Нохой жилийн аварга баяжуулагчид тодорлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гол зүрх нь болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олон өнгөрч буй нохой жилийн ажил амжилтаа дүгнэж, оны хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. 2018 онд тус цехийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн  үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, хүдэр боловсруулалтыг 31 сая 520 мянган тоннд хүргэж ажилласан байна. Энэ нь төлөвлөснөөс  520 тонн хүдэр илүү боловсруулсан гэсэн үг юм. Мөн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлтүүд 101,7-118,9 хувиар давж биелсэн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө ийнхүү өндөр үзүүлэлттэй биелж, цехийн үйл ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байгаа нь  ажил үйлсээрээ манлайлж, хөдөлмөрийн аваргаар тодорсон ажилтнуудийн хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлт дээр онцлов. Шороон нохой жилийн хөдөлмөрийн аварга ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилга хариуцсан орлогч Д.Эрдэнэцогт нар оролцож, баяжуулагчиддаа баяр хүргэлээ.
17-р жарны Урвуулагч хэмээх гахай жилийн босгон дээр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Ё.Болд, механикч О.Архарбай, Үйлдвэр техникийн албаны сургалтын инженер Ж.Батболд, Нунтаглан баяжуулах хэсгийн гүүрэн кранчин С.Наранжаргал,  цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганзориг, Өөрөө нунтаглан баяжуулах хэсгийн бутлуурчин Б.Мянганбаатар,  Шүүн хатаах хэсгийн оосорлогч  Ц.Эрдэнэбат нарын 21 ажилтан өнгөрсөн оны цехийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга ,хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо. Мөн тэдний ажил хөдөлмөрийг үнэлж, Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагнал олгож буй аж. Хөдөлмөрийн аваргууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолд тус цехийн авьяаслаг уран бүтээлчид ая дуугаар мэндчилж, цехийн халуун бүлээрээ дурсгалын зураг татуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.