иргэдэд олгодог  төрийн дээд шагнал Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнажээ. Мөн тэрбээр Эллис арлын хүндэт медаль, Эстони, Пакистан, Гүрж, Латви, Ирак, Украин улсаас одон медаль хүртэж байв.

Ийнхүү тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамптай өрсөлдөж, 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

gogo.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.