Итгэлт Хамба, Улаан-Үдийн аяллын тэмдэглэл

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Тун ч санаандгүй олдсон завшаан минь надад Улаан-Үд, Итгэлт хамбад аялж бурхан шашны түүх бүтээлтэй танилцах, шинэ орон үзэх, дурсамж бүтээх боломжийг өгсөн юм

Бид өглөө 8.00 цагт цуглаж, Улаанбаатар хотоос гараад оройн 18.00 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хил дээр ирэв.  Хоёр улсын хилээр гарахад оочер дараалалгүй сэлүүхэн байсан тул санасныг бодвол хурдан нэвтэрч, 210км орчим яваад Улан-Үдэ хотод ирж, оройн хоолоо идээд буудалдаа байрлав.

Өглөө эртлэн босч гаднах орчноо тольдвол хуучны байшин, хашаа бүхий жижиг тосгонууд, сааралтсан утаа гээд Улаанбаатар хотын хаа нэгтэй харсан танил дүр зураг харагдав. Оросын хамгийн захын нутаг болоод ч тэр үү хөгжлийн хувьд буурай орон байлаа. Гэхдээ цаанаа л нэг нам гүм, амгалан санагдах шиг.

-БҮСГҮЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР ХЭСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭВ-

Бидний аялал дэлгүүрийн аяллаар эхлэх хуваарьтай байсан тул 8.30 цагт нэг давхрын ресторанд нь цуглаж, өглөөний цайгаа уугаад 9.00 цагт автобусандаа сууж аялалдаа гарлаа. Улаан-Үдийнхэн ихэвчлэн Эрээн болон Улаанбаатараас бараагаа татдаг. Барааны зах, дэлгүүрээр нь явахад манай “Бөмбөгөр”, “Нарантуул” захаар явж байгаагаас ер ялгагдахгүй, барааны үнэ нь манайхаас үнэтэй аж.

Харин “Абсолют” сүлжээ их дэлгүүр, “Сефтафор” “Титан” “Рынок” /зах/ зэрэг зах, худалдааны төвүүдийн хүнсний бүтээгдэхүүнүүд болон ахуйн бараанууд нь харьцангуй хямд бөгөөд Монголчууд ч олноороо үйлчлүүлж байгаа харагдав.

Бас нэгэн онцлох зүйл нь дэлгүүрүүд нь хамгийн дээд талдаа тоглоомын төвтэй, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ тоглуулж үлдээгээд өөрсдөө дэлгүүр хэсэх боломжтой. Мөн тус хэсэгт хүүхдийн үсчин ажилладаг. Хүүхдийн суудал нь тоглоомон машины хэлбэртэй. Урд талд нь толь биш зурагт байрлуулж, дуртай хүүхэлдэйн киног нь тавьж өгсөн байв. Үүний ачаар хүүхдүүд үсээ засуулахдаа огтхон ч уурлаж, уйлдаггүй гэнэ.

-ГОДОН ГУТАЛ, БУЛГАН ШУБА УЛААН-ҮДИЙН БРЭНД БАРАА-

Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цаа бугын арьсан гутал.

Бидний дунд цаа бугын арьсан гутал буюу бидний ярьж заншсанаар годон гутал авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байсан тул бид годон гутлын захаар зочиллоо. УНТЫ гэх хаягтай дэлгүүрүүд таван алхмын зайтай байрлах аж.

Үнийн хувьд өнгө, размер, загвараасаа шалтгаалаад 15-22 рубль буюу монгол мөнгөөр 600-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Харин зуны улиралд 10-11 рубль буюу 400-480 төгрөгийн хооронд хэлбэлздэг гэдгийг дэлгүүрийн худалдагчид онцлов. Дашрамд сонирхуулахад, годон гутлыг Цаа бугын шилбэний арьсаар гутал хийдэг бөгөөд нэг гутланд 8-10 шилбэний арьс ордог бөгөөд арьсыг нь технологийн төвд өгч боловсруулдаг аж. Гут­лын гадар, дотор, ул, чимэг­лэлийг тус бүрт нь мэр­гэш­сэн оёдолчид оёж шиддэг бөгөөд гутлыг хэвлэж бэлэн болгоход таван өдөр зарцуулдаг гэсэн. Бор арьстай гутал бол гэрийн тэжээмэл цааны арьсаар хийсэн нь. Харин цагаан нь уулын зэрлэг цааных юм байна.

Ингээд бидний эхний өдрийн аялал өндөрлөж, өдөржингөө дэлгүүр хэсч, ядарснаа гайхсан хүмүүс буудалдаа очиж амарцгаалаа.

-43 НАСТАЙ ЗАЛУУГИЙН 10 ЖИЛИЙН ТУРШ ЦУГЛУУЛСАН ЦУГЛУУЛГАН МУЗЕЙ-

Харин дараагийн өдрийн аялал маань Улан -Үдэ хотын иргэн 43 настай Льва Бардамова гэх тамирчин, бизнесмен залуугийн 10 жилийн турш цуглуулсан цуглуулгаас бүрдсэн музейг үзэж сонирхох, сонирхолтой хөтөлбөрөөр эхэлсэн юм. Хувь хүний өөрийн хүч хөдөлмөрөөр бүтсэн уг музейд 10 жилийн дотор 15000 орчим үзвэрүүдийг цуглуулж чаджээ. Нийт 17 танхимтай тус музейд хорвоо ертөнцийн хамаг л сонин содон зүйлс, түүх дурсгалыг шингээсэн ном товхимол, машин техник гээд маш олон төрлийн сонирхолтой үзмэрүүд байлаа.

-ИТГЭЛТ ХАМБАД МӨРГӨСӨН НЬ-

Дараагийн маршрут бол Оросын бурхан шашны алдарт төв болох д хүрэлцэн очиж Амьд бурхан Итгэл Хамба Дашдоржид бараалхан мөргөл үйлдэх байлаа.  Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа билээ.

Хамбын өргөөнд орохоос өмнө заавал дацанг гороолж ,танилцах ёстой юм байна. Дацангийн голд том хүрд байв. Эхний удаа эргүүлэхдээ хамаг муу муухайг өөрөөсөө зайлуулж байна гэж бодох бол дараагийн удаад өөрийнхөө зорилгын тухай бодно. Харин сүүлчийн удаа эргүүлэхдээ сайн сайхныг өөртөө хуримтлуулж байна гэж бодох ёстой. Бид энэ дэгийн дагуу хүрдээ гурав эргүүллээ.  Аяллын хөтөч маань бидэнд “Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болов. Харин ОХУ-ын Засгийн газрын 7 сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон” гэх мэт олон зүйлсийг ярьсан тул бүх хүн л сэтгэлээсээ мөргөн, сөгдөн залбирч байгаа харагдав.

Итгэлт хамбад мөргөж дуусаад, бүгд автобусандаа сууснаар бидний Монгол руугаа цаг боллоо. Мэдээж нутагтаа, гэртээ очно гэдэг хэзээд хамгийн сайхан мэдрэмж. Хойд хөршийг зорьсон хоёр өдрийн аялал минь мартагдахааргүй, бас аз жаргалтай дурсамж дурдатгалаар дүүрэн байлаа.

эх сурвалж : www.zaluu.com

Т.Гэрэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.