Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ӨДӨР

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ.

Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ. 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.

Сонирхуулахад: Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.