МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Б.Сугарбат тэргүүтэй албаны хүмүүс Монгол улсын 10 аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар орон нутагт ажиллаж байна.
Тэд өнөөдөр Орхон аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Мөн Орхон аймгийн удирдлагууд болон ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, байгууллагын дарга нартай уулзаж мэдээлэл солилцлоо.
Орхон аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хөдөө аж ахуй болон хотын өвөлжилтийн бэлтгэл ажил гэсэн хоёр үндсэн чиглэлд ангилан хэрэгжүүлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн байдлаар ерөнхийдөө 60 гаруй хувьтай байна. Энэхүү уулзалтын үеэр Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Нурбек, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлаарх мэдээллийг Хотын захирагчийн албаны мэргэжилтэн Г.Тулгабаатар, Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл, Боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Эрдэнэбулган нар мэдээлэл хийж, танилцууллаа.
Орхон аймгийн хувьд Эрдэнэт хотын төвийн хэсэг, бичил хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр тэжээж байдаг ЦРП-2 дэд станц 1979 онд ашиглалтад орсон бөгөөд өвлийн ид ачааллын хувьд 130-160 хувийн ачаалал авч ажилладаг учир уг дэд станцыг яаралтай өргөтгөх шаардлага тулгамдаад байна. Мөн сүүлийн жилүүдэд Орхон аймагт үер усны гамшигт үзэгдэлийн давтамж нэмэгдэж, түүнээс гарах хор хохирол өндөр байгаа тул үерийн ус зайлуулах далан, суваг шуудууг цогцоор нь шийдвэрлэх нь иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах хэрэгцээнд зайлшгүй тулгараад байгааг энэ үеэр Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд уламжиллаа.
Монгол улсын Шадар сайдын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг чанартай хангах, ингэхдээ иргэдийн өөрсдийн оролцоог сайтар нэмэгдүүлэх, цаашид дэлхий дахинд газрын тосны үнэ ханш өсөх хандлагтай байгаа тул аймаг орон нутгийн түвшинд шатах, тослох материалын нөөцийг сайтар нэмэгдүүлэх, шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэх чиглэлээр үүрэг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.