МАНЛАЙЛАЛ, АВЬЯАС ЧАДВАРЫН ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ХҮҮХДИЙН СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛИЙГ ДЭМЖСЭН САЙН ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж байгаа хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүдийн нэг нь “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” юм. Нийт 72 оролцогчтой тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ажлын хэсгийнхэн нийгэмд чиглэсэн эерэг нөлөөллийн ажилд гар бие оролцож, хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ. Тэд сайн үйлсийн аяны хүрээнд гар зураг, зохион бичлэгийн уралдаанд шалгарсан 3-8 дугаар ангийн 7 сурагчид ухаалаг утас бэлэглэж, сурах үйлсэд нь амжилт хүслээ.

“Мобиком” корпораци хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах “Smart education” төслийнхөө хүрээнд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран, зорилтот бүлгийн хүүхдүүд дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлаж, шилдэг оролцогчдыг шагнан урамшуулсан. Эрдэнэтийн 40 хүүхэд уралдааны шилдгээр шалгарч, гар утасны эзэн болсон бол өнөөдөр энэ тоо 7 хүүхдээр нэмэгдсэн баяртай үйл явдал боллоо. Учир нь, интернетгүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй 180 мянга орчим сурагч манай улсын хэмжээнд байгаа нь судалгаагаар гарсан байна.

Сурагчид нэг жилийн дата эрхтэй дугаар бүхий энэхүү ухаалаг гар утсаар цахим хичээлээ үзэхээс гадна сургалттай холбоотой бусад мэдээллийг авах бүрэн боломжтойг “Манлайлал, авьяас чадварын хөтөбөр”-ийн ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.