Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулна

0

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна.

Ингэснээр хэрэв гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшинд шилжүүлнэ. Энэ түвшинд шилжсэн тохиолдолд үзвэр, үйлчилгээ спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэй явуулж байгааг хязгааргүй болгоно. Мөн хариуцлагын гэрээ хийхгүй байх зэрэг нарийвчилсан журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-БНХАУ-д дельта вирусний давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.

Манай улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа. Тийм учраас ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Ирэх арванхоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.