Ц.НАМЖИЛДОРЖ: ТЭЭРМИЙН ХУРДЫГ УДИРДАХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД АНХ УДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

0
100

Баяжуулах үйлдвэрт техник технологийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Энэ хүрээнд цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ямар ажил хийж, хэрхэн үр дүнд хүрч буй талаар Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн орлогч, Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржтой ярилцлаа. 

-Та ойрын үед хийж буй эрчим хүчний шинэчлэлийн талаар ярина уу?

-Баяжуулах үйлдвэрт шинэчлэл, бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. Бид эхний ээлжинд 43 жил ажилласан өндөр хүчдэлийн кабелиудыг солих ажлыг шат дараатай хийж байна. Сүүлийн үед өндөр хүчдэлийн кабелиуд буудах, гэмтэх асуудал нэлээн гарсан. Иймээс өнгөрсөн жил Нунтаглан баяжуулах хэсгийн үндсэн есөн тээрмийг тэжээдэг өндөр хүчдэлийн кабелиудыг сольсон. Энэ жил Бутлан тээвэрлэх хэсгийн өндөр хүчдэлийн хөдөлгүүр бүхий конвейеруудын кабелийг солих ажил ид явж байна. Мөн Хаягдлын аж ахуйн насосуудын хүчин чадал өссөнтэй холбогдуулан кабелийн  даац хэтэрч байгаа учраас бас кабелийг өргөтгөж, шинээр татах ажил эхэлнэ. Ирэх жилээс өндөр хүчдэлийн хөдөлгүүр бүхий насосууд, Өөрөө нунтаглах хэсгийн кабелиудыг солих юм.

-Кабелийн ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ, түүнийг шинэчилснээр гарах үр ашгийн талаар..?

-30 жилээс бага байдаг. Манай кабелиуд үйлдвэр ашиглалтад орсноос хойш анх удаа солигдож байгаа юм. Нэг кабель буудахад л тээрмийг 15-16 цаг  зогсоож, засварладаг. Энэ хэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг алдана. Иймээс технологийн гэмтлээс урьдчилан сэргийлж орчин үеийн хийцтэй өндөр хүчдэлийн кабелиар сольсон. Бид сул зогсолт гарах үеийн алдагдсан боломжийн зардлаар л кабелиа сольж байгаа гэсэн үг.

-Тээрэм, бутлуур шинэчлэх ажлын  хүрээнд  дагаад хийгдэж буй цахилгаан, автоматжуулалтын ажил ямар шатанд  явна?

-Үйлдвэрийн хэмжээний томоохон төслүүдийн нэг болох Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг өргөтгөхтэй холбоотой кабель угсралтын ажил  хийгдэж байна. Энэ хүрээнд тавдугаар секцийг тэжээх дэд станцыг бүрэн шинэчилж, хүчин чадлыг 2,5 дахин ихэсгэх ажил 80 хувьтай явна. Үндсэн тоноглолын угсралтын ажил дууссан. Одоо баяжуулалтын машинуудын хөдөлгүүрийг кабелиар тэжээх ажил үлдсэн. Машинуудыг  суурилуулсны дараа энэ ажил хийгдэнэ.

Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн 1-8-р тээрмийг зөөлөн залгах зориулалттай давтамж хувиргагчийг шинэчлэх ажил хоёр жил шахам үргэлжилсэн. Хөл хорионоос шалтгаалан шеф инженерүүд ирж амжихгүй  байсан. Тэд саяхан ирж, манай инженерүүдтэй хамтран тохируулгын ажил  хийж байна. Зөөлөн асаалтын өмнөх төхөөрөмж нь Украйн улсад үйлдвэрлэж,  2000 онд ашиглалтад орсон, запаас сэлбэггүй болж хуучирсан.  Үүнийг АВВ фирмийн орчин үеийн зөөлөн асаалтын давтамж хувиргагчаар сольж байгаа юм. Шинэчлэлийн үр дүнд тээрмийн найдвартай ажиллагаа сайжирч, залгахад цаг алдахгүй болох юм. Одоо ачаалалтай тээрэм дээр туршилтын ажил хийж байна. Энэ долоо хоногт багтаан  туршилт тохируулгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй.

-ММС-2 тээрэм дээр хийгдсэн томоохон өөрчлөлтийн тухайд..?

-Өөрөө нунтаглах хэсгийн ММС-2 тээрмийн цахилгаан хөтлүүрийг бүрэн  сольсон нь сүүлийн үед хийсэн хамгийн том шинэчлэл. Энэ хүрээнд  бид маш том өөрчлөлт хийсэн. Тээрмийн 4МВт-ын хөдөлгүүрийг байнгын давтамж хувиргагчаас тэжээдэг болгож, хурдыг удирдах боломжтой болгосон. Хурдыг удирдсанаар хүдэр нунтаглалтыг хянах боломжтой болж байгаа юм. Хүдрийн хатуулгаас хамаарч, тээрмийн хурдыг өөрчилснөөр нунтаглалтыг сайжруулах, гарцыг нэмэгдүүлэх, бүтээмж дээшлүүлэх боломжтой. Зөөлөн хүдэр явсан тохиолдолд их хурдаар эргүүлж, цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Мөн түүнчлэн зөөлөн залгах, зогсоох боломжтой болсноор ган бөмбөлөг болон хуягийн элэгдлийг тодорхой хувиар багасгах боломжтой болох юм. Энэ төсөл бараг гурван жил үргэлжилсэн. Баяжуулах үйлдвэрийн инженерүүд схем, автоматжуулалт, программчлал, угсралт,  тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.  “Оюутолгой”-г эс тооцвол Монголын уул уурхайд ажиллаж буй тээрмүүдээс анх удаа хурдыг нь удирдах боломжтой болгож, өөрчилсөн том төсөл.  Өнөөдрийн байдлаар туршилтын тусгай хөтөлбөр гаргаад технологичид, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран янз бүрийн хурдны горимд нунтаглалт хэрхэн явагдаж байгаа тухай туршилт явуулж байна. Туршилтын үр дүнгээр хурдны ямар горимд хүдрийн ямар хатуулагт хэр ачаалалтай ажиллах тухай технологийн зураглал гарган мөрдөж ажиллах юм.

-Өмнө нь тээрмийн нунтаглалтыг хэрхэн удирддаг байсан бэ? Энэ шинэчлэлд Баяжуулах үйлдвэрийн инженерүүд онцгой үүрэгтэй байсныг та онцоллоо. Үүнийг тодруулбал?

-Ер нь дэлхий нийтийн хандлагаар бол 2000 он гартал тээрмийн хурдыг тогтмол барьж, тээрэмд өгч буй материалаа ихэсгэж багасгах замаар тээрмийн нунтаглалтаа удирддаг байсан. Орчин үеийн Баяжуулах үйлдвэрүүд хурдны удирдлагатай, тээрмийн эргэлдэх хурдыг удирддаг болсон.  Тухайлбал “Оюу толгой”-н  тээрмүүд  хурдны удирдлагатай.  Манайх ч  бас дэлхийн хэмжээний үйлдвэр, технологийн дэвшлээс хоцорч болохгүй. Бид дөрвөн жилийн өмнөөс Швед зэрэг Европын орнуудаас туршлага судалсан. Ингээд 2018 оны сүүлчээр төлөвлөөд, 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлгүүр, давтамж хувиргагч, трансформатор, автомат удирдлагын систем гээд үндсэндээ бүх зүйлийг нь сольсон. Энэ бүхнийг үйлдвэрийнхээ онцлогт нийцүүлэн захиалахын тулд инженеринг, тооцоо, судалгааг Баяжуулах үйлдвэрийн инженерүүд хийсэн. Хөдөлгүүрийн хүчин чадал 4 МВт байсныг нарийвчлан тооцоолсноор 3,6 МВт хангалттай гэсэн дүгнэлтэд хүрч, зоригтой багасгасан. Ингэснээр үнэ хямдарч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ багасаж байна. Баяжуулах үйлдвэрийн инженерүүд тооцооллыг олон жилийн дунджаар гаргаж, зураг төсөл, автоматжуулалт, программчлал хийж, угсралт тохируулгыг удирдан хийлгэж байна. Давтамж хувиргагчийн тохируулгыг л үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу гаднын инженерүүд ирж хийсэн. Угсралтын ажилд Засвар угсралтын цехийн Цахилгааны хэсэг, ӨНХ-ийн цахилгааны алба, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн программистууд, тохируулгын инженерүүд, удирдах бүрэлдэхүүн гээд  зөвхөн цахилгааны чиглэлээр 40-50 хүнтэй бригад ажилласан. Цагаан сараас хойш цаг хугацаатай уралдан, амралтгүй шахам ажиллацгаалаа. Тээрэм  залгаад 10-аад хоног өнгөрлөө. Одоогоор алдаа, дутагдал, буруу зөрүү хийгдсэн зүйл алга. Технологийн туршилтууд үргэлжилж байна.

-Энэхүү ММС-2 тээрэм дэх энэ өөрчлөлтийн үр дүнд цахилгаан эрчим хүчний хэмнэлт багагүй гарах байх?

-Технологи сайжраад бүтээгдэхүүний гарц, бүтээмж нэмэгдэхээс гадна цахилгаан эрчим хүчийг 10 орчим хувиар хэмнэх урьдчилсан төлөв ажиглагдаж байна. Энэ нь тухайн төхөөрөмжийн өөрийн өртгөө нөхөх хугацаа багасна гэсэн үг.

-Шинэ тоног төхөөрөмжтэй нэвтэрч буй энэ цаг үед  ажилтнуудаа сургах ажил хэрхэн явагдаж байна?

-Орчин үеийн техник, технологи нэвтрүүлж байгаа учраас үүн дээр ажиллах боловсон хүчнээ сургах нь зайлшгүй. Засвар үйлчилгээ, тохируулга, программчлал хийх мэргэжилтнүүдийг сургах ажлууд эхэлж байна. Шеф инженер ажлын байран дахь сургалт явуулсан. Нийлүүлэгч талтай тохиролцож, онлайн сургалтууд хийнэ. Мөн энэ жил үйлдвэрлэгч компани руу  2-3 хүн явуулж сургахаар төлөвлөсөн.  Энэ төслөөс өмнө хүмүүсээ сургах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас тоног төхөөрөмж суурилагдсаны араас сургалт явж байна.

-Та инженер, мэргэжилт-нүүдийнхээ ур чадварыг хэрхэн дүгнэж байна?

-Баяжуулах үйлдвэрийн үе үеийн удирдлагууд боловсон хүчнээ сургах тал дээр сайн анхаарч ирсэн. Ялангуяа тохируулгын инженерүүдийг онцолмоор байна. Тэд программчлал, автоматжуулалт, цахилгаан, орчин үеийн хувиргах техник, хүчний электроник гээд хэд хэдэн том салбарын бүх талын мэдлэгтэй,  өндөр чадвартай инженерүүд байдаг. Манай  инженерүүд  гадаадын ямар ч орны мэргэжилтэнтэй ижил хэмжээнд ажиллах чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй чадварлаг залуус. Тэднийг жил бүр үе шаттайгаар сургаж боловсруулж ирсэн. Үүний үр дүнд орчин үеийн техник суурилуулахад асуудалгүй аваад явчих чадвартай гэж үзэж байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.