М.Ибрай: Шинэ орон сууцны тооллого судалгааг хийлээ

0
199

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрайтай ярилцлаа.

-Барилгын хөгжлийн төв, “Барилга.мн”-тэй хамтран шинээр ашиглалтад  орсон орон сууцны тооллого судалгааг хийсэн байна. Судалгааны цар хүрээ, ач холбогдол, зорилгын тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод гэлтгүй Монгол Улсын зах зээлд байгаа орон сууц болон амины орон сууцны эрэлт нийлүүлэлтийг  тодорхойлох, орон сууцны үнэ ханшийг судлах,  мөн цар тахал барилгын салбарт, аж ахуйн  нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгааг үндэслэлтэй тогтоох,  бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох зорилготой юм. Шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого судалгааг 2021 оны гуравдугаар улиралд эцэслэн гаргаж, улмаар “Орон сууцны мэдээллийн сан”-г үүсгэж байгаа.

-Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа шинэ орон сууцны 240 төсөл, амины орон сууцны 118 төсөл буюу  нийт 358 төсөл хэрэгжиж байгаагаас 13560 айлын орон сууц, 1997  айлын амины  орон сууц ашиглалтад орсон байна.

-Судалгаанд хамрагдсан орон сууцны метр квадратын дундаж үнэ хэдэн төгрөг байна вэ?

-Шинэ орон сууцны үнийн зэрэглэл бүрээр нь харьцуулж судалгаа авсан. Улаанбаатар хотод стандарт орон сууцны дундаж үнэ  метр квадрат нь 2.1 сая төгрөг, дундаж зэрэглэлийн орон сууцны үнэ  2.6 сая төгрөг, бизнес зэрэглэлийн орон сууц 4,2 сая төгрөг, өндөр зэрэглэлийн орон сууц дунджаар 5.5 сая төгрөгийн үнэтэй байна.  Байршил, барилгын чанар, гаднах тохижилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан шинэ орон сууцны үнэ зэрэглэл бүрээр харилцан адилгүй байна.

-Цар тахлын нөлөөгөөр барилгын компаниудад ямар тулгамдсан асуудлууд үүсэж байна вэ.  Мөн барилгын компаниудыг дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Цар тахал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байна. Барилгын материалын үнэ 10-90 хувь өссөн,  ажиллах хүчний хомстолд орсон, компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болсон, барилгын материалын нийлүүлэлтийн хомстол, хил гаалийн гацалт, тээврийн үнэ өссөн гэх зэрэг олон хүндрэлүүд үүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа аврах 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарыг дэмжихэд зарцуулж байгаа. Энэ  хүрээнд  барилгын компаниудын  борлуулалтыг дэмжих зорилгоор  ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулснаас гадна ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Одоогоор нийт борлогдож байгаа  орон сууцны  70 хувь нь ипотекийн зээлэнд хамрагдсан байна.   Шинэ орон сууцны судалгааг хийж байгаа бас нэг зорилго нь  жилд хичнээн хэмжээний санхүүжилтийг импотекийн зээлэнд хэрэгтэй юм, хэр их орон сууц шинээр ашиглалтад орж байна, түүний хэдэн хувь нь ипотекийн зээлээр борлогдож байна гэдэг судалгааг  нарийн тооцож гаргах зорилготой юм.

-Танайх орон сууцны хийцлэл болон гадна тохижилтын судалгааг хийсэн үү?

-Барилгын хийцлэл, фасад, гадна тохижилтын судалгааг хийсэн. Ашиглалтад орсон  нийт төслийн 55 хувь нь бүрэн цутгамал,  40 хувь нь төмөр бетонон арагт бүтээцийн хийцтэй байгаа бол  өрөгт бүтээц хийцтэй төсөл 4 хувийг бүрдүүлж байна. Фасадны хувьд, 54 хувь хөөсөн фасад, 25  хувь нь төмөр металл, 10 хувь нь чулуу, гурван хувь нь шилэн фасад хийцтэй байна. Нийт төслийн  93 хувь нь гаднах талбайдаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийсэн нь сайшаалтай байна. Барилгын тухай хуульд нийт талбайн 30 хувьд гадна тохижилт хийнэ гэж заасан байдаг. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт төслийн 91 хувь нь 30 хүртэлх хувийн  гадна тохижилтыг хийсэн бол 30-аас дээш хувьд гадна тохижилт, ногоон байгууламж хийж, аюулгүй байдлаа хангасан орон сууцны хороолол нийт төслийн  9 хувь байна. Эцэст  нь дүгнэж хэлэхэд, барилгын салбар нь  сүүлийн үед эрчимтэй хөгжиж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, дэлхийн стандартыг хангасан чанар хийцлэлтэй барилга, орон сууц барьж байгаа нь сайшаалтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.