Тавантолгойн нүүрс тээврийн асуудлыг ҮАБХХ хэлэлцэнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Тавантолгойн нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо болон Сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх цаг нь болсон талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэв. Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар нэг машин дээр оочер урагшлуулдаг, хил нэвтрүүлдэг, уурхай руу оруулж, гаргадаг, машин халаадаг зэрэг долоо, найман жолооч байдаг. Тэд хоорондоо номероо шилжүүлдэг зэрэг нөхцөл байдлын улмаас хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, иргэдийн амь нас, өмч хөрөнгө үрэгдэх, шамшигдах аюултай нөхцөл байдал бүрджээ. Мөн салбарын сайд дотоодод яваа машинуудаа цэгцлэхгүй бол зам ачааллаа даахаа байсныг өгүүлсэн байна.

Одоогоос гурван сарын өмнө Засгийн газраас нүүрсний тээврийн асуудлыг хэлэлцэн, Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганц мод боомтын чиглэл дэх уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэр гаргасан билээ. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж үзсэн байдаг.

Мөн Ерөнхий сайд нүүрс тээврийн 160 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилсан билээ. Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээ авахаар болсон. Харамсалтай нь өөрчлөлт гарсангүй гэхэд хилсдэхгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6,781 тээврийн хэрэгсэл, хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13,079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж, 13,000 жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.