Гэр бүл, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод тарихыг уриаллаа

0
61

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарьдаг. Энэ жилийн мод тарих өдөр энэ сарын 14 буюу ирэх бямба гаригт тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг  аймгийн ИТХ-аар батлуулсан. Хөтөлбөрт туссанаар Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан билээ.
Бүх нийтээр мод тарих өдрийн талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтнүүд  хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Засаг дарга С.Батжаргалын А/284 тоот захирамжаар  аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цаашлаад гэр бүл, хамт олон, найз нөхдийн ногоон төгөлийг бий болгох зорилгоор Гэр бүл, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 3,2 га талбайд байгуулсан.

Энэ жилийн мод тарих өдрөөр  тус цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл, анги хамт олон, найз нөхдөөрөө мод тарихыг зохион байгуулагчид уриаллаа.  Тухайн өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд 2500-45000 төгрөгийн үнэтэй найман төрлийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах учир газар дээрээс нь худалдан авалт хийх боломжтой юм.
Цэцэрлэгт хүрээлэнг долоон мянган хайлаасаар хашаалж, хамгаалалтын зурвас хийсэн, 2500  ширхэг тарьц суулгац суулгаснаар 90 хувь нь ногоон байгууламж байна гэх мэдээллийг Сумын дундын ойн ангийн дарга Д.Энхбазар өгсөн.  Орхон аймагт 2030 он гэхэд 20 сая мод тарих зорилтодоо хүрч чадвал ойн сангийн талбайг 7.7 хувиар нэмэгдүүлэхээс гадна  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 18.0м2-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.
Мод тарих нь чухал ч гэлээ  тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн том үр дүн. Гэр бүл, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан иргэд  өөрийн тарьсан модоо арчилж, тордохоос гадна Сум дундын ойн анги байнгын арчилгаа, тордолгоог хийх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.