Дэлхийн багш нарын баярын өдөр тохиож байна

0
118

ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран, багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргажээ. Уг зөвлөмж багшийн мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлж өгсөн. Энэ нь хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх эрх зүйн чухал баримт бичигт тооцогддог.

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр (2022.10.05) тохиож байна. Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж ирсэн. Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ. Багш нарын баярын өдрийг өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.

ЮНЕСКО 2022 оны багш нарын өдрийг “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” урианы дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж буй юм.

Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.