Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардалд нэмэр болно гэж үзэж байна.

www.zasag.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.