Н.БАЯРСАЙХАН: Волейболын Үндэсний дээд лигт Эрдэнэт үйлдвэр маш өндөр зохион байгуулалт, идэвх зүтгэлтэй оролцож буйд талархаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Долоон жилийн дараа Үндэсний дээд лиг нэрээрээ эргэн ирж буй Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 7-нд Эрдэнэт хотноо болох гэж байна. Хангарьд спорт клубын байранд үе үеийн алдартай волейболчдыг нэгэн дор цуглуулж, багийн спортын ид шид, гайхамшигт тоглолтуудаар дүүрэн байх Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр,  их спортыг дэмжин ажиллах нэгэн шинэ түүхэн хуудсаа эргүүлж буй энэ өдрүүдэд Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхантай уулзаж, ярилцлаа.

– Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тухай ярихын өмнө манай улсад энэ спорт анх хэдий үеэс үүсэж хөгжсөн талаар сонирхож байна. Ямар түүхтэй спорт вэ?
– Монгол улсад Волейболын спорт 1927 оноос эхэлж үүссэн гэж үздэг. Тэр үеийн Эрхүү хотод суралцаж байсан Монгол оюутнууд эх орондоо ирэхдээ хоёр ширхэг гар бөмбөг, нэг торны хамт авчирч,  түүгээрээ гадаа талбайд тоглон  хүүхэд залуусын сонирхлыг татаж эхэлснээр энэ спортын үндэс тавигдсан. Тэр цагаас хойш эдүгээ 62 дахь жилдээ Монголчууд волейболын спортыг хөгжүүлж, олон тэмцээн уралдааныг зохион байгуулж ирлээ. Мөн Монголын Волейболын Холбоог энэ үеэс байгуулсан. Өөрөөр хэлбэл, волейболын спортын үүсэл эхэлсэн 60 гаруй жилийн өмнө мэргэжлийн холбоо бас байгуулагдаж, одоо дэлхийд данстай том байгууллага болсон гэж хэлж болно.

   – Мэдээж, 60 жилийн замнал, намтартай энэ байгууллагын үүх түүх арвин байгаа. Хөгжлийнхөө түүхэнд гаргасан амжилт ололтын талаар товчхон яривал?
– Манай эрэгтэй баг тамирчид 1960-1970 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Эмэгтэй баг нэг удаа оролцсон. Энэ бол тухайн үедээ шинэ залуу спортын хувьд том амжилт. Дээд амжилт гэж тодотговол, эрэгтэй баг тамирчид маань дэлхийн аваргын тэмцээнээс 16 дугаар байр эзэлж байсныг дурдаж болох юм. Волейболын спортын түүхэнд манай холбооноос  хоёр гавьяат төрөн гарсан. Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Доржжүгдэр, Ц.Шоовдор нар манай волейболчдын дундаас төрсөн, бидний бахархал болсон хүмүүс. Тухайн үеийн Монголын эрэгтэй шигшээ багийн гол тоглогч, тамирчин Х.Доржжүгдэр, эмэгтэй багийн тамирчин Ц.Шоовдор багш нарыг манай спортынхон сайн мэднэ. Ц.Шоовдор багшийг “Зургаан ийм Шоовдор байхад дэлхийн аварга цолонд хүрэхэд ямар ч асуудал алга” гэж гадаадын тамирчид үнэлж байсныг манай ахмадууд одоо ч дурсан ярьдаг. Мөн үе үеийн олон алдартай тамирчид манайд бий. Волейболын спортоос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагчид ч бас төрөн гарсныг хэлэхэд таатай байна.

   – Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн манай улсад хэдий үеэс зохион байгуулагдаж эхэлсэн бэ?
– Анх “Дээд лиг” гэдэг нэрээр 1995 онд зохион байгуулагдсан. Үүнээс хойш жил бүр зохиогдож байгаад, 2012 оноос Волейболын холбооны цомын төлөөх тэмцээн нэртэйгээр явагдаж эхэлсэн. Харин энэ жилээс бид ярилцаж байгаад, Үндэсний дээд лигээ сэргээж зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Цомын төлөөх тэмцээнд манай лигт өрсөлддөг багууд оролцож ирсэн ч үндэсний лиг гэдэг утга учраа алдсан гэж хэлж болно. Үзэгчдийн хувьд ч цомын тэмцээн гэхээр тэгтлээ ойшоодоггүй болсон байсан. Харин Үндэсний дээд лиг гэхээр илүү сонирхож, үзэгчдийн тоо эрс нэмэгддэг. Тэгэхээр тэмцээний нэр чухал ач холбогдолтой гэдэг нь харагдсан. Мөн нэршлээ дагаад цар хүрээ, зохион байгуулалт ч өөр болдог.  Манай волейболын клубүүд ч дээд лигээ сэргээх санал дээр нэгдэж, энэ удаагийн тэмцээнд хариуцлагатай, идэвхтэй хандаж байна. Өмнөх жилүүдэд ийм өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн болж байгаагүй. Тэгвэл  энэ жилийн лигийн тэмцээнд  эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцож  байгаа нь нэг онцлог болж байна. Эндээс харахад,  манай холбоо хамгийн том тэмцээнээ цомын төлөө гэсэн нэртэй зохион байгуулж байсан нь алдаа болжээ гэж боддог. Би тэр үед дасгалжуулагчийнхаа хувиар үндэсний лигээ сэргээх талаар олон удаа саналаа хэлж байв.
   – Тэгвэл Үндэсний лигийн тэмцээнийг сэргээх санал санаачилга яг хэдийд албан ёсоор баталгаажиж, бодит болов? Хамтран зохион байгуулагчаар ямар байгууллагууд оролцож байна вэ?
– Өнгөрсөн 6 дугаар сард Монголын Волейболын холбоо бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж,  миний бие Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Ажил аваад, өөрийн бодож санаж явсан зүйлээ ажил хэрэг болгох зорилт тавьж, шинэ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээ зөвшилцөж, хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, бид цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж, үндсэн гурван зорилтыг дэвшүүлсэн юм. Эхний ээлжид волейболын Үндэсний дээд лигээ сэргээн, зохион байгуулъя, хоёрдугаарт,  шигшээ багаа бэхжүүлье, гуравдугаарт, өөрийн гэсэн спорт заалтай болох. Эдгээр гурван том зорилтынхоо эхнийхийг нь амжилттай эхэлж байгаадаа их баяртай байна. Бидний энэ санал санаачилга бодит ажил хэрэг болоход ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн  Үндэсний дээд лигийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран оролцож байна. Энд би тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гуайг тодруулж ярихыг хүсэж байна. Х.Бадамсүрэн захирал маань Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан, уг спортын хөгжлийг  өндөр зэрэглэлд хүргэх, легионер тамирчдыг анх урьж тоглуулах зэрэг холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд том хувь нэмрээ оруулсан хүн. Бид 1998 онд “Уурхайчин” спорт клубыг хамтран байгуулснаас хойш волейболын спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн. 2000 онд Монголдоо анх Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр үед Х.Бадамсүрэн захирал Монросцветмет нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Волейболын зориулалтын шалыг оруулж ирж, энэ тэмцээнийг зохион байгуулж байсан гээд олон сайхан түүх бий. Ингэж өнөө хүртэл биднийг волейболын спорт холбож ирсэн нь Үндэсний дээд лигийг Эрдэнэтэд хамтран зохион байгуулах алхам боллоо гэж ойлгож байна. Энэ дашрамд манай холбооны зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг маань маш уриалгахан, халуун дотноор хүлээж авсанд талархаж буйгаа илэрхийлье. Зохион байгуулалтын бүхий л ажилд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон маш өндөр зохион байгуулалттай, идэвх зүтгэлтэй оролцож байгаад их баярлаж байна.

   – Одоо, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаа вэ?
– Манай холбооны Ерөнхийлөгчөөр өмнө нь 4-р ДЦС-ын дарга байсан, Эрчим багийн үүсгэн байгуулагч Ц.Баярбаатар ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарын том төлөөлөгч, волейболын спортын хөгжилд өөрийн сэтгэл зүтгэлээ зориулж яваа хүн.

   – Таны байгуулалцаж явсан “Уурхайчин” баг өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ, залуу халаагаа бэлдэж байна уу?
– Манай “Уурхайчин” баг бусад клубүүдтэй харьцуулахад өөрийн онцлогтой. Гаднаас сайн тоглодог юм уу, бэлтгэсэн хүүхдүүд огт авдаггүй. Дандаа өөрсдөө дараа үеийнхнээ бэлдэж, гаргаж ирдэг гэж хэлж болно. Өнгөрсөн жилүүдэд ивээн тэтгэгч, санхүүжилтийн асуудлаас болоод идэвх суларсан тал бий. Харин одоо клубынхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, 15-16 насны хүүхдүүдийг авч бэлтгэж эхлээд байна. Мөн “Уурхайчин” багийн хуучин бүрэлдэхүүнд тоглож байсан туршлагатай тамирчдаа оруулаад, шинэчилсэн. Энэ баг маань Үндэсний дээд лигт оролцож байна. Ирээдүйн волейболчдыг бэлтгэх, хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь бидний эрхэм зорилго юм.

   – Үндэсний дээд лигийн ач холбогдол ер нь юунд оршдог вэ?
– Энэ тухайд би өөрийн бодлоо хуваалцъя гэж бодож байна. Хүн бүр өөр өөр бодол сэтгэгдэлтэй явдаг байх. Үндэсний дээд лиг гэж заавал байх ёстой. Тэр тусмаа хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд багийн спортод ийм нэрээр энэ тэмцээн зохион байгуулагдах ёстой гэж боддог. Энэ нь тухайн улс орны тамирчдын зэрэглэл, чансааг тогтоож өгдөг. Тэднээс үндэсний шигшээ баг бүрдэнэ. Олон улсын түвшинд тоглох тамирчид мөн л энэ тэмцээний шалгаруулалтаас гарч ирнэ. Волейболын спортыг огт мэддэггүй хүн ч Үндэсний лиг болж байна гэвэл сонирхол нь нэмэгддэг. Холбооны цомын төлөөх тэмцээн гэвэл байнга болж байдаг тэмцээнүүдийн нэг гэж хүлээж авдаг нь харагдсан. Тиймээс Үндэсний дээд лиг аль ч улс орны хамгийн дээд түвшний зэрэглэлтэй тэмцээн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ утгаараа волейболын Үндэсний дээд лиг байх ёстой тэмцээн. Бас энэ спортын хөгжилд өндөр ач холбогдолтой гэж хэлэх байна.

   – Багийн спортоор Монголын шинэ үеийнхэн  олон улсын түвшинд цахиур хагалаад эхэлчихлээ. Сагсан бөмбөгийн баг тамирчид ирэх олимпод оролцох эрхтэй болсон. Волейболынхонд олимпын эрх хэр ойрхон байгаа бол?
– Ер нь хол биш гэж би хэлнэ. Мэдээж, өнөө маргааш гээд харвал учир дутагдал бий. Волейболынхоо тухайд хэлэхэд, багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдий чинээ санхүүгийн боломжтой байна, төдий чинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Аль ч спортын төрөлд ийм байдаг. Ялангуяа шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаанд олон орох тусам тэр хэрээр амжилт нь ахина. Тиймээс энэ боломжийг нэмэгдүүлж, шигшээ багийн чансааг байнга дээшлүүлэхэд анхаарах ёстой. Өөрийн стандартын зал танхимтай болох, эдийн засгийн тогтвортой эх үүсвэрийг олох, олон улсын тэмцээнд оролцох боломжийг нээх гээд маш олон хүчин зүйл энд нөлөөлнө. Энэ бүхнийг бүрдүүлж, дэмжиж чадвал манай тамирчдын оноо нэмэгдэж, энэ жил биш юм гэхэд 2-3 жилийн дараа олимпын эрхэнд хүрэх боломж тийм ч хол биш гэдгийг онцолмоор байна. Волейболын спортод элсний гэж төрөл байдаг. Элсний волейболоор манайх өндөр амжилт гаргах боломж маш өндөр. Олон улсын тэмцээнд аль болохоор олон оролцож, оноо цуглуулж чадвал олимпод хамгийн түрүүнд орох боломжтой харагддаг. Заалны волейболын хувьд эхлээд бид Азидаа эхний наймд багтах хэрэгтэй. Үүний төлөө зорьж, хичээх ёстой.

   – Үндэсний Лигийн тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе?
– Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, хамт олонд талархаж буйгаа дахин илэрхийлье. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их спортыг хөгжүүлэх, дэмжин түгээхэд үргэлж сэтгэл зүтгэлтэй хандаж ирснийг бидний энэ удаагийн хамтын ажиллагаа тод харуулж байгааг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Волейболын холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг Mikasa brand, “Торгууд” спорт хувцасны үйлдвэр, Voyage, IDC зэрэг манай алтан түншүүд Үндэсний лигийн тэмцээнд хамтран оролцож байна. Монголд волейболын спортын хөгжил шинэ шатанд гарахад хувь нэмрээ оруулж байгаа хамтрагч байгууллагууддаа баярлаж буйгаа илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ERDENETTODAY.mn М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.