Олон улсын бизнесийн удирдлагын магистрын АГРИМБА хөтөлбөр Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдлөө

0

ХААИС дээр хэрэгжиж байгаа Олон улсын бизнесийн удирдлагын АГРИМБА хөтөлбөр Европын холбоонд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзээс АГРИМБА-Монгол хөтөлбөрийн захирал М.Эрдэнэбаяр гардан авлаа.

ХААИС нь 2011 оноос ЕХ-ны АГРИМБА сүлжээнд нэгдэн орсон. Энэхүү сүлжээг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоон (ICA-Association for European Life Science Universities https://www.ica-europe.info/) дор 1995 онд Вагенингений Их сургууль (Нидерланд), Шотландын ХАА-н коллеж (Их Британи), Коркын Их сургууль (Ирланд), Прагын ХАА-н Их сургууль (Чех), Варшавын ХАА-н Их сургууль (Польш), Дебрецений Их сургууль (Унгар) хамтран байгуулсан. Тус хөтөлбөр нь үүнээс хойш жил ирэх бүр өргөжсөөр эдүүгээ Европын Холбоо, АНУ, Зүүн Европын 20 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн сургалтын нэр хүндтэй томоохон сүлжээ болоод байна. ХААИС нь АГРИМБА сүлжээн дэх цорын ганц Азийн их сургууль юм.

Энэхүү хөтөлбөрийг Төв болон Зүүн Европын хөгжиж байгаа орнуудын менежерүүдэд Баруун Европын өндөр зардалтай (дунджаар 20000 евро) магистрын зэргийг эх оронд нь хямдаар (3000-5000 евро) олгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.

АГРИМБА хөтөлбөрийн сургалтын хугацаа 2 жил ба сургалт Англи хэл дээр явагддаг. Сургалтыг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоонд харъяалагдах их сургуулиудын профессорууд ба дотоодын эрдэмтэн, профессорууд хамтран явуулдаг бөгөөд суралцах хугацаандаа Европын аль нэг их сургуульд богино хугацааны хамтарсан сургалтанд хамрагддаг.

АГРИМБА хөтөлбөрөөр суралцсан оюутны дипломыг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоонд харъяалагдах их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг бөгөөд Монголд одоогоод тус хөтөлбөрөөр 20 оюутан суралцаж 3 оюутан тус хөтөлбөрийг дүүргэж магистрын зэргээ амжилттай хамгаалаад байна. Олон улсын магистрын дипломыг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбооны АГРИМБА сүлжээнээс олгодог.

Олон улсын бизнесийн удирдлагын АГРИМБА хөтөлбөр (http://agrimba.muls.edu.mn/) нь хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа, хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын менежерүүд чиглэсэн хөтөлбөр бөгөөд ажллахын хажуугаар суралцаж төгсөх боломжыг олгосон нь Европын бизнесменүүдийн талархалыг хүлээдэг.

Аксель Никэйз (Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/ Төлөөлөгчийн газрын тэргүүн), М.Эрдэнэбаярт (АГРИМБА-Монгол хөтөлбөрийн захирал Доктор Ph.D, Дэд профессор) Магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ гардуулж байна.

Аксель Никэйз (Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/ Төлөөлөгчийн газрын тэргүүн) ба АГРИМБА-Монгол хөтөлбөрийн хамт олон:

  • М.Эрдэнэбаяр, PhD. – ХААИС, Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн багш, дэд профессор, Аргимба нэгжийн захирал
  • Т.Эрдэнэчулуун, PhD. – ХААИС, Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн ахлах багш, Аргимба нэгжийн зохицуулагч
  • О.Амартүвшин – ХААИС, Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн багш, Аргимба нэгжийн мэргэжилтэн
  • Г.Билгүүн – ХААИС, Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Аргимба нэгжийн мэргэжилтэн

АГРИМБА-Монгол хөтөлбөрийн олон улсад магдлан итгэмжлэгдсэн гэрчилгээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.