М.Энхболд: Н.Энхбаярыг хуулийн байгууллагад өгнө

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны хувийн хувьчлалтай холбоотой гэх мэдээллийг олон нийтэд өгөх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд тайлбар өгсөн байна.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем” нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгч байсан. Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй, Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Н.Энхбаярыг гүтгэлгээ залруулахыг хүссэн.

Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр С1 телевизийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ. Иймд Н.Энхбаярын дээрх нэвтрүүлгүүдэд оролцох үедээ ярьсан зүйлсийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо” гэлээ.

Тэрбээр өмнө нь 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл гаргаж байсан юм. Энэхүү мэдэгдэлд, үндэслэлгүйгээр худал гүтгэж, хүний нэр хүндэд халдах нь хэвийн үзэгдэл мэт болж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх нь Н.Энхбаяр даргын үүрэгт ажил мэт харагдах боллоо. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм. 2017 оны тавдугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс” компаниас 200 сая төгрөгийн хандив авч, “Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье” гэж байсан юм.

News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.