МОНГОЛЫН ТӨР ҮРСЭЭ ӨНДӨР НЭР, ӨРГӨН СҮРЭЭРЭЭ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ БОЛТУГАЙ!!!

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр төрийн ордонд “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаад буй асуудлуудыг тал талаас нь хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлуудад талууд санал нэгдсэн.

УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус хэлэлцүүлэгт оролцож эмэгтэйчүүдийн байгууллагын байр суурийг илэрхийлсэн юм.

Илтгэлийг бүрэн эхээр нь нийтлэв.

МОНГОЛЫН ТӨР ҮРСЭЭ ӨНДӨР НЭР, ӨРГӨН СҮРЭЭРЭЭ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ БОЛТУГАЙ!!!

Эрхэм хүндэт аав ээж нар аа!!!

Эрхэм хүндэт ах эгч нар аа!!!

      “Өөрийнхөө ертөнцийг зур даа” гээд хэлэхэд ээжийгээ, аавыгаа, ах эгчээ, анд найзууд, өвөө эмээгээ бүтэн дэлхийтэйгээ хамт зурдаг бидний бяцхан үрс энэ цагт хүчирхийлэл хэмээх “жамаас гажууд хар сүүдэрт” өртөн, зарим нь амиа алдаж, зарим нь эрүүл мэнд, сэтгэл санаагаараа нөхөж баршгүй хохирол амсан, өмгөөлөл хамгаалал хүссэн тэр бяцхан зүрхнүүдийн маань “бүтэн дэлхий” өмлөгдөн цөмлөгдсөн сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргүүд олноор мэдээлэгдэх боллоо.

Яг одоо бид хүчирхийлэлд өртөн хохирсон хүүхдүүдийн тухай ярьж байхдаа ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! гэсэн буруу үг хэллэг, буруу ойлголт яриад байж байна. Хүүхэд хэнийг ч хүчирхийлдэггүй!!!

Угтаа бол ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД би, та, бид бүгдээрээ юу хийж чадах вэ? Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо гэж юу вэ? гэдэг талаар онцгойлон хэлэлцэж, иргэн бүр, ээж аав бүхэн, төр засгийн бодлого ч энэ зүгт онцгой анхаарал хандуулах нэн тулгамдсан шаардлага үүссэнийг нийгэм олон нийтийн хандлагаас бэлхнээ харж байна. Аргаа барахдаа ард түмэн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийг “цаазалдаг болгоё, хөнгөлдөг болгоё” хэмээн шаагицгааж байна!!!

Азарга хүртэл төлөө гишгэдэггүй амьтны зөнтэй байхад ямар харамсалтай зэрлэг нийгэм, ямар араатанлаг хүмүүс өнгөрсөн он жилүүдэд бүрэлдэн бий болоо вэ? Ингэж жишихийн учир хүчирхийлэл, ялангуяа хүчингийн гэмт хэргийг үйлдэгчид ихэвчлэн хохирогчдын ар гэр, ахуй амьдралд ойр тэр ч бүү хэл ураг садны холбоотой хүмүүс, цаашлаад ах нь дүүгээ, аав нь охиноо хүчирхийлдэг, хүмүүн бус, ёс бус амьтанлаг үйлдлийг 21-р зууны ухамсарт хүн үйлдэж буй мэдээллийг нийтээрээ, нийгмээрээ сонсож, шогшрон гайхаж зэвүүцэхдээ олон нийтийн сүлжээгээр хохирогчийн нэр, сургууль соёл, ар гэрийнхний мэдээлэл зэргийг огт нууцлаагүй байдлаар дамжуулан түгээж, дам хүчирхийлэл ч хамтран үйлдэцгээж байна!!!

Хүчирхийлэл, доромжлол гэгч нас хүйс, алдар нэрээс үл хамааран үйлдэгдэж, өртөгдөж байгаа олон жишээг бид бэлхнээ сонсож байна. Хэдийгээр өнөөдөр та хүчирхийлэгч бус, таны гэр бүлд амар тайван оршиж байв чиг таны бяцхан охины найзад, ээжид, эгчид ийм аюул тохиохгүй гэхийн баталгаа үгүй болж. Иймд МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО олон олон охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийн нэрийн өмнөөс Монгол орны 21 аймаг 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 1000 ээжийн саналыг “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганаас нэгтгэн цуглуулж, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл эрхэм гишүүд та бүхэнд хэдийнээ хүргүүлсэн.


Бид “Хүчингийн гэмт хэрэг нь ураг удам, ах дүү амраг садны дотор үйлдэгдсэн тохиолдолд мэдээлэгдэхгүй өнгөрөх, тэр ч бүү хэл хэрэг хянан шийдвэрлэгдэх үйл явц дунд хохирогчийн сэтгэл санаа болоод бие эрхтний хохирлыг үл хайхран зөвхөн нэр нүүрээ хаацайлж үлдэхийн тулд, хохирогчийг төлөөлөх эрх бүхий насанд хүрэгчид хөндлөнгөөс гомдол татах асуудал байгааг, мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд ял завших нөхцөлийг хаах шаардлагыг


Мөн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхтэй холбоотой хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг тодорхой дурдаад, дээрх асуудалтай холбогдуулан төр, хууль тогтоох дээд байгууллагууд маань иргэний нийгмийн байгууллага болон, ард иргэдийнхээ үгийг сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байгаасай хэмээн 2019 оны 3-р сард УИХ-ын 76 гишүүнд тэрхүү шаардлагыг хүргүүлсэн билээ. Харамсалтай нь өнөөг хүртэл ганцхан гишүүн хариу ирүүлснээс өөрөөр Монголын төр дүлий байна!!!

Би ээж хүн, эмэгтэй хүнийхээ хувьд, МЭХ-ны Ерөнхийлөгчийн хувьд ч олон нийтэд нээлттэй мэдээлэгдсэн хүчирхийллийн талаарх илтгэл тайлангуудад дурдаж буй аймшигтай тоо баримтуудтай нүүр тулж, зүрх зүсэгдэж сууна. Ээж аавынхаа энгэрт зүүгдэж, эрхэлж өсөх балчир насандаа хүчирхийллийн хар сүүдэрт илааршиж эдгэхгүй бие сэтгэлийн шарх олсон олон олон үрсийн талаар тэрхүү тайлангуудад хэрхэн тэмдэглэгдсэнээс жишээлэхэд:

Зөвхөн 2016-2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар хүчиндэх гэмт хэргийн гаралт, нийт 228 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахад нийт хэргийн 89.9 хувь буюу 205 гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон. Мөн энэ хугацаанд “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” нийт 52 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 67.3 хувь буюу 35 нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг эзэлсэн гэж мэдээлэгдсэн.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын 85 хувь буюу 181 нь бага насны хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс, Тухайлбал: 9.8 хувь буюу 21 нь төрсөн эцэг, 21.6 хувь буюу 46 нь хойд эцэг, 22.1 хувь буюу 47 нь хамаатан садан, 31.5 хувь буюу 67 нь бага насны хохирогчтой танил. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 206 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 76.2 хувь буюу 157 хүнийг цагдан хорьсон, 21.8 хувь буюу 45 хүнд хувийн баталгаа авсан, 1.9 хувь буюу 4 хүнд бусад таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэсэн байв.

Энэ мэт зүрх зүсэм мэдээллүүдэд туйлдаж ядрахдаа ард түмэн өнөөдөр “Хүн алахдаа хүүхэд хүчирхийлэхдээ тэдгээр араатнууд хохирогчдын эрүүл, аюулгүй амьдрах, амьд явах эрхийн тухай огтхон ч бодоогүйтэй нь адил өөрсдийг нь ч бас цаазал, хүртэх ёстой шийтгэлийг нь хүртээ” гэж байна.

Тэгвэл хүний эрхийг дээдэлсэн 21-р зуунд хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдэд үүрүүлэх ялын бодлогыг чангатгаж, тэрхүү адгуус мэт хүмүүст хариуцлагыг хуулийн дагуу хүртээх нь зүй ёсны хэрэг. Гэсэн ч бид “Араатныг яллалаа” гэж санаа амрах биш хажуудаа байгаа хүүгээ, охиноо хэрхэн хүмүүжүүлж, зөв хүн болгож төлөвшүүлэх вэ, хүчирхийлэгч биш иргэнийг бид өөрсдөө төлөвшүүлнэ гэсэн бодлогыг гаргаж, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ЕБС-иудад хүүхдийг багаас нь эр эм хүйс, баян ядуугаар ялгахгүйгээр хүмүүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх тусгай хөтөлбөрийг яаралтай оруулж, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛОО нэн даруй арилгаж авах ИХ ЭРГЭЛТИЙН ЦАГ ИРЖЭЭ гэж дүгнэж байна.

Мөн хүчирхийлэлгүй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, амьдрах иргэн бүрийн эрхтэй нь хамт таны, бас миний, ээж аав хэн бүхний өмнө ҮР ХҮҮХДЭДЭЭ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИХ, ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ дархан үүрэг хамт оршдогийг бид мартах учиргүй юм.

Чин үнэнийг хэлэхэд та бидний аж амьдралын хэв маяг өнөөдөр нялх үрсээ сургуульд, багшид, өдөр өнжүүлэхэд, секц дугуйлангийн орчинд, өвөө эмээгийн оролцоонд найдаж орхидог тийм нөхцөл рүү түлжээ. Энэхүү үл хайхрах аюулаас ч хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл үүсч болзошгүй билээ.

Эцэст нь хэлэхэд ГЭР БОЛ ҮҮР ЮМ. Тэр үүр хамгийн аюулгүй, хамгийн амар амгалан хүүхдийн хүмүүжлийн анхдагч ГОО САЙХАН, ГОЁ ЕРТӨНЦ хүүхдийн хүмүүжилд хамгийн нөлөөтэй орон зай билээ. Тэр л орчинд бяцхан үрс маань хайрыг, аз жаргалыг, хүндлэлийг, баяр баяслыг олж харж, өөрийн гэсэн цөм ертөнцөө бүтээдэг.

Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” уриатайгаар Монгол орны бүхий л аймаг, сум дүүрэгт “Хүчирхийллийг үл тэвчигч, мэдээлэгч, хамгаалагч, соён гэгээрүүлэгч, соёлыг түгээгч” иргэн байхын тулд ТА ямар оролцоотой байж болох тухай мэдээлэл лекцүүдийг гэр бүлийн гишүүн бүрээр дамжуулан, тухайн өрхөд хүргэхийг зорин ажиллаж байгаа юм.

Иймд шийдвэр гаргагч эрхэм түшээд ээ, эрхэм ах эгч, аав ээжүүд ээ!!!

Монгол улсын хамгийн үнэт баялаг хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, бодлого, боловсруулагчид, сурган хүмүүжүүлэгч багш нар, сэтгэл судлаач, эмч, түүхчид, хуульчид, бодлого боловсруулагчид хэн бүхнийг оролцуулсан томоохон ажлын хэсэг байгуулж, ХҮЧИРХИЙЛЛИЙГ багасгах, таслан зогсоох, илүү сайхан ирээдүйн төлөө айл бүхэн жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн баримт бичигтээ ямар зүйл заалтыг, хэрхэн тусгах нь зохистой талаар нарийн шийдлийг хамтдаа эрэлхийлцгээе!!!

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Монголын үрс маш олон болтугай!

Монголын үрс айх аюулгүй болтугай!

Монголын төр үрсээ өндөр нэр, өргөн сүрээрээ өмгөөлөн хамгаалж, ээжүүд эхчүүд бүхэн ээл ивээлээрээ хурайлах болтугай!!!

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

 2019 он 5-р сарын 08

МЭХ-ны Хэвлэлийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.