Түгшүүр төрүүлж буй шинэ хувилбар “Омикрон”

0

Өмнөд Африкаас коронавирусийн шинэ хувилбар тархаж буй мэдээлэл дэлхий нийтийг түгшээж буй. Маш олон төрлийн мутацитай, вакцинд дарагдах боломж бага гэж үзэж буй шинэ хувилбарын тархалтаас шалтгаалж баасан гарагт олон улсын нислэгүүд цуцлагдаж, дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгийн биржийн индексүүд унаж эхэллээ.

Урд шөнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ )яаралтай хуралдаж  шинэ хувилбарыг аюултай ангилалд багтаан ,”Омикрон” хэмээн нэрлэх боллоо. Өмнөд Африкийн хүн ам ихтэй Гаутенг мужаас анх илэрсэн дээрх хувилбар хэдийн Европт хүрч, Бельги, Израиль, Хонконгод халдвар бүртгэгдсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор шинэ хувилбарын 100 гаруй тохиолдол илрээд байгаа тул дэлхийн улс орнууд Өмнөд Африкаас зорчигч хүлээн авахаас татгалзаж,шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас ирсэн, дамжсан зорчигчийг тусгаарлах арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Өмнөд Африкийн долоон их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаанаас харахад B.1.1529 хувилбар нь өдгөө дэлхий нийтэд давамгайлж буй дельта хувилбараас хэд дахин илүү халдварлах чадвартай, олон мутаци агуулсан байх магадлалтай ажээ. Гэхдээ шинэ хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой ажээ.

“Энэ хувилбарт олон тооны мутаци агуулагдаж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Урьдчилсан нотолгоогоор нь омикрон хувилбар нь бусад мутацитай харьцуулахад халдварлах чадвар өндөр. Мөн коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүнийг дахин өвчлүүлдэг байж болзошгүй” хэмээн гэж ДЭМБ-ийн мэдэгдэлд дурджээ. Гэхдээ омикрон хувилбарын хор нөлөөг нарийн судалж тогтооход дор хаяж хоёр долоо хоног шаардлагатай.

Вирусийн шинэ хувилбарын тухай мэдээ дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ. Тухайлбал, нефтийн үнэ 12 хувиар буурсан нь сүүлийн жил хагасын хугацаанд хамгийн том уналт боллоо. Дэлхийн даяар эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа энэ үед цар тахлын шинэ давлагаа үүсэж, хязгаарлалт хөл хорио тогтоож эхэлбэл эдийн засгийн өсөлт саарна гэж хөрөнгө оруулагчид эмээж байна. Үүнтэй зэрэгцэн алтны ханш нэмэгдэх хандлага ажиглагдаж буй.
Шинэ хувилбар тархсан мэдээлэлтэй зэрэгцээд агаарын тээврийн компаниуд болон аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьцаа 10-15 хувиар буурчээ. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Dow Jones индекс гэхэд өчигдөр 2.5 хувиар уналаа.

Гэхдээ ДЭМБ-ын албан тушаалтнууд улс орнуудыг сандралгүй, шинэ хязгаарлалт тогтоохоор яарах хэрэггүй хэмээн уриалж байна. Мөн хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдахыг санууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.