Г.Эрдэнэбаяр : Ирээдүйд Монгол улсыг авч явах иргэнийг өнөөдрөөс зөв, сайн хүн болгон төлөвшүүлэх нь чухал

0

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрдэнэбаяр нь хүүхэд, гэр бүлийн асуудал голлон хариуцан ажилладаг юм. Түүнээс энэ чиглэлийн ажлын мэдээллийг  тодрууллаа.

 

 Энэ өдрийн мэнд хүргэе Хүүхэд хамгааллын чиглэлээр болон хүүхдэд чиглэсэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар, ямар ажил арга хэмжээг ЦГ-аас зохион байгуулж ажиллаж байна вэ?

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2020 онд МУ-ын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагсдан Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн” 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны салбар төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх олон талт нөлөөллийн шат дараалласан арга хэмжээнүүд зохион байгууллаа.

Тухайлбал: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улс орон даяар зохион байгуулсан Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  “Сүүдэр бүү тусга”, “Хичээл эхэллээ” зэрэг арга хэмжээнүүдийг салбар төлөвлөгөө гарган Орхон аймгийнхаа хэмжээнд зохион явуулсан.

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас хэдийгээр аймгийн Онцгой комиссын  шийдвэрээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон цахим тоглоомын үйл ажиллагааг бүрэн зогсоосон ч хүүхдийг цахим халдлага, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Цахим тоглоом”-1, 2, 3 тусгай арга хэмжээнүүдийг улирал бүр, зам тээврийн осол гэмтэл, бусад зөрчлөөс урьдчилан сэргйилэх зорилгоор “Анхаар хүүхэд”, “Хүүхдийн тоглоомын талбай”, “Миний гэр бүл хүчирхийлэлгүй”, Цар тахлын хүнд хэцүү үед “Гэр бүл, хүүхдээ анхааря” гэх мэт тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Мөн сүүлийн үед аюулын харанга дэлдэж байгаа чимээгүй тахал болсон Хар тамхи, мансууруулах бодисонд хордох явдлаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг ухуулан таниулах, өсвөр үе, залуучуудыг  тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар “Газ”, “Хор хөнөөл” зэрэг тусгай арга хэмжээнүүдийг орон нутгийн хэмжээнд явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз радиогоор сурталчилан ажилласан.

Улсын баяр наадам болон хорио тавигдсан хэсэг хугацаанд томоохон уралдаан тэмцээнүүдэд, мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд зориулалтын суудалд суулгаж явах зэрэг тал дээр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн онцгой анхаарч ажиллаж байна.

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон Төрийн бус байгуулагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг эхлүүлсэн.

Энэ төслийг Орхон аймагт хэрэгжүүлэн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр гарсан 2 эмэгтэй алба хаагчийг сонгон авч, хүүхэд хамгаалагч эргүүлээр ажиллуулж байна. Энэ 2 алба хаагч маань доороо сайн дурын 10 эргүүлийг удирдан зохион байгуулж, хүүхэд сургуульд ирэх, буцах чиглэлд болон гэрэлтүүлэг муутай гудамж талбай нарийн зөрөг зэрэг газруудад эргүүлээр ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 01 албан даалгаварт “Төрийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөл байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллуулах” гэж заасан  төрийн байгууллагуудад эцэг, эхийн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа эсэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, тэр дундаа хүүхдийг зам, тээврийн хэрэг, осол, зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тал дээр хяналт тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл, хийсэн ажлын тайланг хүлээн авсан .

Орхон аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль дээр сургуулийн Нийгмийн ажилтнаар ахлуулсан “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” ажиллаж сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх үе тэнгийхний зөв нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний дөрийн хүүхэд холбогдсон гэмт хэрэг 16 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс -56,8%-иар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа  хэдий ч хэргийг эрт илрүүлэх, хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт санаа бодлоо хэрэгжүүлэх байдлыг таслан зогсоох шаардлагатай  байна.

Мөн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг Цагдаагийн байгууллагын хяналтанд авч, тэдэнд болон тэдний хүрээллийн найз нөхөд үе тэнгийхэнд ухуулга нөлөөлөл, гэмт хэргийн хор хөнөөл, хор уршиг зэргийг ойлгуулах чиглэлээр нэлээдгүй ажил арга хэмжээ явуулж байгаа нь хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх чухал ажил болж байна.

Цагдаагийн төв байгууллагаас 2020 онд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яахавдээ”, “Ятгах тусам нягтал”, “Байгалиа хамгаалъя” зэрэг онцлог арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээ явагдаж байх цаг хугацаанд гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр буурч, иргэд олон нийтээс ихээхэн талархал хүлээж эерэг үр дүн гарсан бодит ажил болсон.  Яг үүнтэй адилхан аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэрийлэх тусгай арга хэмжээнүүдийг явуулж байх цаг хугацаанд хэрэг, зөрчил тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байдаг.

 

Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарах, тэдний санаа бодлыг сонсох тал дээр ямар байдлаар хандах нь оновчтой вэ?

Монгол хүүхдүүд бусад улс орны хүүхдүүдийг бодвол харьцангуй хүмүүжил, хатуужил сайтай, оюуны цар хүрээ өндөр гэж дүгнэгдсэн байдаг.

Миний бие ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалт сурталчилгаа ухуулга нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Ажиглалт, асуулт хариулт зэргээс үзэхэд хүүхдүүд ер нь бол технологи талдаа сонирхолтой, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зорилго нь бидний хүүхэд байхад бодож байснаас тэс өөр байгаа юм.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа яг л түүний найз нөхөд шиг, хамгийн сайн сонсогч нь байх хэрэгтэй. Аав ээж нь хүүхдээ сонсдоггүй учраас хүүхэд найз нөхөд бусад муу хүмүүст өөрт тулгарсан асуудлаа ярьдаг. Тэр ч бүү хэл танихгүй хүнд хүртэл өөрт тохиолдсон асуудлаа ярьснаас болж гэмт хэрэгт өртөж хохирох олзлогдох тохиолдол гарч болзошгүй.

Хэн ч хүүхдээ муу хүн болгохыг хүсдэггүй, тэгсэн мөртлөө хүүхдээ хаана хэнтэй юу хийж явааг мэддэггүй. Хамгийн наад зах нь гар утасныхаа дэлгэцийг хагалахаас айж, хайрладаг мөртлөө хүүхдэд гар хүрч, хүүхдийн дэргэд тамхи татаж, архи уух, тэр ч бүү хэл  хүүхдийг дагуулан замын гарцгүй газраар гарах, хөдөө амралт зугаалгаар явахдаа гол ус гарахдаа хүртэл гарамгүй газраар гарах, хүүхдийг зориулалтын суудалд суулгахгүй байх тохиолдол таслан зогсоогдохгүй байна.

Та хүүхэддээ анхаарал тавихгүй бол өөр хэн нэгэн муу хүн хүүхдэд чинь анхаарал тавина шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний энэ үгний цаана их олон агуулга бүхий зүйл байгаа.

Хүүхдийн сул тал, ар гэрийн анхаарал халамж муу, асуудалтай байгаа зүйл дээр эмзэг талыг нь харж гэмт этгээдүүд гэмт хэрэгт татан оролцуулах, уруу татах эрсдэлтэй.

Хүүхэдтэй харьцахдаа урамшуулсан, түүнийг сэтгэл зүрх, зоригийг  бадраасан, итгэл өгсөн, ирээдүйн зорилго зорилтыг нь сонсож түүнийг нь дэмжсэн, хамгийн сайн сонсогч зөвлөгч нь байх хэрэгтэй.

Тэрнээс ерөнхийд нь миний хүү, охин сайн байна, мундаг шүү гэх нь гол биш ээ. Яг тухайн мөчид буюу чи энэ ажлыг хийсэн, энэ тоог бодож чадаж байгаа чинь, тэр зүйлийг хийж чадаж байгаа чинь л мундаг байна гэж цаг тухай бүрт нь урамшуулж байх нь эрүүлээр хүүхэддээ нөлөөлж байгаа хэлбэр юм.

Мөн үг дааж сургах, сэтгэлийн хат, бие бялдарын хөгжил, Монгол ёс заншил, оньсон тоглоом, үлгэр туйлс, хүнийг хүндэтгэх, мэндлэх ёс, биеэр хэрхэн авч явах, байгаль дэлхийгээ хайрлах, мал ахуйтай харьцах зэрэг уламжлалыг хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургах хэрэгтэй. Тэрнээс үг дааж сургаж байна гээд загинаад, урамшуулж байна гээд мөнгө өгөөд бай гэсэн ойлголт биш ээ. Монголчууд их хошин мэдрэмжтэй хүмүүс юмаа, ярилцдаггүй байж уурлаад яахав дээ, харих гээд яараад яахавдээ гэх мэт трейнд үг нь хүмүүст хүрсэн нь харагдаж байна.

Хэдийн бид мэдээллийн эрин зуун, 21-р зуун гэж ярьж байгаа боловч Монголын зүйр цэцэн үгс, баатарлаг түүх, өвөг дээдсийн сургууль зэргийг аав ээжүүд өөрсдөө хүүхдүүддээ ярьж таниулж, тэдэнтэй өнгөрөөх цаг хором бүхнийг үнэ цэнэтэйд тооцож гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хэрэгтэй байна.

Хамгийн наад захын жишээ нь 12 сарын 29-ний өдөр яагаад бүх нийтээрээ амарч байгаа бэ? гэж хүүхэд асуувал “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр” гэж хэлээд орхих биш нарийн учир шалтгааныг нь ойлгуулан таниулах хэрэгтэй.

Анчин нохойд юу ч мэдэхгүй гөлгийг дагуулан анд сургадаг, хурдан азраганы төл хурдан л байдаг, төгөлдөр хуурчийн хүүхэд урлагийн хүн болдог, хуульчийн хүүхэд хуульч болдог шүү дээ. Тэгэхээр та ямар үлгэр дууриалал үзүүлнэ, таны хүүхэд тийм л хүн болно.

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.