ЭНЭ ЖИЛЭЭС “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ УЛС ДАЯАР ҮР ДҮНТЭЙ ТЭМДЭГЛЭЖ ЗАНШИНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны санаачилгаар энэ жилээс ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьж, 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Төрийн ордны их танхимд “Айл бүхэн жаралтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үр хүүхдүүдийн элэг бүтэн амьдрал гэдэг улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин юм.

Сүүлийн жилүүдэд Монгол иргэдийн гадаад улсууд руу шилжин суурьших хөдөлгөөн ихэссэн, мөн уул уурхай дагасан ажлын байрны нөхцөл, техник технологийн хөгжлөөс хамааран гэр бүлийн үнэт зүйлс алдагдах, хосууд хоорондын харилцаа хөндийрөх, халуун дулаан уур амьсгал үгүй болох, улмаар ажилгүйдэл, ядуурлын улмаас архидалт, түүнээс үүдсэн хүчирхийлэл, гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байна.

2018 оны байдлаар Монгол улсад 2945 хос шүүхээр гэр бүлээ цуцлуулсан бол, өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, мөн 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа нь эмэгтэйчүүд, ээжүүд биднийг энэ асуудалд анхаарал хандуулахад хүргээд байна.

Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж занших санаачилгыг гаргалаа.

Энэ өдөр гэр бүлийн гишүүн бүр тодорхой хугацааг бие биедээ зориулж, өрх гэрийн үнэт зүйл, нандин дурсамжийг хамтдаа бүтээцгээх, амьдралын төлөөх тэмцэл, хичээл зүтгэл, сэтгэл зүйн болоод аливаа тулгамдсан асуудлуудаа гэр бүлийн дотоодод хэрхэн шийдвэрлэж болох талаар гарц гаргалгаануудыг эрэлхийлэх, шаардлагатай тохиолдолд тусгайлсан мэргэжилтнүүдээс /эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, санхүүгийн мэргэжилтэн/ зөвлөгөө мэдээлэл авах зэрэгт бүх нийтээрээ анхаарахыг уриалж байна.

МЭХ-ны Нийслэл, аймаг, дүүрэг дэх салбар зөвлөлөөс Иргэдэд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, ирээдүйд хүчирхийлэгч биш, хүчирхийллийг үл тэвчигч зөв иргэнийг бэлдэхэд эцэг эхчүүдийг уриалах, гэр бүлийн амьд харилцааг бий болгох, залуу хосуудад гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагын тухай мэдлэг, мэдээлэл олгоход зорьж ажиллана. МЭХ-ны салбар зөвлөлүүдийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээг аймгуудын ЗДТГ, ГБХЗХГ, ЕБС-ууд, төр болон хувийн хэвшлийн албан газрууд дэмжин хамтран зохион байгуулах юм.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “Айл бүхэн жаргалтай байхад бүх нийтээрээ анхаарахыг уриалж байна.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоолыг баталсан байдаг.

МЭХ-ны Хэвлэлийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.