11.1 C
Эрдэнэт
Monday, June 17, 2019
Нүүр Онцлох мэдээ Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч нь билээ

Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч нь билээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 

ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ НАР АА!!!

Эх орны минь эзэн болсон ирээдүй хойчийнхоо оюун санаанд эрдэм ном, мэдлэг боловсрол, ухааны цучил нэмж, туурга тусгаар Монгол улсын билэг оюуны голомтыг сахиж суугаа эрдэмт багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч та нартайгаа өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр мянга мянган Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн мэндчилж байгаадаа баяртай байна.

95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага төдийгүй, түүхийн бүхий л цаг үеүдэд хүн ардынхаа сурч боловсрох, хөгжих дэвших, бүх нийтээрээ бичиг үсэгт боловсрох, ахуйд соёлын хувьсгал хийх үйл хэргүүдэд үеийн үед Монголын хамгийн шилдэг сэхээтэн эмэгтэйчүүдээрээ түүчээлүүлэн сурч боловсорч, хөгжиж хүмүүжиж, дэлхийн энтэй хөл нийлэн алхаж ирсэн түүхэн уламжлалтай.

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, Монгол төрийн их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, Их зохиолч С.Удвал зэрэг МЭХ-ны үе үеийн тэргүүнүүд соёлын хувьсгалыг хийх, эрүүл мэндийг сахин хамгаалах, 20-р зуунд бүх нийтийг бичиг үсэгтэй болгож, нийтийн боловсролыг хөгжүүлэхэд түүхэн үүргүүдийг гүйцэтгэхдээ үеийн үед гэрийн багш, танхимын багш, шинэ үсгийн багш, шинэ цагийн багш сурган хүмүүжүүлэгч та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимээр хос морьтой давхисаар 21-р зуунтай золгосон байна.

Өдгөө эрин зууны дэлхийн хөгжилтэй хөл, хэл, бэлчээр нийлэх Монгол ухаан, Монгол соёл, Монгол боловсролын учгийг зангидан, урыг бүтээж буй нийт 47.08 мянга орчим багш Монгол улсын боловсролын байгууллагуудад ажиллаж байна.

Багш та бүхэн хэн бүхэнд зөв үлгэр, хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч нь билээ.

Иймд та бүхнийхээ нөр их хөдөлмөр зүтгэл, үнэлж баршгүй гавьяа хожмын маргааш, хойчийн ирээдүйд ч, үеийн үед үнэтэй өв болон үлдэхийг онцлоод, эрхэм та нарынхаа сургах их үйлсэд Монгол өрх бүрийн өмнөөс, Монгол ээж бүхний өмнөөс гүн талархал илэрхийлье!

Халуун элгэн нутгийнхаа оюун санааны хилийг манагч, эрдмийн сахиул та бүхэндээ сайхан бүхний дээдийг хүсэн ерөөж, ажлын амжилт хүсье!

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.