ЭЭЛЖИЙН АМРАЛТ АВСАН ШАЛТГААНААР ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ ХОЙШЛОХ ЁСГҮЙГ САНУУЛАВ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Уг хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулсан. Тэрээр шуурхай хуралдааны үеэр төрийн байгууллагын удирдлагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар их засвар хөрөнгө оруулалтын ажил ид өрнөж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төсвийн төсөл гээд чухал баримт бичгүүд боловсруулах шатандаа явж буй. Эдгээрт өндөр ач холбогдол өгч, боловсруулалтыг сайн хийх хэрэгтэй гэлээ. Энэ үеэр хэн нэгэн албан тушаалтан ээлжийн амралтаа авснаас шалтгаалж төлөвлөгөөт ажил хойшлох ёсгүйг төрийн байгууллагуудын удирдлагуудад санууллаа. 
Түүнээс гадна өвөлжит хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж буй. Тиймээс өвөлжилтөд нэн шаардлагатай санхүүжилт, бэлтгэл хангахтай холбоотой шийдвэр гаргуулах бол яаралтай танилцуул гэлээ. Түүнчлэн манай аймгийн малчид Сэлэнгэ аймгийн нутгаас хадлангаа бэлтгэдэг. Энэ үеэр малчдад зөвшөөрөл өгөхгүй байх асуудал үүсдэг. Иймд Жаргалант сумын удирдлагууд тус аймгийн засаг захиргааны байгууллагатай хэлцэл хийж шийдэлд хүрэх хэрэгтэйг онцоллоо.
Мөн  2018 оны төлөвлөлтөд Шанд, Даваат багийн айл өрх, сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний асуудлыг тусгах үүргийг өглөө. Ингэхдээ менежментийн шинэчлэл хийхэд анхаар гэв.
Тэрээр шуурхай хуралдааны үеэр аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх ажл орхигдож байгааг шүүмжиллээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд жуулчдыг татах үйл ажиллагааг бие даан явуулах хүсэлт удаа дараа ирүүлсэн. Үүнийг судалж боломжит хувилбараар шийдэх үүргийг Хууль эрх зүйн хэлтсийн даргад өгсөн юм.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль орчмын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахад төсвөөс 3 сая төгрөг баталсан боловч одоог хүртэл хийгдээгүй байна. Уг ажлыг хариуцсан байгууллагууд ойрын хугацаанд үүнийг хийж гүйцэтгэх хэрэгтэйг Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.
Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 18 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд энэ онд тодорхой ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх онд хийгдэх ажлуудаа төлөвлөлт хийж танилцуулах чиглэлийг өглөө.
Эх сурвалж: ERDENET.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.