Б.ТӨГСБАЯР: Үйлдвэрчний эвлэл бол нэг зорилгын дор эвлэлдэн нэгддэг байгууллага

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

     Энэ онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны 45 жилийн ой тус тус тохиож байна. Тэмдэглэлт үйл явдлууд давхцаж буйтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны үйл ажиллагаа, баримталж буй чиглэл, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Төгсбаяртай ярилцлаа.

 

     -Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны 12 дугаар бага хурал саяхан хуралдсан. Энэ хурлаас та  үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны даргаар сонгогдон ажиллаж байна. Ажлаа аваад ямар ажил амжуулав?
-Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны ээлжит 12 дугаар бага хурал энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, шинэ зохион байгуулалтад орсон. Өөрөөр хэлбэл, хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажиллагсдынхаа төлөө хийж хэрэгжүүлэх олон асуудлыг энэ хугацаанд шийдвэрлэхээр зорьж, багагүй ажил нугаллаа гэж хэлж болно. Юуны түрүүнд  бид  Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хооронд жил тутам шинэчлэн байгуулдаг “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд түлхүү анхаарч ажилласан. Тэр тусмаа  ажилчдад олгох хөнгөлөлт, тэтгэлгийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж ярилцлаа. Үүний үр дүнд удаан жилийн болон  ажлын байрны нөхцөлийн нэмэгдэл олгож эхэллээ. Бас нэг онцлох зүйл гэвэл 2016 оноос яригдаж эхэлсэн үйлдвэрийн хувь, хувьчлалтай холбоотой асуудалд ҮЭ-ийн байгууллага ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Харин өнгөрсөн сард манай байгууллагын төлөөлөл төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзлаа. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй  ҮЭ-ийн байгууллага буюу татвар төлж буй хөдөлмөрчдөд чиглэсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод ирсэн. Энэ хүрээнд нэгэнт үйлдвэрийн хувь, эзэмшлийн асуудал яригдаж байгаа юм бол хамгийн гол нь нэгдүгээрт, үйлдвэрийн энгийн хувьцааны 10 хувийг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ажиллагсдад давуу эрхтэйгээр олгох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар Эрдэнэт үйлдвэртэй “Тогтвортой байдлын гэрээ”-г байгуулж, баталгаажуулах, өөрөөр хэлбэл зэсийн үнийн хэлбэлзэлтэй үед ч түүнээс үл хамааран тогтвортой байх гэсэн санал бүхий албан хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Агуулгаар нь харах юм бол, бид зөвхөн өнөө маргаашаа харсан зүйл ярих биш бодлогын хэмжээнд асуудлыг дэвшүүлдэг байх, урт хугацаанд бид ямар ажил хийж хэрэгжүүлэхээ тодорхой болгоё гэдэг үүднээс хандаж байна.

-“Хамтын гэрээ” байгуулагдах бүрд л цалин нэмэх асуудлыг ажилчид илүүтэй сонирхож, хүлээдэг?
– “Хамтын гэрээ”-ний 3.4 дүгээр зүйлд заасан, “цалинг 20 хүртэл хувиар нэмэх тухай” асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад шаардлага, хүсэлт явуулаад байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл гэж байхад шийдвэрийг заавал уг зөвлөлийн хуралдаанаар гаргадаг байсан. Харин одоо бол нөхцөл байдал өөр болж байна. Засгийн газраас манай үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор шийдвэр гаргах эрх нь Засгийн газарт очсон гэсэн үг. Тэгэхээр бид Засгийн газарт бас хандах болж байна. Өөрөөр хэлбэл, “Хамтын гэрээ”-нд тусгагдсан ажилчдын цалинг ялгавартайгаар 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавина. Харин “Хамтын гэрээ”-ний бусад 110 заалт бүгд биелж байгааг хэлэх нь зүйтэй. Хүлээгдэж буй нь, цалин нэмэх асуудал л байгаа.

-ҮЭ-ийн байгууллага цалин нэмдэг байгууллага гэж ойлгодог тал байх шиг?
-Өнгөрсөн түүхэн хугацаанд ҮЭ-ийг удирдаж байсан үе үеийн хүмүүс энэ байгууллагыг цалин нэмдэг байгууллага гэж ойлгуулсан тал бий. Ихэнх ажилчид маань ийм ойлголттой байгаа нь харагддаг. Тиймээс зарим үед буруу хандлагууд гардаг л даа. Ер нь ажилчдынхаа цалин, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго нь ҮЭ-ийн байгууллагын өөрийнх нь өдөр тутам хийх ёстой үндсэн ажил. Энэ бол манай байгууллагын нийт хийх ёстой  ажлын 5-10 хувийг л эзэлдэг. Гэтэл цаана нь 90 орчим хувьд нь ажилчдынхаа төлөө хийж хэрэгжүүлэх бусад асуудлууд байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл, ажил мэргэжлийн нэршил, хүнээ хайрлах хамгаалах гээд бусад олон чиглэлүүд нь хоцрогдоод үлдсэн байна. Мөн хөдөлмөрийн хүнийг шагнах, урамшуулах, дэмжих, ар гэр, амьдралын нөхцөлийг нь сайжруулах гээд хүнээ тойрсон маш их асуудлууд байгаа. Энэ бүхэнд жигд анхаарч ажиллах ёстой юм.

-Мэргэшсэн боловсон хүчний нөөц бэлтгэнэ гэдэг чухал асуудал байна. ҮЭ-ийн байгууллагын мөн чанарыг ажилчид ойлгох хэрэгтэй санагддаг?
-Яг зөв. Бидний нэг алдаа байдаг. Дан ганц холбоо гэлтгүй, хороод бас сонгуулиар бүрэлддэг. Тухайн сонгуульд өрсөлдөхдөө зөвхөн ялахын тулд хий хоосон амлах тохиолдол их байна. Жишээлбэл, цалинг 2500 ам.доллар болгоно, 2 дахин нэмэгдүүлнэ гэх мэт. Тэгээд сонгогдож гарч ирээд алга болчихдог. Сонгуульт ажил бол хугацаатай ажил. Хэн ч байсан сонгуульт хугацаа дуусахад дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгдөг. Харин хэн ч удирдаж байсан байгууллага нь өөрөө хүний нөөцийн бодлоготой байх ёстой. Тэр бодлогын тогтолцоо өнөөдөр манай дээр алдагдсан учраас буруу зөрүү мэдээлэл, хандлага ажиллагсдын дунд байдаг. Өнөөдөр ч манайхны дунд, “үйлдвэрчний эвлэлийн дарга нар гишүүдийн татварын мөнгийг завшиж байна, бидний төлөө юу ч хийхгүй байна” гэх зэрэг хардлага, үл ойлголтууд их байгаа нь нууц биш. Энэ бол манай байгууллагын урт хугацаанд хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, алсын хараа, үнэт зүйл нь төлөвшөөгүй байгаагийн үр дагавар гэж хэлмээр байна.

-Одоо тэгэхээр ард үлдсэнийг бус урагшаа харж ажиллах нь гол зорилго гэж ойлголоо. Энэ онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ой тохиож буйг ярианыхаа эхэнд онцолсон. Хоёр ой давхацсан жилийн ажлын төлөвлөгөө юу байна вэ?
-Тиймээ. Энэ он онцлог жил байх болно. Олон улсын Хөдөлмөрчдийн байгууллагын ойн хүрээнд Монголын ҮЭХ болон гадаад дотоодын энэ чиглэлийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч байна. Бид ч бас үүнтэй уялдуулан хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан. Мөн холбооныхоо ээлжит 12 дугаар бага хурлаас гарсан гишүүд, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэж, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үүнд тус хуралд оролцсон 131 төлөөлөгчийн 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт багтсан байгаа. 2019 оны үндсэн ажлын төлөвлөгөө гэж бас бий. Эдгээр гурван чиглэлийн төлөвлөгөөгөө хийж хэрэгжүүлэх юм бол ажиллагсдынхаа биднээс хүсэн хүлээдэг асуудлын голыг шийдэж чадах дүр зураг харагдаж байна. Цаашид бид хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Ярианы эхэнд дурдаад өнгөрсөн. Одоо УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа манайд хамааралтай гурван хууль байна. Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ашигт малтмалын болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэгт тухайн хууль санаачлагчдаас нь урилга авч, хэлэлцүүлэгт нь оролцож санал бодлоо тусгуулсан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47-ийн 5 дугаар зүйлд зэс ашиглахад холбоотой зүйл дээр саналаа оруулсан. Үүнтэй уялдуулаад тогтвортой байдлын гэрээ хийе гэсэн шаардлагаа Засгийн газарт өгч байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэгт хэд хэдэн санал хэлсэн. Тодруулбал, өмнө нь явж ирсэн хуульд ажил олгогч давуу эрхтэй байхаар тусгагддаг жишгийг өөрчилж, ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэнцвэртэй болгох, төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэсэн санал оруулсан. Мөн өмнө нь ҮЭ-ийн гишүүн, гишүүн бус ч байсан  ялгаагүй Хамтын гэрээгээр олгогддог бүхий л эрх боломжийг эдэлдэг байсан. Эрхээ эдэлдэг хэрнэ үүргээ биелүүлдэггүй, татвараа төлдөггүй явж ирснийг одоо энэ хуулийн зохицуулалтаар байхгүй болгож байгаа. ҮЭ-ийн байгууллага өөрөө хамрах хүрээг нь тогтоож өгнө. Бид гишүүндээ үйлчилнэ, татвар төлдөггүй гишүүн бус ажилтан хамрагдахгүй гэсэн үг. Хууль нь өөрөө ингэж зохицуулаад эхлэхээр ҮЭ-ийн ажил ч хүндрэлгүй болох боломж бүрдэнэ. Хөдөлмөрийн хуульд орж буй нэмэлт өөрчлөлтийн зөвхөн нэг жишээ нь энэ, өөр олон зүйл заалт өөрчлөгдөж байгаа. Хамгийн гол нь ажил олгогч, ажилтан хоёрын эрхийг тэнцүү хэмжээнд авч үзэх зарчмаар ажиллах боломж бүрдэж байгаа юм.

-Сүүлийн үеийн анхаарал татсан мэдээлэл нь Эрдэнэт үйлдвэр хоёр өөр ҮЭ-ийн холбоотой боллоо гэсэн зүйл. Ажилтны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага нэгдмэл байх нь зүйтэй гэсэн бодол байна?
-Би энэ тухай сонссон. Цаанаа эзэнтэй асуудал гэж хэлмээр байна. Юуны түрүүнд ажилчдадаа хандаж хэлэхэд, баталгаагүй сургаар явж байгаа мэдээллийг үнэн бодит гэж итгэж,  хүлээж авах хэрэггүй.  Энэ асуудлаар хэн нэгэн надтай ирж уулзаагүй, ийм холбоо байгуулъя гэсэн асуудал тавиагүй. Мөн манай ҮЭ-ийн Холбооны гишүүн нэг ч ажилтан холбооноос гаръя, татгалзаж байна гэсэн хүсэлт ирүүлээгүй. Олон нийтийн цахим сүлжээгээр хоёр зуун хүн, хоёр мянган хүн тэрхүү холбоонд нэгдлээ гэсэн үндэслэлгүй мэдээлэл явж байгаа. Үүнд манайхан нухацтай, ул суурьтай хандана гэдэгт итгэлтэй байна. Миний авсан мэдээллээр бол санаа нийлсэн 8 хүн үйлдвэрчний холбоо байгуулаад, даргаар нь Эрдэнэ гэж хүнийг сонгосон гэсэн. Эрдэнэ гуай бол тодорхой хэмжээнд олонд танигдсан хүн л дээ. Тэр утгаараа нэрийг нь ашиглаж байж ч болох юм. Мөн үүний цаана улс төрийн зорилго агуулж байгаа гэдгийг шууд хэлье. 2020 оны сонгуульд бэлдэж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна. Энэ хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын төлөө үнэхээр тустай зүйл хийх гэж байна уу гэхээр бас тийм биш. Өөр байгууллага, тухайлбал Хивсний үйлдвэрийн ажилчид, багш эмч нарын асуудлыг ярьж байна. Ингэснээр “Эв санааны нэгдэл” хэмээх байгууллагын хүрээг л тэлэх зорилготой юм болов уу гэж харагдаж байгаа. Худлаа яриад гараад ирж болно. Гэхдээ үүнийг цаг хугацаа л харуулдаг. Эцсийн дүнд бодит мэдээлэл муутай ажилчид л хохироод үлдэнэ. “Худал – сүржин боловч хоосон, үнэн – алгуур боловч жинтэй” гэж үг байдаг. Тэгэхээр үнэн зүйл цаг хугацааны шалгуураар харагдана. Аливаа мэдээлэлд суурьтай хандаж, өөрийнхөө төлөө нягталж, судалж байхыг ажилчдаасаа хүсмээр байна.

-Эрдэнэт үйлдвэрийн албан ёсны ҮЭ-ийн байгууллага нь таны удирдаж буй холбоо. Тэгэхээр тантай холбоотой тодруулах нэг зүйл байна. ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр үйлдвэрийн удирдлагуудад тал засаж, бидний төлөө ажиллахгүй байна гэсэн зарим ажилчдын бухимдал байгааг та мэдсэн байх. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Асуудлыг яаж дүгнэх нь тухайн хүний хандлага, харах өнцгөөс шалтгаалах байх. Ажил явуулахын тулд шийдвэр гаргагч түвшний удирдлагатай уулзаж, асуудлаа танилцуулж байж л гарц шийдэл гарна. Дэлхий ертөнц ч хүн төрөлхтний харилцаан дээр тогтож байгаа. Үүнтэй яг адил. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үндсэн дээр бидний ажил урагшилна. Сайд, дарга нар ч ялгаагүй хүн. Үйл ажиллагааны харилцаагаа тэлэхийн тулд гадагшаа, тухайн ажил хариуцаж буй хүнд хандана. Санал бодлоо хэлж таниулахын тулд үг хэлээ ойлголцож, итгэлцэх шаардлага гарна. Энэ утгаараа олон чиглэл, үйл ажиллагааны хэлбэр байж бидний асуудал шийдэгдэнэ, үр дүнд хүрнэ. Эцсийн эцэст үр дүн гарч, ажилчдын бодит орлого нэмэгдэж, нийгмийн асуудлууд шийдэгдсэн байх ёстой л гэж бодож байна. Тэрнээс биш захирал, удирдлагуудтайгаа хэл амаа ололцохгүй, үргэлж манай, танай тал гэдэг шиг хандлага гаргавал яаж үр дүн гарах вэ? “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд талуудын хамтын шийдвэр, харилцан ойлголцол хамгийн чухал гэж бодож байна. Ажил хийж явахад алдаа дутагдал гарна, тэр алдаа дутагдлыг давтахгүй, цаашид засаж сайжруулж явах ёстой. Эцэст нь ҮЭ-ийн гишүүн нийт ажиллагсдадаа  аливаа асуудалд бодитой, нухацтай хандаж дүгнэлт хийж байх хэрэгтэй. Ялангуяа онцгой дэглэм тогтоосон энэ үед бодит бус мэдээлэлд итгэж, ажлын байрандаа болчимгүй зүйлд өртөхөөс болгоомжилж, ажиллахыг зориуд анхааруулмаар байна. Бидний өмнө том зорилт бий. Хувьцааны 10 хувийг давуу эрхтэй эзэмших,  тогтвортой байдлын гэрээ үзэглэх гээд цаг хугацаа шаардах хэдий ч ирээдүйгээ харсан том хөтөлбөр зорилтуудаа хамтын нэгдмэл хүчээр хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ҮЭ эвлэлдэн нэгдэж байж ажил үйлс нь бүтэмжтэй, урагштай явна гэдгийг дахин хэлье.

– Таны цаашдын ажилд амжилт хүсье.

М.БАЛЖИННЯМ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.