Энэтхэгийн нийслэлийн утаагаар амьсгалсан Ангела Меркель агаарын бохирдлыг арилгахад нь $1.1 тэрбумыг амлажээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Германы канцлерь Ангела Меркель өнгөрсөн Баасан гарагт Энэтхэгт айлчлан ирэх үеэр нийслэл Шинэ Дели хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд байв.

Энэтхэгийн нийслэлд одоо онц байдал зарлаж, сургуулиудыг Мягмар гараг хүртэл хааж, барилгын ажлуудыг зогсоож, засгийн газраас таван сая амны хаалт хүүхдүүдэд тараагаад байгаа.

Агаарын бохирдол дээд түвшиндээ хүрээд байсан ч Меркель болон түүнийг угтсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар амны хаалт зүүлгүйгээр хүндэт харуулын өмнүүр алхжээ.

Харин өчигдөр буюу Бямба гарагт Ангела Меркель агаарын бохирдолтой тэмцэхийн чухлыг онцолж, энэ үйлсэд нэг тэрбум еврогийн ($1.1 тэрбум) тусламж үзүүлэхээ амласан байна.

Энэ мөнгөөр Энэтхэгийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй технологиор шинэчлэх ажлыг ойрын таван жилд хэрэгжүүлэх ажээ.

Жишээ нь Тамил Наду мужийн бүх дизель автобусыг цахилгаан хөдөлгүүртэй автобусаар солиход 200 сая еврог зарцуулах юм байна. Ингэснээрээ Энэтхэгийн агаарын бохирдлын асуудлыг хөндөж ярьсан дэлхийн том гүрний анхны удирдагч Меркель болж байгаа юм.

Өнөөдөр Шинэ Делид крикетийн олон улсын тэмцээн Энэтхэг, Бангладешийн багуудын хооронд болно.

Багууд агаарын бохирдлыг үл харгалзан төлөвлөсөн хугацаандаа өрсөлдөхөөр болсон юм. Орчин нөхцөлдөө дасахын тулд Бангладешийн шигшээ багийнхан амандаа хаалттай бэлтгэлийг гурван өдөр хийсэн тухай дасгалжуулагч нь мэдээлжээ.

Тэмцээн болох стадионы ойролцоох моддыг усаар шүршиж, тоосонцрыг шингээх чадварыг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Мөн ойр орчимд нь барилгын ажил явуулах, хог шатаах явдлыг зогсоохын тулд хөдөлгөөнт эргүүлүүд гаргажээ.

Энэтхэг улсад сүүлийн арав орчим жилийн хугацаанд агаарын бохирдол эрчимтэй нэмэгдэж байгаа. НҮБ-ын гаргасан тоо баримтаас үзвэл дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой 15 хотын 14 нь Энэтхэгт байгаа юм.

Жил бүр утааны улмаас нэг сая орчим үр зулбалт бүртгэгддэг гэсэн судалгааны тоо баримт бий.

Эх сурвалж: AFP
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.