Н.ТУНГАЛАГ: Дугуйлангийн элсэлт 9 дүгээр сарын нэгэн хүртэл үргэлжилнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Урлагт хайртай, уран бүтээлч уурхайчдыг “өлгийдөн” авч, сурган хүмүүжүүлсэн 40-өөд жилийн түүх Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбортой салшгүй холбоотой. Үйлдвэрийн залуу, дунд, ахмад үеийнхэнд урлагийн боловсрол олгосон тус цогцолборын 2019-2020 оны дугуйлангийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Дугуйлан хариуцсан ахлах багш Н.Тунгалагаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд ямар ямар дугуйлан хичээллэх талаар мэдээлэл өгнө үү?

-Төгөлдөр хуур, дуу, драм, ятга, морин хуур, загвар гоо зүй, зураг, бүжгийн бүх төрлийг хамруулсан 9 дугуйланд 17 багш хичээллэнэ. Төгсөгчид маань урлагийн холбогдолтой мэргэжлийн сургуулиудад элсэн суралцаж байгаад бид баярладаг. Энэ хичээлийн жилд дууны төрлөөр дөрвөн хүүхэд Соёл урлагийн их сургуульд тэнцсэн. Хүүхдүүдээ дэмжин урамшуулах зорилгоор энэ хавар 12 дугаар анги төгсөх, дугуйланд 3-4 жил тасралтгүй суралцсан хүүхдүүддээ албан ёсны гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Спорт бүжиг, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид маань улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Энэ жилийн тухайд элсэгчдээ есдүгээр сарын нэгэн хүртэл бүртгэж, явцын дунд зарим ангид нэмэлт элсэлт авахаар төлөвлөөд байна.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын багшлах боловсон хүчин, багш нарын ур чадварын тухайд юу хэлэх вэ? Давуу талыг нь тодорхойлбол?

-Эрдэнэт үйлдвэр соёл, урлагийн байгууллагаа ихээхэн дэмжиж, уран бүтээлчдээ хөгжих, чадавхжих тал дээр бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ утгаараа заах арга барил сайтай, мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Салбартаа олон жил ажилласан мэдлэг мэргэжилтэй, чадвартай багш нар хичээл зааж байгаа нь манай давуу тал юм болов уу. Бид дугуйлангийн элсэлтээр жилдээ 250 гаруй хүүхдийг сургаж, урлагийн боловсрол олгодог байсан бол өнгөрсөн жил 300-аад хүүхэд суралцаж төгссөн.

-Хүүхдэд багаас нь урлагийн боловсрол эзэмшүүлэхийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ? Эцэг, эхчүүд маань хүүхдээ урлаг, спортын аль нэг төрлөөр тууштай бус, олон төрлөөр хичээллүүлж шантраагаад байх шиг санагддаг?

-Урлаг хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдээс тэсвэр хатуужилтай, зарчимч, зохион байгуулалттай, бие даах чадвар сайтай, урлагийн гоо зүйн мэдрэмж өндөр зэрэг хувь хүний хөгжлийн олон эерэг талыг харж болно. Ер нь гэрийн боловсролоор олж авч чадаагүй зүйлсээ хүүхэд урлагаас суралцах боломжтой. Манай дугуйлангийн хүүхдүүд нэг хичээлийн жилийн туршид суралцахдаа чадвараа маш сайн дээшлүүлсэн харагддаг. Тиймээс тууштай байна гэдэг маш чухал.

Дугуйлангийн сурагчид жил бүрийн Харшийн сүлд модны наадам, Хүүхдийн баяраар урлагийн тоглолтоо хийж, “Сурснаа толилуулъя” тайлан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.

-Таны хувьд хэд дэх жилдээ бүжгийн багшаар ажиллаж байна вэ?

-Би 2010 оноос Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонд сонгодог бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдүүдийн маань чанар, чансаа жил ирэх бүр дээшилж, амжилттай суралцаж байгаад баярладаг. Одоо, сонгодог бүжгийн ангийг ихэвчлэн залуу багш нар хичээллүүлдэг. Харин ардын бүжгийн ангийг энэ хичээлийн жилд МУГЖ Д.Цэрэннадмид багш маань удирдахаар болсон.

-Зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэнэ гэхээр эцэг эхчүүдэд цааргалах зүйл гарахгүй бололтой. Төлбөрийн хувьд хэр уян хатан бэ?

– Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөгжилд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан, шийдвэр гаргадаг байгаасай. Манай дугуйлангууд төлбөрийн хувьд 50-80 мянган төгрөгийн хооронд тогтоосон тарифтай, төлбөрөө сар тутамд төлөх уян хатан нөхцөлтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэтчүүд та бүхний өмнө Соёл, урлагийн цогцолборын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. Сурч боловсрох орчныг бид бүрдүүлье, хүүхдүүдээ өв тэгш хөгжүүлэхийг хүсвэл эцэг, эхчүүд минь биднийг зориорой.

-Ярилцсан танд баярлалаа. Соёл, урлагийн цогцолборын хамт олныг урлагийн тэнгэр ашид ивээж байх болтугай.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.