Эрдэнэтчүүд Дэлхийн гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Дэлхийн гэр бүлийн өдрийг өнөөдөр Эрдэнэт хотноо “Аз жаргалтай гэр бүл” нэрийн дор тэмдэглэж байна. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Энх Эрдэнэтийн хөгжил”ТББ байгууллага хамтран зохион байгуулсан “Аз жаргалтай гэр бүл” үйл ажиллагаа нь цаг үеэ олсон гэр бүлийн үнэ цэнийг иргэн бүрт бүрдүүлсэн сайхан арга хэмжээ болж түүхэнд тэмдэглэгдлээ. Аз жаргал гэдгийг алсаас бус дэргэдээсээ хайж гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршжээ. Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан “Аз жаргалтай гэр бүл” чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нээж нийт оролцож буй 1000 гэр бүлд Эрдэнэтчүүддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлсэн. Тэрээр онцлохдоо: “Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл юу юунаас илүү гол үүрэгтэй”-г онцолж, дэмжиж хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархлаа. Чуулганд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх нарын хүндэт зочид болон аймгийн засаг захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцсон. Чуулганы үеэр гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлийг шагнаж урамшууллаа. Мөн “Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө “Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе” сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах чухал сэдвийн нэг нь байж чадлаа. Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь МЭХ-ны Орхон аймаг дахь салбараас өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан “Эрдэнэтийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы төлөөлөгчдийн санал бүхий “Төрд өргөх таван санал”-ыг аймгийн Засаг даргад гардуулсан явдал байсан. Орхон аймагт эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг нэгтгэн саналуудыг эрэмбэлсэн байна.

Мөн АЗДТГ-аас сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригийг Орхон аймаг, Эрдэнэт хот Гэр бүлийн өдөр болгох тухай Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжинд гэр бүлийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээг Орхон аймагт хэрэгжүүлэхээс гадна архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгож, илүү цагаар ажиллуулахгүй байх тухай тусгажээ.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.