Эмгэнэл

0

Гүндсамбуугийн САНДУЙЖАВ

/1940-2020/

 

Төрийн соёрхолт,  аж үйлдвэрийн гавъяат ажилтан, нэрт геологич, ахмад уурхайчин   Гүндсамбуугийн  Сандуйжав 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир таалал төгсөж Эрдэнэтчүүд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.

Г.Сандуйжав нь 1940 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг Цахирын өвөр гэдэг газарт мэндэлжээ.

1948-1958 онд дунд сургуулийг дүүргэж, улмаар Чех улсын нийслэл Праго хотын Карлын их сургуулийг геологич мэргэжлээр суралцан төгсжээ.

1966-1972 онд Эрдэнэтийн овооны ордын геологи хайгуулын ангид инженер, ахлах инженер, ахлах геологич, ерөнхий геологичоор ажиллаж байгаад 1972-1978 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны дэргэдэх Геологийн үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний институтэд өнгөт металлын тасгийн эрхлэгч, 1981-1988 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөх мэргэжилтэн, 1988 оноос гавьяаныхаа амралтад гарах хүртлээ “Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангид ахлах, Ерөнхий геологич, даргаар ажиллаж байв.

1966-1968 онд Эрдэнэтийн овооны орд газрыг судлах Монгол-Чехсловакийн геологийн Экспедицийн “Эрдэнэтийн овоо дахь эрэл үнэлгээний хайгуулын ажил”-д Монголын талыг түүчээлэн оролцож, Эрдэнэтийн овооны урьдчилсан хайгуулыг богино хугацаанд дуусгах, геологийн нөөцийг тогтоох, зэс молибдений үйлдвэрийг барих нэн хариуцлагатай үүргийг тухайн үед үүрч гарсан гавьяатнуудын нэг байлаа.

Төрийн соёрхолт геологич Г.Сандуйжав нь Эрдэнэтийн овооны орд газрын эрэл хайгуулын судалгааны ажилд гар бие оролцон идэвхтэй ажиллаж байсан төдийгүй Дорноговь аймгийн Цагаансуваргын ордыг нээн илрүүлэх, Хөтөлийн Шохойн чулууны ордын ашиглалтын болон гүйцээх хайгуул, Төв аймгийн Заамарын алтны шороон ордын эрэл хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт геологич байлаа.

Монгол Улсын геологи, ул уурхайн үйлдвэр, эдийн засгийн салбарт чухал ач холбогдолтой, дэлхийд томоохонд тооцогдох зэс-молибдений их нөөц бүхий Эрдэнэтийн ордын хайгуулын бүх шатны ажилд оролцсон түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 1973 онд “Төрийн шагнал”, Монгол болон Чехсловак улсын “Тэргүүний геологич”, Төрийн дээд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Геологи уул уурхайн яамны тэргүүний ахмад ажилтан, Эрдэнэт хотын хүндэт иргэн болон “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж байв.

Нэрт геологич Г.Сандуйжав нь олон түмнийхээ дунд нэр хүндтэй, төлөв даруу, зарчимч шударга, хөдөлмөрч, эвсэг сайхан зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Түүний найз нөхөд, шавь нар болон ах дүү төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, Эрдэнэтийн уурхайчид, үр хүүхдүүд та бүхэнд эмгэнэл илэрхийлье!

 

ОРХОН АЙМГИЙН

ИТХ, ЗДТГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.