БАГИЙН ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СПОРТЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

0

Эрдэнэт хотын өдрийг угтан зохион байгуулж буй багийн иргэдийн дундах спортын тэмцээн эхэлж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа тамирчид жагсаж төрийн дуулал эгшиглүүлж, орон нутгийн удирдлагууд галт бамбар асааснаар эхэлсэн юм. Энэ жил Орхон аймаг, Эрдэнэт хотын 45 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. Ойн баярыг угтаж иргэд олон нийтийн дунд спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулах бөгөөд ийнхүү спортын арга хэмжээгээр өнөөдөр эхэлж байгаа юм. Уг арга хэмжээ нь цар тахлаас шалтгаалан хоёр жилийн турш хөл хорионд байсан иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөнөөр дархлааг нь сэргээх зорилготой ажээ.

Аймгийн спорт хорооны “Б” зааланд өнөөдөр олс таталтын тэмцээнээр эхэлсэн спортын тэмцээнд нийт 25 багийн 400 гаруй иргэд хамрагдаж байна.  Тэмцээн маргааш нөгөөдөр  буюу 11-р сарын 27, 28-ны өдрүүдэд гар бөмбөгийн төрлөөр үргэлжилнэ.

Харин 12-р сарын 4,5 буюу ирэх бямба, ням гарагуудад сагсан бөмбөгийн тэмцээн болно. Ингэхдээ спорт хорооны А, Б заал болон Баян-Өндөр сумын спорт заалнуудад хуваарийн дагуу зохион байгуулагдах ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.