Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын мэндчилгээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Тэнгэр эцэг хураа хайрлаж байгаль дэлхий өнгөө зассан зуны налгар энэ өдрүүдэд Монгол түмний ёс заншил, эх түүхийн бэлгэдэл болох үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам тохиож байна. Та бүхэнд баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Зан заншил, уламжлалт ахуйгаа өвлөн тээсээр ирсэн Монгол ард түмний үеийн үед дуурсагдах түүх дундаршгүй элбэг билээ. Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд бид ахмад буурлуудаасаа суралцсан, тэднээс өвлөн үлдсэн зүйлсээ ирээдүй хойч үедээ үзүүлэх, мэдүүлэх нь нэг зорилго гэж ойлгодог. Хүчит бөхчүүд, мэргэн харваачид, алдарт уяач, эрэмгий унаач хүүхдүүд та бүхэн Монгол түмний цог хийморийн илэрхийлэл билээ.

Наадмын дараа намар гэдэг. Намрын их ажлуудад ханцуй шамлан орох их өдрүүд биднийг хүлээж байгаа. Улс, орон нутгийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд ид ундарч байна. 2019 онд Баян-Өндөр суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 690 гаруй сая төгрөгийн 28 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

Баян-Өндөр сум Эко Баян-Өндөр төслөө амжилттай хэрэгжүүлж “Ногоон ургамлын үйлдвэр”, “Багсармал тэжээлийн үйлдвэр”, “Артишок цайны үйлдвэрлэл”, “Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл”-ийг бойжуулж, хувийн хэвшлээ дэмжин ажиллаж байна. Тус үйлдвэрлэлүүд бойжиж, үйл ажиллагаагаа өргөтгөснөөр 20-25 иргэн байнгын болон түр ажлын байртай боллоо. Уг төслийн хүрээнд нийт 20 гаруй бичил үйлдвэрлэлийг ашиглалтад оруулахаар иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.

Бид эх түүхээ, ёс заншлаа тээн явж, түгээн дэлгэрүүлж хойчийн хойчид өвлүүлж үлдээх үүрэгтэй. Иймд бид бүхэн ардын өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, таниулах, мэдүүлэх зорилгоор “Монгол ёс заншлын өргөө”-г барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэх үүднээс Баян-Өндөр сумын дэргэдэх спорт заланд 6 төрлийн спортоор үнэ төлбөргүй секц дугуйлан хичээллэж байна. Мөн Баян-Өндөр сумын дэргэдэх 4 соёлын төвүүд дээр дуу бүжиг, ардын урлаг, хөгжим гээд урлаг соёлын дугуйлангуудад хүүхэд багачууд маань үнэ төлбөргүй хамрагдах боломжтой байгаа.

Сайн үйлс өрнөн дэлгэрч, Та бүхний маань гэр орон аз жаргалаар дүүрэн бялхаж, Иргэн бүр эрүүл, аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хурдтай, хүчтэй, эрэмгий байж хотол олноороо сайхан наадаарай.

АМЖИЛТ БҮТЭЭЛ НЬ АЙРАГ ЦАГАА МЭТ БЯЛХАЖ ЯВАХ БОЛТУГАЙ

 БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ГАНЦОГТ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.